Японы алдарт жүжигчин Юи Арагаки болон дуучин, ая зохиогч Ген Хошино нар хуримаа хийхээр болжээ. "Бид бие биенээ дэмжиж, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөж чадна гэж найдаж байна" хэмээн хосууд өөрсдийн агентлагуудын хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Хос хоёр "Түрээсийн эхнэр” гэх олон ангит кинонд хамтран эхнэр нөхрийн дүр бүтээсэн юм. Энэхүү цуврал нь манганаас сэдэвлэн бүтээгджээ. Тус манга цувралын зохиолч Цунами Умино хос хоёрыг бүтээсэн дүр шигээ амьдрал дээр гэрлэхээр болсонд баяр хүргэсэн байна.
Хошиногийн зохиосон “Хайрын бүжиг” хэмээх дуу нь Японд хит болж, “YouTube” сувагт байрлуулсан бичлэг нь 231 сая үзэгчтэй болжээ.Окинава хотод төрсөн 32 настай Арагаки өсвөр насны загвар өмсөгчөөр од болох гараагаа эхэлж байжээ. Тэрбээр олон алдартай кино, олон ангит цувралуудад дүр бүтээсэн чадварлаг жүжигчин юм.
Эх сурвалж: Kyodo news