Зургаан жилийн өмнө буюу 2018 онд “Монголын уран зургийн галлерей”-аас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их тэнгэрийн аманд байрлуулсан уран зургуудад тооллого хийхэд 21 ширхэг уран зураг дутсан хэрэг гарсан. Эл хэрэгт хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа хийж байсан боловч тухайн үед шийдэгдэж чадалгүй намжиж орхисон.
Тэгвэл уран зураг алдагдсан гэх энэ хэргийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн яллагдагчаар татагдаад буй С.Зориг агсны хэрэг болон "Ачит Ихт" ХХК-д холбогдох хэрэгтэй цуг сэргээн шалгахаар болжээ. Учир нь өчигдөр буюу тавдугаар сарын 7-нд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарын нэр болон ажлын байран дээр нэгжлэг хийсэн байна. Ингэхдээ Х.Болдбаатарын эзэмшлийн Монгол арт галлерейгаас 60 орчим уран зургийг хураан авсан ба тэр дунд нь тооллогоор дутсан хулгайд алдагдсан уран зураг, урлагийн бүтээлүүдийн нэрийг нь өөрчлөн өөр дээрээ нуун хадгалж байсан нь илэрчээ.