Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолоор батлагдсан “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журмыг баталсан. Энэхүү журам нь хүнийг хүйсээр ялгаварласан, жендэрийн ялгаварлан гадуурхалт бий болгосон шийдвэр байсан тул хүчингүй болгох шаардлагыг өгч нутгийн өөрөө удирдах байгууллагаас аливаа шийдвэр гаргахдаа Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцид нийцүүлэх, тухайн шийдвэрийн үр дагавар, сөрөг нөлөөллийг тооцдог байхыг анхааруулж, төрийн албан хаагчдын хүний эрхийн болон жендэрийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ талаарх сургалтыг үе шаттай зохион байгуулахыг ХЭҮК-оос даалгажээ.
Тодруулбал, анх бэр болж очсон айлдаа гурваас дээш хүү дараалан төрүүлж өсгөсөн эмэгтэйг хүндэтгэн "Дархан бэр" энгэрийн тэмдгийг олгодог. Гэвч Өмнөговь аймгийн ИТХТ-ийн журамд "Охин төрүүлсэн бол дархан бэрд тооцохгүй" гэж заасан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байв.
Дархан, Уран бэр зэрэг хүндэтгэлийн шагналыг ТББ-ууд тодорхой зохион байгуулалтын хүрээнд олгож ирсэн байдаг.