УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.1 хувь нь Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Хоригийг буцаахын өмнө дээрх асуудалтай холбогдуулан, гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Энэ удаагийн Ерөнхийлөгчид баярлаж байна. Өмнөх үе, үеийн Ерөнхийлөгчид өөртөө эрх мэдлийг төвлөрүүлэх гэж Үндсэн хуулиас гадуур 40 гаруй хуулиар өөртөө эрх мэдэл төвлөрүүлсэн байсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх явцад үндэсний зөвшилцөлийн комиссыг Ерөнхийлөгч ажлын хэсгийг ахлаад Ерөнхий сайд орлогч даргаар нь ажиллаад би нарийн бичгээр нь ажилласан. Тиймээс тавьсан хоригийг дэмжих боломжгүй.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Төсвийн алдагдалтайгаа нийлээд 12-13 тэрбум их наяд төгрөг гэж яригдаж байна. Монгол Улсын төсвийн гуравны нэгтэй тэнцүү хэмжээний албан бус мөнгө яригдаад эхэлсэн байхад бид яагаад дуугуй суугаад байгаа юм бэ. Албан тушаалтнуудын 4 их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг АТГ илрүүлсэн гэж Ерөнхийлөгч хэлсэн. АТГ-ын дарга нь энэ асуудалд манлайлаад сайн л ажилласан байна. Энэ хүмүүсээ оруулж ирээд УИХ-ын хаалттай чуулган хийе. Хэдүүлээ сонсоё л доо. Татгалзах гишүүд байхгүй байх. Засаг огцорсон, гадаа өлсгөлөн зарлаж, иргэд үнэн зөв мэдээллийг шаардаж байгаа энэ цаг үед зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байна.