Өрх бүр мод тарьж, орчноо сайжруулахад хувь нэмэр оруулахад дэмжих үндэсний хөдөлгөөнийг БОАЖЯ-наас санаачлаад буй. Төслийн шатанд явж байгаа уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ-тай хамтарч ажиллах талаар өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишратай хийсэн анхны уулзалтаар ярилцлаа.
Сайд Н.Уртнасан хэлэхдээ “Монгол орны цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, мөн иргэн бүрийнхээ тав тухтай амьдрах, орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд “Өрх бүр-Шинэ мод” төсөл үр дүнгээ өгнө гэж итгэж байгаа. Уг төслийг хэрэгжүүлэхэд бид НҮБ-тай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.
Тэрбээр гурван гол чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэний нэг нь дээрх сэдэв байв. Мөн Ковид-19 цар тахлаас үүдэн хамгийн их хохирол амссан аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээх, Усны нөөцийн асуудал буюу говийн бүсийг усжуулах, үйлдвэрлэлийн саарал усыг татах асуудлуудыг чухалчлан тавьсан.
Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэн орсон бөгөөд өнөөдрийн байдлаар НҮБ-ын төрөлжсөн найман байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, ой менежмент зэрэг салбаруудад 10 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Дээрх саналуудад Суурин зохицуулагч Тапан Мишра тун нааштай хариуг өглөө. Тухайлбал, “Иргэн бүр мод тарих санал, санаачлагыг гаргасанд маш их талархаж байна. Ногоон Монголыг бүтээхэд бид ч мөн гар бие оролцож, бүх талаараа дэмжин ажиллах болно. Мөн усны асуудлаар тавьсан таны саналыг НҮБ-ын холбогдох газруудад хүргүүлж хамтын ажиллагааг эхлүүлэхэд анхаарал хандуулна” гэлээ.Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Н.Уртнасан хамтын ажиллагааны 60 жилийн ой тохиож байгаа энэ жилд төсөл хөтөлбөрүүдийнхөө үр өгөөжийг нэмэгдүүлж, Монгол орныхоо байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд гар нийлэн ажиллана гэж итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Өрх бүрийг моджуулах аяныг НҮБ-тай хамтарч хэрэгжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.