Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил эхлээд тав дахь өдрөө үргэлжилж байгаа. Эхний ээлжинд 16 байгууллагын 14 мянга гаруй ажилтныг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 6,808 хүн вакцин хийлгээд байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.
Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 21.5 хувьд халуурах, толгой өвдөх, тариулсан гзар хөндүүрлэх, үе мөч өвдөх, ядрах, бие арзайх, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна. Энэ зовиурууд 2-3 хоногийн дараа арилж байгаа бөгөөд энэ нь дархлаа тогтож буйн шинж тэмдэг гэдгийг Д.Нарангэрэл шинжээч тайлбарлав.
Үргэлжлүүлэн тэрбээр "Хэдийгээр дархлаажуулалтын ажил эхэлсэн хэдий ч иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, олноороо цуглахгүй, золголт хийхгүй байхыг зөвлөж байна. Хаврын улиралд дархлаа суларч, ханиад томуугийн дэгдэлт гардаг учир онцгой анхааралтай байх хэрэгтэй" гэлээ.