Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: "Сүүлийн хоногт хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 35 хүнд халдвар илэрсэн. Эдгээрээс 33 нь дотоодын халдвар бол хоёр тохиолдол нь Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас илэрлээ. Дотоодын 33 тохиолдлоос 7 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын явцад батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн байна. 25 хүн нь өмнөх голомтын хавьтлууд бол нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоох үйл ажиллагааг явуулж байна.
Сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 2,866 бүртгэгдсэнээс 2,183 буюу 76 хувь нь эдгэрсэн.
Одоогоор 668 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 7 хүн байгаа" гэлээ.