Дэлхий даяар хамгийн их эрэлттэйд тооцогддог цахим валют болох биткоины ханш өдгөө 49 мянган ам.долларын үнэд хүрчээ. Биткойн 2020 оны намраас огцом өсөж эхэлсэн нь одоо сая сая хүний анхаарлыг татаж байна. Тэгвэл бид энэ удаа хамгийн нууцлаг тус валютын тухай маш сонирхолтой баримтуудыг сонирхуулъя.
1. Сатоши Накамото бол биткоиныг үндэслэгчийн олонд тархсан нэр бөгөөд энэ хүний тухай одоо болтол тодорхой мэдээлэл байдаггүй. Хамгийн анх буюу 2009 онд биткоины блокчэйн кодыг олон нийтэд зарласан үеэс хойш үүсгэн байгуулсан хүнийг олоогүй байна. 2016 оны тавдугаар сард Австралийн энтрепренер Крэйг Врайт өөрийгөө уг валютыг бүтээсэн хүн гэж зарласан ч хожим худал хэлсэн нь илэрчээ. Өдгөө "сатоши" гэдэг нэршил нь бутархай биткойныг илэрхийлдэг. Нэг биткойн дотроо 100 сая бутархайд хуваагддаг ба биткойн олборлолт гэдэг нь комьютер эдгээр бутархайн кодуудыг уншиж цуглуулах ажиллагаа юм. /1 сатоши = 0.00000001 биткойн, 1 биткойн = 100000000 сатоши/
2. Биткоины нөөц хязгаартай бөгөөд нийт 21 сая биткоин бий болох ёстойгоос одоогийн байдлаар 12 сая нь бий болжээ. Өдөр бүр ойролцоогоор 3600 биткоин шинээр бий болдог ба майнинг хэмээх процессын явцад шинэ мөнгө бий болдог. Нийт үүссэн биткоины 36% нь ямар нэг шилжүүлэгт оролцсон ба үлдсэн 64% огт ашиглагдаагүй байна. Шавхагдах нөөцтэй гэдэг шинж чанар нь уг крипто-валютыг улам үнэ цэнэтэй болгожээ.
3. Биткоиныг илэрхийлэх биет зүйл гаргах гэсэн оролдлогоос үүссэн зоос нь “Casascius” зоос гэнэ. Энэ нь нууц түлхүүр бүхий холограф кодтой зоос хэлбэртэй “хүйтэн түрийвч” юм. Биткоин 77 мянган мөр-кодоос бүрдэх ба үүний 70 000 нь C++ хэмээх программын хэл дээр бичигдсэн байна.
4. Биткоиныг анх гаргаснаас жилийн дараа 1 биткоиныг 4 центээр авдаг байжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд биткоины үнэ $0-$1000 болтол өссөн байна. Биткоины ханшны нэг өдрийн хамгийн том уналт 2013 оны дөрөвдүгээр сард болсон бөгөөд 80% хүртэл буурчээ. Гэвч 2013 оны арваннэгдүгээр сард ханш нь анх удаа алтны ханшнаас давжээ.
5. Дэлхий дээр нийт 927 хүн бүх биткоины 50%-ийг эзэмшдэг. Судлаачдын үзэж буйгаар 2140 онд хамгийн сүүлийн биткоин бий болох аж.
6. Уг валютыг блокчэйн сүлжээгээр олборлодог ба “биткоин уурхайгаас” 10 минут тутамд нэг биткоин блок гардаг. Тэгэхээр өдөрт 3600 шинэ биткоин олборлогддог гэсэн үг. Өнөөдөр дэлхийд 4000 гаруй криптовалют бүртгэлтэй байдаг ч хамгийн өндөр ханштай нь биткойн. Бусад нь яагаад ийм өндөр үнэд хүрэхгүй байгаад цаг хугацааны хувьд шинэхэн, блокчэйн технологийн хөгжил нь гүйцээгүй, зах зээлийн эргэлтэд ороогүй гэх мэт шинжүүд нөлөөлдөг. Гэвч тэдгээр нь хөгжиж яваа бөгөөд ирээдүйд биткойныг орлохыг үгүйсгэхгүй. Биткойны дараа жагсаж буй криптовалют бол Этериум бөгөөд үнэ нь 1400 ам.доллар байна.
7. Бангладеш, Болив, Тайланд болон Вьетнам зэрэг улсууд биткоинд хориг тавьсан байдаг бол эсрэгээрээ ОХУ, Япон, Венесуэль улсууд биткоиныг хүлээн авч, төрийн тендерүүдэд ашиглаж байна. Харин биткоины хамгийн том, идэвхтэй сүлжээний тоогоор АНУ тэргүүлдэг.
8. Биткоины анхны арилжааны амжилт нь "Silk Road" сайт юм. Энэ сайтаар дамжуулан янз бүрийн хориглогдсон бараа бүтээгдэхүүн, зэвсэг, хар тамхи худалдан авч болох бөгөөд эзэмшигч нь үл мэдэгдэх биткоины үндсэн шинж чанараас шалтгаалан зөвхөн энэ валютаар сайт дотроо худалдаа хийдэг байжээ. Харин холбооны мөрдөх товчоо онлайн хар зах болох “Silk Road”-ын үйл ажиллагааг 2013 онд зогсоосон байдаг. Тус сайтын үүсгэн байгуулагч Росс Уиллиам Улбрихтыг баривчилж, найман зүйл ангиар яллаж, давж заалдах эрхгүйгээр насаар нь хорих ял оноожээ.
Баривчилгааны явцад Холбооны мөрдөх товчоо эзэмшигчийн бүх эд хөрөнгийг хураан авсаны дунд асар олон тооны биткоин байв. 2014 оны 6 дугаар сард АНУ-ын Засгийн газраас хураан авсан нийт биткоины 1/4 орчим буюу 29,657 ширхэг биткоиныг дуудлага худалдаагаар заржээ.
9. Биткоины ямар ч гүйлгээ, арилжааг Блокчэйн дотор харах боломжтой. Гэвч шилжүүлэгч, хүлээн авагчийг хэн гэдгийг мэдэх боломжгүй. Биткоины хаяг нь үсэг, тоо холилдсон 34 тэмдэгтээс бүрдсэн байдаг. Мөн хэрэглэгчдэд портфолио ID гаргаж өгөх замаар нууцлалыг хадгалдаг байна. Иймд биткоин ашиглан хууль бус наймаа хийх тохиолдол олширчээ.
10. 2010 онд биткоиноор худалдаж авсан пиццаны үнийг өнөөдрийн биткоины ханшаар тооцоход 5 сая доллар болно. Тодруулбал, Лазло Ханиеч хэмээх эр анх удаа биткоиноор пицца худалдан авах хүсэлтээ интернэтэд байршуулжээ. Энэ хүсэлтийг Papa John’s сүлжээ хүлээн авч 10,000 биткоиноор хоёр ширхэг том пицца зарсан байна. Тухайн үед энэ нь ойролцоогоор 41 ам.доллар болж байв. Харин одоогийн ханшаар 187 сая орчим ам.доллараар хоёр пицца худалдан авсан гэсэн үг юм.
11. Биткоины ханш гэнэт өсөх болсон нь Элон Маскийн үүсгэн байгуулсан цахилгаан хөдөлгүүрт автомашины "Тесла" компани биткойнд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, криптовалютаар төлбөр тооцоо хийх гэж буйгаа мэдэгдсэнтэй холбоотой гэнэ. "Тесла" компани өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаггүй бэлэн мөнгөө өсгөх зорилгоор ийм арга хэмжээ авснаа тайлбарлажээ. Цаашдаа ч үргэлжлүүлэн дижитал хөрөнгө худалдаж авахаа мэдэгдсэн байна.
12. 2013 онд Жэймс Ховеллс хэмээх IT инженер залуу гэрийнхээ ширээг цэвэрлэж байхдаа 7500 биткоиноо алджээ. Түүний хогон дунд хатуу диск нь байсан бөгөөд энэ дотор 2010 онд олборлосон биткоиных нь хувийн түлхүүр нь байв. Түүний хаясан 7500 биткоин нь өнөөдрийн байдлаар 140,5 сая ам.долларын үнэтэй байх байжээ. Хувийн түлхүүр нь байхгүй бол ямар ч биткоины хадгаламжийг ашиглах боломжгүй гэсэн үг. Өдгөө нийт олборлогдсон биткоины 25% нь хаягдсан гэсэн тооцоо бий.
13. Биткоиныг сансар руу илгээсэн. “Genesis Mining” компани 2016 онд биткоины гурван хэмжээст модел хийн, цаасан хэтэвчийг наалддаг туузаар наан сансар руу нисгэсэн байна. Тэд энэ моделио цаг уурын бөмбөлөгт дүүжилж хөөргөсөн бөгөөд аялалын бүхий л үед "GoPro" камер ашиглан бичлэг хийсэн байдаг. Бөмбөлөг газраас 20 км-ийн өндөрт хөөрсөний дараа газраас 1 биткоиныг тэнгэрт буй хэтэвч рүү гар утаснаас амжилттай шилжүүлжээ.
Сонирхуулахад:
- Дилерүүд нь биткоиноор төлбөр хийж болдог анхны авто компани нь "Lamborghini" юм.
- Skycraft Airplanes биткоиноор онгоц зарсан анхны компани.
- Spice Girls-ын Мелани С шоу оддын дундаас хамгийн анх биткоины төлбөртэйгөөр дуулсан хүн.
- Анхны биткоин АТМ Канадын Ванкуверт бий болжээ.
- Киприйн Их Сургууль биткоиноор төлбөрөө төлөх боломжтой анхны их сургууль болсон байна.