УУР: “Хоол идэж байхад дуугүй байгаач, гарч хэрэлд“ гэсний төлөө хөлөнд нь хутгалжээ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
11 минут 28 секунд

Одоогоос таван жилийн өмнө Европын автомотив групп 100 хотоос мэдээлэл цуглуулан, жолоодлогын индекс боловсруулахад хамгийн ууртай, бүдүүлэг жолоочтой хотоор Улаанбаатар тодорсон байдаг. Дан ганц жолоочид гэлтгүй Монголчууд ер нь л ууртай.

Автомашины зогсоол булаацалдаж нэгнээ зодож хөнөөнө, муухай харлаа гэж хоорондоо зодолдоно эсвэл хамт архидаж байгаад муудалцаж нэгнээ гэмтээнэ.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт зодолдох, танхайрах болон гэр бүлийн хүчирхийлэл хамаардаг. Уг гэмт хэрэг 2021 онд 7637, 2022 онд 9325 болж нэмэгдсэн бол 2023 онд 7400 болж буурчээ. Нийт гэмт хэрэгт холбогдогчдын 26.9 хувь нь 18-24 насны, 16.8 хувь нь 25-29 насны залуучууд байна. Статистикаас харвал, энэ төрлийн хэргийн 88 хувь нь уураа тэвчээгүйгээс үүдэлтэй.

"Хоол идэж байхад дуугүй байгаач, гарч хэрэлд" гэсний төлөө хөлөнд нь хутгалжээ

Нэгэн жишээ дурдъя. 2019 онд Баянзүрх дүүрэгт гарсан хэрэг.

Иргэн Т нь 2019 оны наймдугаар сард архи уусан үедээ Улиастайн хуучин эцэст байрлах цайны газарт иргэн Б-тай маргалдан заамдаж газарт унагаан зүүн хөл рүү нь хутгалсан буюу бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүхээс Т-д 500 мянган төгрөгөөр торгох ял оноосон байна.

Т нь хэрэг гардаг өдөр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ "Эхнэрийн ажил болох Улиастайн хуучин эцсийн цайны газарт очоод эхнэрээсээ утсаа авах гэтэл “Хүүхэд аваад явсан” гэж хэлэхээр нь уур хүрээд эхнэртэй маргалдсан. Тэгэхэд тухайн цайны газар хоол идэж сууж байсан 40 орчим насны залуу босож ирээд “Хоол идэж байхад дуугүй байгаач, гарч хэрэлд та хоёр” гэж хэлэхээр нь би “Чамд ямар хамаатай юм” гэж хэлээд муудалцсан.

Тухайн үед би үнэхээр уураа барьж дийлэлгүй Б-г хутгалсан" гэжээ.

Харин хохирогч Б "Цайны газар цээж нүцгэн залуу эхнэртэйгээ маргалдаж орилоод байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандан “Чимээгүй байгаач, тайван хоол идмээр байна...” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу намайг хоёулаа гадаа гаръя гэсэн. Тэгээд гараад намайг заамдаж газар унагасан. Би босож иртэл миний зүүн хөл рүү хутгалсан байсан. Би автобусанд суугаад цагдаа дээр ирсэн" гэж мэдүүлжээ.

Хэрчсэн гурилнаас болж эхнэрээ зоджээ

Өөр нэг хэрэг. Иргэн Ч хоол хийж байгаад “Гэрт гурил байхгүй байна, Чи дэлгүүрээс хэрчсэн гурил авчихад яадаг юм бэ?” гэж хэлэхэд нөхөр Б нь “Чи надаас илүү цалин авдаг биз дээ” гэж хэлээд нүүр рүү нь цохижээ.

Б нь цагдаагийн байгууллагад "Би уураа барьж дийлэлгүй эхнэрээ зодсон" гэж мэдүүлсэн байна.

2019 онд барилга дээр ажилладаг нэгэн залуу ажлаа тарж гэртээ ирээд хооллох гэтэл хоолны давс нь багадсан учраас тэр агшинд уур нь хүрч эхнэр рүүгээ утсаа шидсэн хэрэг гарсан. Утас эхнэрийнх нь нүдийг онож, улмаар сохорсон. Ингээд эхнэр нь насан туршдаа харааны бэрхшээлтэй болж, нөхөр нь найман жилийн ял сонссоноор тэр гэр бүл ийнхүү сүйрч, үр хүүхдүүд нь сэтгэлдээ үүрдийн хар толботой хоцорчээ. Мэдээж тэр залуу эхнэрийнхээ нүдийг оноод сохолчихно чинээ санаагүй, ялтан болчих юм ч гэж төсөөлөөгүй байх.

Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн олон нийтийн газар танихгүй хүмүүсийн дунд үйлдэгддэг

Өмгөөлөгч Б.Хонгорзул:

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн олон нийтийн газар үйлдэгддэг. Гэмт хэрэг үйлдсэн сэдлийг нь харахаар уураа барьж чадаагүйгээс болдог. Бусадтай харилцаанд ордог цэгүүдэд энэ төрлийн зөрчлүүд илүү их гардаг. Хэрэв уураа барьж чадсан бол залуус байнга цагдаа, шүүхийн үүдэнд суух шаардлагагүй. Одоо бол нэг үг хэлэхэд л зодолдох хэмжээнд хүрч байна. Урдуур шахлаа гээд машинаасаа буугаад зам дээр зодолдсон тохиолдол ч гарсан. Баарны үүдэнд тамхилаад зогсож байсан залуус нэгнээ муухай харлаа гээд зодолдоод хамрыг нь хугалчихсан байх жишээний. Зодсон хүнээр хамрын хагалгааны мөнгө, зодуулсан хүний ажилгүй болсон хоногууд зэрэг маш олон төрлийн хохирлыг төлүүлсэн.

Хамрын хагалгаа хамгийн багадаа 4 сая төгрөг, шүд цуурч эмтэрвэл 1 ширхэг нь 1.3 сая төгрөг болдог.

Эхнэрийнхээ төрсөн өдрөөр рестораны гадна зогсоол булаацалдаад нөгөө хүн нь эхнэрийг нь доромжлохоор эхнэрээ өмөөрөөд нөгөө хүнийг өвдөглөөд нүдэндээ хөнгөн гэмтэл авсан. Нүдний торлог бүрхэвч гэмтвэл 4 сая төгрөг болдог. Уураа барьж чадаагүйгээс болж олон залуус насаараа ял эдэлж байсан гэх хөр мөртэй явж байна. Торгох гэдэг чинь ял шүү дээ. Үүнээс гадна зодуулсан хүний эмчигээний төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохирлыг төлнө.

Цалингийн доод хэмжээг 5-13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний сэтгэл санааны хохирол төлдөг.

Миний хамгийн сүүлд ажилласан кейс дээр гэхэд 10 сая төгрөгийн хохирол төлсөн.Үүн дээр сэтгэл санааны хохирол нэмэгдэхээр хамгийн багадаа 15 сая төгрөг болдог. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс ганцхан өгүүлбэр л хэлдэг. Тэр нь "Тухайн үед уураа барих минь яав даа" гэдэг. Хувийн харилцаатай гэхээс илүү дандаа л танихгүй хүмүүс байдаг.

Монголчууд бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох эмпати сул

Сэтгэл зүйч Б.Жавзан:

-Монголчууд миний амьдрал нэг хүнээс хамааралтай гэдгийг ерөөсөө ойлгодоггүй. Зүгээр л тал дундуур морьтойгоо давхиж байгаа юм шиг яваад байгаа юм. Суурин соёл иргэншилтэй болно гэдэг бол нэг хүний амьдралаас нөгөө хүний амьдрал салшгүй холбоотой болохыг хэлнэ. Тиймээс бие биедээ сайхан сэтгэлээр хандах, бие биеэ хараад инээмсэглэх, баярлалаа, уучлаарай, та гайхалтай байлаа, үйлчилгээ сайн байлаа гэж хэлж сурах учиртай.

Монголчууд бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох эмпати сул. Бие биеэ урамшуулдаггүй, дэмждэггүй. Энэ нь бидний хандлагын хамгийн буруу жишиг. Дэмждэггүйн наад захын жишээг жолоочдын харилцаанаас харж болно. Нэгнээсээ өрсөж, урдуур нь дайрах нь элбэг. Бид бие биеэ урамшуулж байх ёстой. Нийгмийн сэтгэл зүйг анзаарахад урмаар дутдаг, нэлээд ганцаардмал хүмүүс болсон.

Бид яах гэж энэ таван мэдрэхүйгээр оршоод байгаа юм бэ. Аливаа зүйлийн сөргийг нь биш эергийг нь шилж сонгож хар л даа. Хүний анхаарал, танин мэдэх процесс өөрөө шилж сонгох шинж чанартай. Тэр олон шилж сонгох зүйл дотроосоо заавал сөргийг нь битгий шилж хар. Энэ олон объект бүгдээрээ таны хараанд өртөхгүйтэй адил танд зөвхөн шилж сонгогдсон зүйл чинь л харагдана. Тэрийг нь зөв олж харахыг хичээгээд үзээрэй. Иймд сөрөг сэтгэл хөдлөлөө дарж, зөв зүйлээ шилж сонгож харж чадвал сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай.

Уур хүрвэл дотроо 10 хүртэл тоол

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Их эмч Ж.Гантулга:

-Уур бухимдал гэдэг нь сэтгэлээр унах, өвдөх, ямарваа нэгэн юмнаас залхах буюу тааламжгүй байдалд өгдөг сэтгэлийн хариу урвал юм. Уурыг бид удирдаж, хянах боломжтой. Хэрвээ уур бухимдлаа бусад руу гарган илэрхийлж байгаа бол энэ нь бухимдлаа буруу аргаар тайлж буй хэлбэр бөгөөд түрэмгийлэл болно.

Уур бухимдлыг илэрхийлдэг 3 хэлбэр:

  1. Гадагш - Тухайн бухимдсан хүн буюу эд зүйл рүү шууд өөрийн уур бухимдлаа гаргах
  2. Дотогш - Уур бухимдлаа дотроо тэвчих буюу барьж хадгалах
  3. Дам - Өөрт нь тааламжгүй байгаа зүйлс өөрт нь хамааралгүй боловч бусад руу дам байдлаар гаргах.

Тиймээс уурлаж, бухимдсан үедээ дотроо 10 хүртэл тоолох, тухайн орчноос холдох, өөрийгөө эсрэг хүнийхээ оронд тавьж эргэцүүлэх нь хамгийн чухал.

Уур уцаараас үүдэлтэй нэг цохилт хамгийн багадаа 1 сая төгрөгөөр үнэлэгддэг

Өнгөрснийг буцааж болох биш нэг нь шороонд, нөгөөх нь шоронд эсвэл бүх зүйл өнгөрсөн хойно л “Би үнэхээр тухайн үед уураа барьж чадсангүй, Хэрэв тэр үед тэвчсэн бол” гэж халаглан, харамсан ярьцгаадаг аж.

Өмнө нь хөнгөн гэмтэл учруулсан бол яллагдагч, хохирогч хоёр эвлэрвэл хэргийг хэрэгсэхгүй болгодог байсан. Гэхдээ 2017 оны долдугаар сарын нэгнээс бүх гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгддэг болсон юм. Өөрөөр хэлбэл, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулбал хамгийн багадаа 450 мянгаас хоёр сая долоон зуун мянган төгрөг хүртэл торгох ялаар шийтгүүлж, эмчилгээний зардлыг төлүүлдэг болсон.

Уур уцаараас үүдэлтэй нэг цохилт хамгийн багадаа нэг сая төгрөгөөр үнэлэгддэг аж.

Хэрвээ хүнд гэмтэл учруулбал 2-12 жил хүртэл хорих ялтай. Улмаар залуус хэдхэн хормын уураа тэвчээгүйн улмаас насаараа гэмт хэрэг үйлдсэн гэх хар толботой явцгааж байна.

Tuyana: Өнгөө зөв тодорхойлж, имижээ бүрдүүлж чадсан хүн өөрийгөө ТӨГС бүтээдэг
Tuyana: Өнгөө зөв тодорхойлж, имижээ бүрдүүлж чадсан хүн өөрийгөө ТӨГС бүтээдэг
 
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!