Монгол Улсын ардын эмч, Анагаах ухааны доктор Ж.Хатанбаатар ИЛ ЗАХИДАЛ илгээжээ. ИЛ ЗАХИДАЛД:
Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр ээлжит мэдэгдлээ хийжээ. Тэрбээр “Ж.Хатанбаатар гэж эмчийн өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг цэгцэлж дуусгана. НЗДТГ-ын харьяа Элэг судлалын төв юм бол төвийн даргыг би томилъё. Эзэн нь юм аа мэдэж эрэг нь усаа хашъя. Элэгний төвийн хоёр корпусын нэгийг нь хүүхдийн эмнэлэг болгох төлөвлөлтийг Булган дарга оруулж ир. Нөгөө корпусыг нь элэг судлалын хамгийн сүүлийн мэргэжлийн баг хамт олон менежмент удирдлагыг нь хэрэгжүүл. Одоо энэ мэт өмчийн асуудал дээр нялцагнаад яваад байж болохгүй” гэв.
Сүүлийн нэг сарын турш хотын дарга Х.Нямбаатар нь энд тэнд очиж, Ж.Хатанбаатар эмчийн авсан өмч хөрөнгө гэж удаа дараа ярьсан. Хариуд нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн хамааралд байгаа эмнэлэг сувилал, эмийн үйлдвэрийн бүх объектууд Нийслэлийн Засаг даргын харьяанд байгаа” гэдгийг бид байнга хэлж сануулж ирсэн. Харин хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2024 05 06/ “Би эзэн нь, би шийдвэр гаргана” гэлээ. Ингэснээрээ хотын дарга өмнө нь Ж.Хатанбаатарын авсан 10 обьект гэж худлаа мэдээлэл тараасан гэдгээ дарга өөрөө нотлов.
Бас “Ж.Хатанбаатар гэж эмчийн өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг цэгцэлж дуусгана” гэж Х.Нямбаатар дарга хэлснээ цахим орчинд идэвхтэйгээр тарааж байна. Ингэж дуусгах гэж байгаа бол Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр явагдсан Менежментийн гэрээтэй холбоотойгоор Улсын дээд шүүхийн гаргасан шийдвэрийг татан авч танилцаад УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлнэ үү.
УИХ, Засгийн газар, НИТХурлын тогтоолуудаар хуулийн дагуу Менежментийн хувьчлал явагдаж дүгнэсэн байхад, удирдлагыг удирдах зөвлөлөөс томилдог, харин хот дангаараа шийдвэр гаргах эрхгүй. Тийм учраас та гаргах шийдвэрээ, зүй зохистой хууль ёсны дагуу гаргана уу. Эцэст нь Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн нь шүүхийн танхим биш гэдгийг тэмдэглэх нь зүйд нийцнэ.
Монгол Улсын ардын эмч, Анагаах ухааны доктор Ж.Хатанбаатар
Улаанбаатар хот 2024 05 06