ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ: 2026 онд эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хадгалж, ядуурлын түвшинг 5 хувиар БУУРУУЛНА

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 34 секунд

Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Дээрх хуулийн төслүүдийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхэлнэ.

Тэгвэл дээрх хуулийн төслүүдэд тусгаснаар ирэх жилүүдэд Монгол Улс хэрхэн хөгжиж, эдийн засаг ямар түвшинд байх вэ.

-ДНБ-ий өсөлт 6.5 хувь, үнийн өсөлт 7-6 хувь руу буурна-

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ-ний бодит өсөлт 2026 онд 6.0 хувь, 2027, 2028 онд 6.5 хувьтай тус тус тэнцэхээр, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хэмжээ 2026-2028 онд 0.0 хувьтай тус тус тэнцэхээр төсөөлсөн байх бөгөөд Засгийн газрын өрийн хэмжээг 2026 онд 50 хувь, 2027-2028 онд 45 хувьтай тэнцэхээр тусгасан байна.

Энэхүү төсөөллийн хүрээнд Засгийн газрын өрийн хэмжээг тооцоолоход, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 2026 онд 40.7 хувь, 2027 онд 40.2 хувь, 2028 онд 40.4 хувьтай тэнцэхээр байгаа нь төсвийн хүрээний мэдэгдэлд туссан дүнтэй нийцэж буй аж.

Түүнчлэн, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2026 онд ДНБ-ий 3 хувь, 2027-2028 онд 2 хувь байхаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасны дагуу нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх хуулийн шаардлагыг хангаж байна үзжээ.

Мөн нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээг 2026 онд ДНБ-ий 24 хувь, 2027 онд 23 хувь, 2028 онд 22 хувь байхаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасны дагуу нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагыг хангаж байна гэжээ.

-Засгийн газрын өр ДНБ-ий 45-50 хувь байна-

Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийг 2026 онд ДНБ-ий 50 хувь, 2027 онд 45 хувь, 2028 онд 45 хувь байхаар тооцжээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6.0 хувь, 2027-2028 онд тус тус 6.5 хувь байхаар тооцож, тусгасан байна.

Эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой түвшинд хадгалахад уул уурхайн салбарт хэрэгжиж буй том төслүүд хэвийн үргэлжлэх, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүд үе шаттай хэрэгжих зэрэг хүчин зүйлс чухал ач холбогдолтой аж. Мөн хуулийн төсөлд инфляцыг 2026 онд 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6.0 хувь байхаар тусгаад байна.

Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг тогтвортой нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх, төсвийн зардлын тэлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлагын хэмжээ 2026 онд 33,479.5 тэрбум төгрөг, 2027 онд 35,628.6 тэрбум төгрөг, 2028 онд 39,086.0 тэрбум төгрөг байхаар тооцсон.

Энэ хүрээнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлага 2026 онд ДНБ-ий 31.7 хувь, 2027 онд 30.4 хувь, 2028 онд 29.6 хувь болж үе шаттай буурч, дунд хугацаанд нэгдсэн төсөв алдагдалгүй байхаар төлөвлөжээ.

-“ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ЦОГЦЛООХ”-ыг зорьж, 4 реформыг хэрэгжүүлнэ-

Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тодорхойлсон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” зэрэг бодлогын 4 тэргүүлэх чиглэлийг үргэлжлүүлэх ба “ХҮН ТӨВТЭЙ” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ЦОГЦЛООХ”-ыг зорьж эдийн засгийн эрх чөлөөний реформ, төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлнэ.

2026 онд нэн шаардлагатай салбарын реформ, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мега төслийг эрчимжүүлж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн эрх чөлөөний реформыг хэрэгжүүлнэ. Үүнд:

-Эдийн засгийн эрх чөлөөний реформ: Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ-

-Бизнесийн үйл ажиллаагааг зохицуулж байгаа хуулиудыг шинэчилж, татварын орчны шинэчлэлийг хийж, төрийн үйлчилгээний цахимжилтыг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

-Хөрөнгө оруулалтыг хязгаарласан, хаасан зохицуулалтыг багасгах, ялгамжтай байдлыг арилгах, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, шинжлэх ухаан, гарааны бизнес, өндөр технологи, инновацыг дэмжих бодлого, хөшүүргийг тодорхойлох замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

-Стратегийн түнш болон томоохон зах зээлтэй улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа, түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг дотоодын бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн эрх ашигт нийцүүлэн байгуулах ажлыг үргэлжлүүлнэ.

-Төсвийн зардлын реформ: Төсвийн урсгал зардлыг 15 хувиар бууруулна-

-Төсвийн урсгал зардлыг 15 хувиар бууруулж, ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байна.

-Процессын дахин инженерчлэлийг хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, про-актив хандлагаар эрчимжүүлнэ.

-Төрийн албаны реформ: Төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулна-

-Төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн албан хаагчдын тоог (багш, эмч нараас бусад) 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ.

-Төрийн байгууллагуудын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюуныг ашиглан ил тод байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ.

-Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформ: ТӨК-иудын бүтээмжийг 30 хувиар сайжруулна-

-Төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулна.

-Төрийн өмчит компаниудын бүтээмжийг 30 хувиар сайжруулна.

-Төрийн өмчит компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг нэмэгдүүлж, үр ашиг, өгөөж, ашигт ажиллагааг сайжруулна.

-Баялгийн санг арвижуулж (геологи, хайгуул, болон ашиглалтын түвшнийг нэмэгдүүлэх, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг) цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ.

-Стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

Дээрх бодлогын тэргүүлэх чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хадгалж, 1 хүнд ногдох ДНБ-ийг 8,090 ам. долларт хүргэж, ядуурлын түвшинг 5 хувиар бууруулна.

Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна
 
Азийн хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцлоо
Азийн хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!