Италийн сэргэн мандалтын үеийн нэрт уран зураач Сандро Боттичеллигийн сор бүтээлүүдийн нэг зураг дуудлага худалдаагаар 92 сая ам.доллароор худалдаалагджээ.
Иймд С.Боттичеллигийн 1470-1480-аад оны үед туурвисан хэмээн үздэг “Young Man Holding a Roundel” нэртэй зураг нь түүний хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээл болов. 58х39 сантиметрийн хэмжээтэй уран зурагт алтан шаргал үстэй өсвөр насны хүүг сахалтай гэгээнтний зураг барьж буйгаар дүрсэлсэн байна.
Уран зураг АНУ-ын Нью-Йорк хотын “Sotheby's” дуудлага худалдааны төвд пүрэв гарагт худалдаалагдсанаар энэ онд дуудлага худалдаагаар зарагдсан эхний томоохон уран бүтээл болжээ. Ташрамд дурдахад, энэхүү зургийг өмнөх эзэн нь 1982 онд нэг сая гаруй ам.доллароор худалдан авч байжээ.