Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазарт тавьсан занга буюу ногоон автобусны хэрэг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 45 секунд

Хотын дарга асан Д.Сумъяабазар хагас жилийн дараа ажлаа өгсөн шалтгаан болох ногоон автобусны талаар ам нээлээ. Тэрбээр энэ хугацаанд гэрчийн мэдүүлэг нэг удаа өгчээ. Энэ үеэрээ ногоон автобустай холбоотой дараах зүйлсийг мэдсэн байна. Нэгдүгээрт, 2023 оны улсын төсвийг 2022 оны 11-р сарын 11-нд баталсан байтал үүнээс ердөө долоо хоног хүрэхгүй хугацааны дараа буюу тус сарын 17-нд “Тэнүүн-Огоо” компанийнхан автобус авах эхний гэрээг “Daewoo”-тэй хийсэн байж. Хоёрдугаарт, 12-р сарын 14-нд хоёр дахь гэрээг “Skywell”-тэй хийсэн байна. Өөрөөр хэлбэл, улсын төсөв батлагдаад удаагүй, тендер зарлаагүй байхад “Тэнүүн-Огоо”-гийнхон автобус авахаар гэрээ байгуулна гэдэг бол тэд ямар ч хаалтгүйгээр автобус оруулж ирнэ гэдгээ мэдэж байсан. Тэдний ард том эрх мэдэлтэй хүн байна гэсэн үг юм. Харин Д.Сумъяабазар энэ гэрээнүүдийн талаар огт мэдээгүй бөгөөд арванхоёрдугаар сарын 20-нд түүнд автобус худалдан авах эрх шилжиж иржээ.

Үйл явдлын учгийг эхнээс нь, он цагийн дарааллаар нь хөвөрдье. 2021 оны тавдугаар сарын 19-нд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, Улаанбаатар хотын асуудлыг цогцоор нь шийдэх зорилгоор улсад төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг нийслэлд нь үлдээх түүхэн шийдвэр гарсан байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг задлах олон бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Мөн нийтийн тээрийн парк шинэчлэлийг үе шаттай хийх ажил ч үүнд багтана. Нийслэлийн удирдлагууд 2023 оны төсвөө эцэслэж, Сангийн яамтай тохиролцчихоод 2022 оны есдүгээр сард ОХУ-ын Москва хотын даргын урилгаар хоёр хотын 65 жилийн ойн арга хэмжээнд оролцож, гэрээ байгуулаад иртэл нэр бүхий хүмүүс “Хотод хэтэрхий их мөнгө өгч байна” гэсэн шалтгаанаар хотын төсвийг орвонгоор нь эргүүлчихсэн угтаж. Өнөөх улсын төсөвт төвлөрүүлдэг орлогыг нийслэлд үлдээх нь байтугай, 52 тэрбум төгрөгийг орон нутгийн гишүүдэд тойргоо услахад нь зориулж төсөвлөсөн болж таарав. Ийн нийслэлийн 1.6 сая иргэний асуудлыг уландаа гишгээд зогсохгүй, өмнө нь гаргасан шийдвэрээсээ буцаж орхисон хэрэг. Мөн 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн парк шинэчлэл хийх ажлыг нийслэлийн төсөвт бус, улсын төсөвт суулгажээ. Тодруулбал, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын багцад энэ мөнгийг суулгасан байгаа юм. Ингээд 2023 онд Хотын даргад 166 ажил эрх шилжиж орж ирсний нэг нь автобус худалдаж авах тендер. Өөрөөр хэлбэл, сайд нь гэрээ байгуулчихаад Хотын дарга руу эрх шилжүүлсэн гэсэн үг юм. Энэ дагуу Д.Сумъяабазар 2022 оны арванхоёрдугаар сарын 20-нд захирамж гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-ийг баримталж, автобус худалдан авах ажиллагааг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулахыг даалгасан байна. Тус заалтад “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэжээ. Тодруулбал, уг худалдан авах үйл ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой юм байна гээд Тагнуулын ерөнхий газраас НЗДТГ-т зөвлөмж ирүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Үндэсний аюулгүй байдалд хамааруулж худалдан авах ажиллагааг явуулжээ. Гэтэл өнөөх автобуснууд нь хуучин төдийгүй түүний ажлаа өгөх шалтгаан болсон.

Харин тэрбээр ногоон автобусны хэрэгт ямар ч хамааралгүй бөгөөд энэ бол урьдаас бэлтгэсэн занга гэдгийг онцолсон. Мөн энэ зангыг тавьсан хүмүүсийн нэгээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг нэрлэсэн. Учир нь 2022 оны аравдугаар сарын 9-нд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй албаны хүмүүс Ерөнхий сайдыг дагуулж, “Эрдэм транс”, “Тэнүүн-Огоо” болон төрийн өмчит автобус компаниудаар орж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд муу, хувийн хэвшил сайн ажиллаж байгааг онцолсон байна. Тэр байтугай, төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийтийн тээврийг хувийн хэвшилтэй нэгтгэхээр ярьжээ. Мөн “Тэнүүн-Огоо” компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат Говь-Алтай аймгийнх. ЗГХЭГ-ын дарга ч мөн тус аймгийнх тул Д.Сумъяабазар хардаж байгаагаа ч нуусангүй.

Мөн өөр нэг ээдрээ үүсгэж буй асуудал нь улсын хилээр хуучин автобус орж ирчихээд байхад хил гаалийнхан, холбогдох байгууллагынхан юу хийж байсан бэ гэдэг юм. Тэд арай ч хуучин, шинэ автобусаа ялгаж танихгүй хэмжээнд хүрчихээгүй байлтай. Харин Хотын дарга асан Д.Сумъяабазар үүнд “Хил гаалийн байгууллагаас эхлээд бүгд зохион байгуулалтад орсон. Магад энэ нь надад жилийн өмнө тавьсан урхи байхыг үгүйсгэхгүй. Учир нь би хүний, өөрийн нам гэлтгүй, олон хүний дургүйг хүргэсэн байх” гэж ярилаа. Тэрбээр мөн “Хийгээгүй хэргийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэдэг улс төрийн том соёл. Энэ бол гэр бүлийн хүмүүжил, спортын соёл. Намайг огцруулсан биш, би өөрийн хүсэлтээр засаглал, улс төрийн тогтвортой байдлын төлөө ажлаа өгсөн. Сумъяаг улс төрөөс холдуулах сонирхолтой маш олон хүн байсан” хэмээлээ.

Татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл авна
Татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл авна
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.