Нийслэлд бороо орсны улмаас өнөө өглөө замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлээд буй. Иргэдийн дунд "1-2 цаг явж ажил, хичээлдээ ирлээ" гэх яриа байгаа юм.
Тэгвэл энэ талаар ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодруулахад, "Өглөө Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам бүхэлдээ ачаалал авсан. Хөдөлгөөн зохицуулалт хийсэн учраас одоогийн байдлаар харьцангуй сийрэг болсон. Харин Богд уулын арын замын ачаалал ӨНДӨР байна. Гэрэл дохио саатсан эсвэл зам тээврийн осол гарсан явдал байхгүй" гэв.
Түүнчлэн, бороо орохоор замын ачаалал яагаад нэмэгддэг талаар тодруулахад, "Бороо орохоор автомашинаа ашиглах иргэдийн тоо эрс нэмэгддэг. Яагаад гэвэл бороо, ус ихтэй үед орох газрынхаа үүдэнд буух шаардлага үүсдэг учраас энэ асуудал үүсэж байна" гэлээ.