Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг болон бусад цаг үеийн асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
"С.Зоригийн аллагын сэдэв 26 жилийн турш сөхөгддөг шалтгаан олон бий. Тэдгээрийн нэг нь АН-ын удирдлагад байсан хүмүүсийн байр суурийн зөрүү. Нэг хэсэг нь С.Баярцогт ба түүний нөхөд. "С.Зориг Ерөнхий сайдад дэвших байсан асуудлыг хэлэлцэх ҮЗХ хурал 1998 оны аравдугаар сарын 3-нд болох байсан" гэх.
Нөгөө хэсэг нь Ц.Элбэгдорж ба түүний нөхөд. “С.Зориг нь Ерөнхий сайд болох байсан гэх яриа МАХН-ын гүтгэлэг, С.Зориг Ерөнхий сайд болох ямар ч бодолгүй явсан, өөрөө ингэж ярьдаг байсан” гэх.
Байр суурийн энэ зөрүүнийхээ учрыг олохгүй бол дээрх сэдэв байн байн сэдрээд байх биз. Гэмт аллагын сэдлийг үнэн зөв тогтооход ч энэ нь хэрэгтэй. Тийм учраас АН-ын удирдлага дотроос илүү таних, итгэх С.Баярцогтод хандаад, асуугаад байгаа маань энэ. МАН-ыг, манийг буруутгах амар. Тодорхой асуултанд тодорхой хариулах хэцүү байж мэднэ" гэв.