Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн дараахаа бодсон, “Женко“-д ашигтай, Ерөнхийлөгчтэй зөрчилдсөн Л.Оюун-Эрдэнийн ДОВТОЛГОО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 17 секунд

Сонгууль бүрийн өмнө улс төр халдаг. Харин энэ сонгууль Ц.Элбэгдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын “зодооноос” өөр бусдаар харьцангуй тайван өрнөж байна. Учир нь сонгуулийн холимог тогтолцоо ихэнхдээ намуудыг санал хураалтын дараа хамтарсан засагт оруулах хэмжээний үр дүн үзүүлдэг. Нөгөө талаас намуудын олон нийтээс авч буй дэмжлэг ч ойрхон байгаа зэрэг нь Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр, Д.Доржханд гуравт сонгуулийн дараа эргээд уулзах нүүр үлдээх зайлшгүй даалгавар үүсгээд буй юм.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ямар шалтгаанаар Ц.Элбэгдорж тэргүүтэй нөхдүүдийг онилж, хаврын улс төрийг С.Зоригийн хэрэг, “Ачит Ихт”-ийн асуудлаар эхлүүлсэн бэ гэдэгт хамтдаа хариулт эрье.

НЭГ, МАНАН бүлэглэлтэй хийх тэмцэлд нь ШИНЭ АНГИ хэрэгтэй байна

Ц.Элбэгдорж, М.Энхболд тэргүүтэй улстөрчидтэй анх үзэлцэж гарч ирсэн Л.Оюун-Эрдэнийн хувьд эхэлсэн ажлаа дуусгах нь чухал. Нам доторх М.Энхболдын талынхан нь сарниад удсан. Ерөнхий сайдтай бодитоор халзагнах том хүч Ардын намд өнөөдөр байхгүй. Мөн өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт”, Хөтөл, Дарханы төмөрлөг тэргүүтэй хэргүүдийг шийдэх гэсэн авлигын тэмцэл нь шүүх дээр нуран унасан. Тиймээс сонгуульд хэлэх үгтэй орох хэрэгцээ шаардлага түүнд бий. Дээр нь энэ удаагийн сонгууль бол Ерөнхий сайдын цаашдын улс төрийн карьерыг шийдэх хамгийн чухал сонгууль. Ялагдвал нам доторх “авлигач” гэж зарлагдсан нөхдүүд, албан тушаалын гомдогсод бүгд араа шүдээ хурцлаад сууж буй. Гадна талд нь бизнес, улс төрийн бүх эрх мэдлээ алдсан МАНАН-гийн гэх тодотголтой нөхдүүд зөвхөн сэлэм сугалах цагаа л хүлээж байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнэд all in хийгээд орохоос өөр сонголтгүй.

Нэмж хэлэхэд Ардын нам доторх Ч.Хүрэлбаатар, Д.Амарбаясгалан гэдэг хоёр том хүч сонгуулийн өмнө ямар ч байсан нүүрс, гадныханд газраа өгөх гэж байна гэдэг асуудалд холбогдож “нус” наалгачихаад сууж байна.

ХОЁР, Ц.Элбэгдорж ч, Х.Баттулга ч АН-д жин дарахаа больсон

Ц.Элбэгдорж, Б.Хурц тэргүүтэй нөхдүүдийг бай болгож сонгож авсан дахиад хэд хэдэн шалтгаан бий. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан сонгуулийн дараа хамтрах асуудал яригдахыг үгүйсгэхгүй. Дүрмийн дагуу бол Ерөнхий сайд гол өрсөлдөгч нам руугаа ямар нэг алхам хийх ёстой. Энэ алхам нь шууд Лу.Гантөмөр, эсвэл АН-ын цөм болсон О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нарын фракц руу дайралт хийхээс холуур өрнөх шаардлага үүсэв. Тиймээс л тэднээс холуур тойрч Ц.Элбэгдорж нарыг сонгосон хэрэг. Улс төр талаас харахад энэ нь ч зөв нүүдэл.

Яагаад гэвэл олон нийтэд Ардчилсан нам л гэж харагддаг, өөрт нь ямар ч ойлголцох орон зай үлдээгүй “бай”-г сонгох ёстой. Ерөнхийлөгчөөр хоёр удаа АН-аас сонгогдсон, Ардчилсан хувьсгалын тэргүүн фронтод явж ирсэн Ц.Элбэгдорж бол шууд утгаараа Ардчилсан нам л гэж харагдана. Ц.Элбэгдорж, С.Баярцогт хоёр муухай харагдвал Ардчилсан нам муухай харагдана. Өөрөөр хэлбэл, хувийн улстөрөөс гадна ардаа шууд бус утгаараа өрсөлдөгч Ардчилсан намаа сонгуулийн өмнө муухай харагдуулж буй нүүдэл юм.

Өөр нэг анзаарах ёстой чухал өнцөг байгаа нь улс төрийн хүрээнд Ардчилсан нам доторх яг өнөөдрийн хүчний харьцааг зөв тооцож чадаж байгаа хүн бараг алга. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын фракц өнөөдөр Ардчилсан намд төдийлөн том орон зай эзлэхгүй. Тодруулбал, АН дотор өнөөдөр хоёр том хэсэг хүчтэй оршиж байна. Эхнийх нь “Нэг Монгол” буюу бүлгийн дарга О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Н.Ганибал, Ц.Туваан зэрэг бүлгийн гишүүдийн ихэнхийг оруулсан фракц. Хоёр дахь том нь Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин зэрэг АН дотроо төдийгүй нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчдийг багтаасан фракц. Өөрөөр хэлбэл, энэ хоёр фракц ҮБХ дотроо Ц.Элбэгдоржийн, Х.Баттулгын талуудаас хамаагүй илүү хүчтэй гэсэн үг. Мөн энэ хоёр фракцыг нэгтгэж буй үнэт зүйл нь улс төрөөс ах нарыгаа шахаж гаргах бодлого тул одоохондоо өөр хоорондын тэмцэл үгүй юм. Намын дарга Лу.Гантөмөрийн хувьд энэ хоёр фракц дээр тулгуурлаж улс төрийн нүүдэл, нэр дэвшүүлэлтээ хийх нь ойлгомжтой.

Хамгийн сүүлд нам дотроо аль нэг талд орохгүй байдлыг ажиглаж байсан С.Эрдэнэ хөдөлж С.Баярцогт тэргүүтэй Ц.Элбэгдоржийн талыг бараадсан. С.Эрдэнийг нөгөө хоёр том фракц нь төдийлөн сонирхохгүй байсан тул ганцаардах эрсдэлээс зугтаж үеийнхэн рүүгээ очсон байх магадлалтай. С.Баярцогт тэргүүтэй 60, 70-аад оны ах нарын нэгдэл ч “Женко” талаас л томорч, өргөжиж байвал хэрэгтэй тул С.Эрдэнийг хүлээж авсан хэрэг юм. Харин “Женко”-гийн хувьд намаасаа хотод Баянзүрх, хөдөөд Хангайн бүсээс өөр бүсэд хүмүүсээ нэр дэвшүүлэх эрх авсан. Өөр бүс авах боломжгүй гэдэг нь бараг ойлгомжтой болоод буй. Өөрөөр хэлбэл, АН доторх улс төрийн ерөнхий том хүчний харьцаа нэг иймэрхүү зураглалтай харагдаж байна. Тиймээс л Ерөнхий сайд хамгийн хүч багатай, өөрийнх нь эртний дайсан Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарыг дэгээдэн авсан билээ.

ГУРАВ, Ц.Элбэгдорж, С.Баярцогтын талыг АН-аас шахах нь Л.Оюун-Эрдэнээс гадна “Женко”-д ашигтай

Ц.Элбэгдорж, Б.Хурц, С.Баярцогт нарыг довтолсон зохиолтой киног найруулж тавихад хамгийн ихээр баярлаж байгаа өөр нэг хүн бол Х.Баттулга. Эртний өрсөлдөгч Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар нь нийгэмд муухай харагдахаас гадна дээр өгүүлсэн АН доторх хоёр жижиг фракцын нэг нь хүчгүйдэх нь Х.Баттулгын талынханд ашигтай. Нэр дэвшилт, сонгуулийн дараах шийдвэр гарах үйл явцад тэд илүү үнэтэй болно гэсэн үг. Тиймээс л тэдний зэвсэг нэг хүнийг зэрэг онилоод буй хэрэг. Үүнийг нь мэдсэн учраас С.Баярцогт тэргүүтэй Ц.Элбэгдоржийн талынхан тэр даруйд хүчээ зузаатгаж С.Эрдэнэ, Ардчилсан хүчний холбоог өөрсдөдөө нэгтгэж “Гранд Монгол” нэгдлийг бүрдүүлж ҮХБ-ны гишүүд, намын даргадаа “Бид Х.Баттулгын талаас илүү шүү” гэдгээ харуулж буй юм.

ДӨРӨВ, Ах дүүсийн зөрчил Ц.Элбэгдорж дээр хүртэл гарч байна

МАН дотор чимээгүй өрнөж буй өөр нэг үл ойлголцол бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын зөрчил юм. Зөрчил эхлээд удчихсан. Одоо бараг тэнгэрт тулахын өмнөх шатан дээрээ яваа гэхэд хилсдэхгүй. Л.Оюун-Эрдэнийн өшиглөж унагасан болгоныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэвэрч аваад буй нь улс төрд өрнөж буй үйл явдлуудаас тодхон харагдаж байгаа. С.Баярцогт гэхэд л Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр буцаад улс төрд гарч ирсэн. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон бичгээ Ерөнхийлөгчийн томилгоог нь мэддэг прокурорын байгууллагаас авсан тэр цагаас л энэ хардлага улс төрд хөвөрсөн. Магадгүй Ерөнхий сайд энэ үеэс л Ерөнхийлөгчтэй зам салахаа улам бүр ойлгосон биз.

Өөрөөр хэлбэл, С.Баярцогт тэргүүтэй Ц.Элбэгдоржийн талынханд Ерөнхийлөгчийн институт нууцхан дэмжлэгтэй яваа нь Ерөнхий сайдыг сонгуулийн өмнө тэднийг онилоход нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл юм.

Мөн шинээр байгуулагдсан эвсэл хүртэл Ерөнхийлөгчтэй харилцаатай байгаа гэх улс төрийн хардлага өрнөөд удсан. Эсрэг талуудынхаа сонгуулийн байж болохуйц мөнгөн урсгалуудыг шууд тасалж, хурааж авсан нь ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Ардын намынхан мөнгөтэй сонгууль хийж, бусад нам, эвслүүд сонгуулийн мөнгө босгохоос ч жийрхэж эхэллээ. Товчхондоо, Ерөнхий сайд all in хийж байна.

Цэрэг татлага өнөөдөр дуусна
Цэрэг татлага өнөөдөр дуусна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.