Амьдрал гэдэг сонин шүү. Бас тааварлашгүй. Тэр дундаа бүсгүй хүний амьдралыг бүр ч таахын аргагүй юм. Өрөвдмөөр ч юм шиг...
Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн "Анна Каренина" жүжгийн шинэ тавилтыг тухлан соёрхов. Улсдаа ганц гэгдэх УДЭТ 60 гаруй жилийн дараа их засвар хийж, энэ сарын эхний өдөр тус жүжгээр "УЛААН ХӨШИГ"-өө нээв. Жүжгийн зохиолыг урьд нь унших нь битгий хэл үйл явдлыг нь ч сонсож байгаагүй тул бас шинэхэн Аннаг ч сонжих хүслээр УДЭТ-ийг зорьсноо нуух юун. Магадгүй хүн бүр л шинэхэн Аннатай танилцахыг хүсэж буй байх. Гэхдээ тэр бол шинэхэн биш Жинхэнэ Анна...
Сэтгэгдлийн эхэнд зохиолын агуулга гэхээс илүүтэй шинэ, залуу жүжигчдийн ур чадвар, авьяас билгийг цохон тэмдэглэмээр байна.
Учир нь "Анна Каренина"-ын дүрийг 20 гаруйхан настай залуу жүжигчин О.Хонгорзул амилууллаа. Ямар ч ихэмсэг юм, ямар ч сэтгэл татам юм, яасан ч чадварлаг юм. 20 гаруйхан настай охин өөрөөсөө хэд дахин эгчмэд бүсгүйн дүрийг тийм чадварлаг, тийм нандин гаргана гэдэг гайхалтай. Бахархмаар. Хэр баргийн жүжигчнээс тийм ур чадвар гарахгүй л болов уу. Зовж байгаа нь, шаналж байгаа нь, хайрлаж байгаа нь, харамсаж байгаа нь бас айж байгаа нь яг л үнэн мэт.
Аннагаас гадна бас нэгэн дүр сэтгэлд эрхгүй тодоор үлдэв. Тэр бол Залуу жүжигчин Ц.Цэлмэгийн бүтээсэн Кити Щербацкая-ийн дүр. Үнэхээр л Кити гэх залуухан бүсгүй яг л тийм энхрий, зөөлөн, гэнэн томоогүй бүсгүй байх. Харц нь, харамлаж байгаа нь, хайраас болж шаналж байгаа нь ямар өрөвдөлтэй гэж санана. Хайртай залуугаа бусдад алдах ч зөв хүн гарч ирэх цагт зөв замаар алхсанаа ухаарч байгаа нь хичнээн сэтгэл татам гэж бодно. Ийм л залуухан хоёр бүсгүй энэ жүжгийн утга учир болж басхүү шинэ үеийн залуу жүжигчид ямар чадварлаг гэдгийг өөрсдийнхөө авьяасаар батлан харуулав.
Түүнээс гадна жүжигчин Т.Сэргэлэнг дурсахгүй өнгөрч чадахгүй нь. Тэр бол энэ үеийн шилдэг жүжигчин. Ихэмсэг бардам, эрэлхэг дайчин гээд түүнийг магтвал магтаад л баймаар. Яг л жүжигчин хүн ийм л байх ёстой гэх бодолд бүрэн тэнцэх жүжигчин мөнөөс мөн.
Харин одоо жүжгээс төрсөн сэтгэгдлээ хуваалцъя. Анна Каренина бол ганцхан бүсгүйн төлөөлөл биш. Тэр олон бүсгүйг төлөөлөх мэт. Учир нь,
Эмэгтэй хүний эелдэг зөөлөн сэтгэл, ихэмсэг ялдам ааш, эр хүнийг татах увидас гээд бүх л сайхан чанар түүнд бий. Гэвч тэр жаахан тэнэг. Хайр сэтгэлээс болж ирээдүйгээ төсөөлж ч чадахгүй болсон тэнэг. Гэхдээ тэр үүнийг хүсээгүй л дээ. Гэнэт л хайрлагдаад эхлэхээр, жинхэнэ хайрыг мэдрээд л ухаанаа алдчихсан тэнэг.
Яг ийм амьдралыг үзсэн олон бүсгүй бий тул зөвхөн түүний дүрээр олон мянган бүсгүйд ухаантай байхыг сануулах гэсэн мэт. Магадгүй зохиолч үүнийг л хүссэн байх. Дахин нэг ч бүсгүй хайраас болж бүү сохроосой, ирээгүйгээ, хувь заяагаа битгий гэмтээгээсэй хэмээн халагласандаа л энэ зохиолыг бичсэн болов уу.
Бас энэ зохиолоор хүн гэдэг ямар аймшигтай араатан бэ гэдгийг харж болно. Яг л ижилхэн хоёр хүн хайрлаж, дурлалцсан атал адаг сүүлд нь зөвхөн эмэгтэй хүний л буруу болж төгсдөг харамсалтай жишээг мэдэрч болно. Бүгд л бүсгүйн буруу мэт шоолон инээж, бүгд л нүднийхээ булангаар жигшин харна. Бас хэрхэн зовж байгааг нь мэдэхээр чихээ сортойлгон, хов жив сонсохоор соотолзоно.
Харамсалтай нь ийм үед бүсгүй хүнд өөрөөс нь өөр хэн ч үгүй юм байна. Өрөвдмөөр, өмтөрмөөр. Тийм л гунигтай. Тийм ч учраас энэхүү жүжгийг эмэгтэй хүн бүр үзээсэй, хувь заяагаа ирээдүйгээ хайраас болж бүү сэвтээгээсэй хэмээн хүснэм.