Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Болормаа: Өөрсдийн арга хэмжээгээ хүндэтгэж, ижил хувцсаар жигдэрсэн эмэгтэйчүүд надаас болж улстөржилтөд өртөж байгаад ХАРАМСАЖ БАЙНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 27 секунд

Цахим орчинд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн улаан дээлээр жигдэрсэн эмэгтэйчүүдтэй хамт авахуулсан зураг цацагдаж, шүүмжлэл дагуулсан. Энэ талаар Э.Болормаа албан ёсоор тайлбар хийжээ. Тодруулбал тэрбээр өөрийн цахим хуудсандаа, "Сошиал ертөнцөөр гэнэт л эмэгтэйчүүдтэй авхуулсан зургийг минь зохион байгуулалттай мэт тал талд тавьж янз бүрээр л шүүмжлэлд өртөж байх шиг байна. Нэг их эмзэглээд байх зүйл үгүй ч албан ёсны тайлбар хэлэх нь зүйтэй байх. Юуны өмнө надаас болж энэ их улс төржилтөд өртөн зураг нь харлуулагдаж байгаа Булган сумынхаа хөдөлмөрч, малчин эмэгтэйчүүдээсээ уучлалт хүсье.

Та бүхний сайхан зохион байгуулсан энэ арга хэмжээнд хоёр жил дараалан оролцож, мэдээлэл өгөх нь миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд энэ сонгуулийн жил ингэнэ чинээ даанч тооцоолсонгүй ээ. Олон суманд хавар малчин эмэгтэйчүүдийн арга хэмжээг сум орон нутгууд зохион байгуулдаг. Манай Булган сум үүнийг уламжлал болгон жил бүр хийдэг.

Аймгийн эмэгтэй Засаг даргын хувьд ер нь болж л өгвөл сумдын эмэгтэйчүүдийн арга хэмжээнүүдэд өөрийн биеэр очиж хүндэтгэл үзүүлэхийг хичээдэг. Монгол улс орон даяар энэ өвөл, хавар амаргүй байсан. Ховд аймгийн хувьд малчдын болон аймгийн бэлтгэл сайн хангагдаж бас байгаль цаг агаар харж ивээсний үр дүнд харьцангуй өнтэй өвөлжиж, хаваржин зун цагтай золгож байна. Тодруулж хэлбэл малын хорогдол 0.9 хувьтай хөдөөгийн аймгууд дундаас хамгийн бага хорогдолтой сайн үзүүлэлттэй байгаа. Мөн өнөөдрийн байдлаар мал төллөлт 72 хувьтай, төл бойжилт 98 хувьтай сайн үзүүлэлттэй байна.

Энэ нөр их хөдөлмөрийн ард малчин өрх, тэр дундаа эмэгтэйчүүд байдаг. Төдийлөн сум, аймаг орж арга хэмжээ, сургалтад орж амждаггүй эмэгтэйчүүд маань хаврын их ажил, мал төллөлтийн дараахан, ямаа самналтын өмнөхөн нэг чуулга уулзалт хийдэг уламжлалтай. Энэ үеэр цаг үеийн мэдээлэл авах, бусад эмэгтэйчүүдтэйгээ туршлага солилцох гэх мэт олон ажил амжуулдаг гэх үү дээ. Хөдөөгийн ахуй, соёлоос хол байгаа хүмүүст иймэрхүү уулзалтууд сонин харагдаж магадгүй ээ. Манай улсын нийт ажиллах хүчний 54 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт ажилладаг, нийт сумдын 85 хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай байдаг юм шүү. Энэ бол бидний өв соёл төдийгүй, нийгэм эдийн засгийн хувьд томоохон салбар. Ийм уулзалтуудаар өмнө тулгарч байгаа бэрхшээл, шийдлүүдээ ярилцах боломж гардаг. За тэгээд жилд нэг удаа болж байгаа чуулга уулзалтад эмэгтэйчүүд маань гоёод ирэх нь мэдээж сайхан. Дэлхийн хаана ч нэг баг, нэг хамт олон ижилсэж бахархдаг шүү дээ. Олимпын тэмцээнд ч улс орнууд ижилсэж бид бахархан харж суудаг шүү дээ. Тэрнээс би ч юм уу төр засаг ингэж хувцасла тэгж хувцасла гэж байгаа зүйл үгүй.

Тийм цаг хугацаа ч өнгөрсөн.

Харин өөрийн дураар ижилсэж байгаа хүмүүсийг бид шүүмжлэх нь өөрөө хүний эрх, эрх чөлөө, ардчиллын мэдрэмжгүй байх гэж хувьдаа бодож байна.

Сонгуулийн жил ийм аймар улс төржиж, Монгол ахуй руугаа, эмэгтэйчүүд рүүгээ ингэж дайрна гэж төсөөлсөнгүй.

Уул нь яг адил арга хэмжээн дээр эрэгтэй дарга, сайд нар оролцоод нээх сүртэй шүүмжлүүлээд байхгүй л байх шиг байна. За тэр ч яах вэ, эмэгтэй улс төрч хүний туулдаг л зам юм байлгүй. Харин ирээдүйд бусад залуу эмэгтэйчүүд ийм дайралтад битгий өртөөсэй л гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ижилссэн хувцастай хүмүүстэй битгий зураг авхуулаарай гээд зарим хүмүүс зөвлөөд байна. Аймгийн анхны эмэгтэй Засаг дарга гэж намайг тоож зураг авхуулъя гэсэн эмэгтэйчүүдтэй ямар ч хувцастай байсан хамаагүй зураг авхуулна л гэлээ.

Улс төр, ПР, имиджийн хувьд зөв ч юм уу буруу ч юм уу бүү мэд. Эцэст нь хэлэхэд, өвөл хаврыг өнтэй давж, зуны дэлгэр цагтай золгож буй нийт Монголынхоо малчин эмэгтэйчүүддээ чин сэтгэлээсээ мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сангийн дансыг нээж, дундаж давхаргыг тэлэх тогтолцоо бүрдлээ
Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сангийн дансыг нээж, дундаж давхаргыг тэлэх тогтолцоо бүрдлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.