Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Цэцэгсайхан: Коронавирусийн эсрэг шинэ эмийг оруулж ирэхээр ажиллаж байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
9 минут 43 секунд

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхантай ярилцлаа.

-Саяхан ДЭМБ-аас Ковид-19 халдварын хүнд болон нэн хүнд өвчтөнүүдэд хэрэглэх, өндөр үр дүнтэй шинэ эмүүдийг баталсан. Танай агентлагийн зүгээс эдгээр эмийг оруулж ирэх талаар судалж байгаа юу?

-Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Тоцилизумаб /актемра/ эмийг ковид-19 халдварын эмчилгээнд яаралтай нөхцөлд хэрэглэх зөвлөмжийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргасан. Тус эмэнд АНУ-ын Хүнс, Эмийн Агентлаг (FDA)-аас 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдөр кортикостеройд эмтэй хавсарч хэрэглэх нөхцөлтэйгөөр Яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл (EUA) олгосон.

Энэхүү моноклон эсрэг бие эмийг сүүлийн нэг жилийн хугацаанд 27 судалгааны баг нийт 10,930 өвчтөнд эмнэл зүйн судалгааг хийж, коронавируст халдварын хүнд болон нэн хүнд өвчтөнүүдэд кортикостеройд үрэвслийн эсрэг эмтэй хавсарч хэрэглэсэн тохиолдолд хиймэл амьсгалын аппаратад орох хэрэгцээг 28%, нас барах эрсдэлийг 13%-иар бууруулж байгааг тогтоосон байна. Энэ эм нь ковидын халдвартай өвчтөний үрэвслийн хэт идэвхжлийн үед их хэмжээгээр ялгарч цитокины шуурга үүсгэдэг интерлейкин-6 рецепторыг хориглосноор, эсийн гадаргуутай холбогдох чадавхыг саатуулдаг үйлдэлтэй. Моноклон эсрэг биетийн эмчилгээ гэдэг нь товчхондоо, вирусийн эсрэг тэмцэхэд бидний бие махбодын хариу урвалыг өдөөдөг, лабораторийн нөхцөлд гаргаж авсан уургууд юм. Дэлхий дахинаа моноклон эсрэг биет нь өмнө нь эмчлэгддэггүй байсан хавдар, аутоиммуны олон өвчний эмчилгээнд хэрэглэгдэж байна.

Шинэ байгуулагдсан манай агентлагийн зүгээс эдгээр эмийг өөрийн оронд оруулж ирэх зорилгоор АНУ-ын Роше үйлдвэртэй холбогдож, шаардлагатай бэлтгэл ажлыг ханган, тэдний Монгол дах төлөөлөгч компанитай хамтын ажиллагааг эхлүүлсэн. Дэлхийн хэмжээнд энэ эмийн эрэлт их, үнэ маш өндөр байгаа. Тухайлбал, Австрали улсад 410 ам доллараар зарагддаг бол БНЭУ-д 646 ам доллар, АНУ-д 3625 ам долларын үнэтэй байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас шаардлага хангасан томоохон эмийн үйлдвэрүүдэд уг эмийг үйлдвэрлэх эрхийг олгох замаар үнийг бууруулж, бага дунд орлоготой орнуудад жигд хүртээмжтэй болгох зорилго тавин ажиллаж байгаа юм.

Манай орны хувьд үйлдвэрлэгчтэй үнийн хэлэлцээр хийгдэж байгаа бөгөөд хамгийн боломжийн үнээр аль болох хурдан Монгол улсад оруулж ирэх тал дээр яг одоо ажиллаж байна.

-Манай улсын хувьд коронавирусийн эмчилгээний удирдамжинд багтсан вирусийн эсрэг эмүүдийг гадны хичнээн орноос импортолж байна вэ. Эдгээр эмийн нөөц, хангамжийг хэрхэн бүрдүүлж ажиллаж байна?

-Эрүүл мэндийн сайдын баталсан коронавирусийн эмчилгээний удирдамжинд 3 төрлийн эм орсон байгаа. Умифеновир эмийг ОХУ, Украин, БНХАУ-ын 6 үйлдвэрлэгчээс, Фавипиравир эмийг БНХАУ, Энэтхэг, Бангладеш улсын 3 үйлдвэрлэгчээс, мөн ремдесивир тариаг БНЭУ, Бангладеш, Пакистан улсын 14 үйлдвэрлэгчээс тус тус импортоор авч байна. Эдгээр эмийг импортлох зөвшөөрлийг 34 аж ахуйн нэгж авсан бөгөөд 7-8 сард гэхэд 15 байгууллага дээрх эмүүдийн импортыг хийхээр ажиллаж байна.

Түүнчлэн төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран дээрх 3 төрлийн вирусийн эсрэг эмийн нэгдсэн худалдан авалтыг зарласан. Ингэснээр улсын бүх эмнэлгүүд цахим дэлгүүрээс вирусийн эсрэг эмийг хямд үнээр худалдан авах боломж бүрдэх юм.

-Вирусийн эсрэг эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон. Дээд үнийг ямар хүчин зүйлсийг харгалзан тооцоолсон бэ?

-Зах зээл дэх вирусийн эсрэг эмийн нөөцийг бүрдүүлэхийн тулд эм импортлох тусгай зөвшөөрөлтэй 24 аж ахуйн нэгжтэй эдгээр эмийн үнэд дээд хязгаарыг тогтоож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна. Эмийг үйлдвэрээс авах үнэ, тээврийн зардал, борлуулалтын НӨАТ зэргийг тооцоолон тухайн эмийн бөөний болон жижиглэнгийн үнийн дээд хязгаарыг тогтоосон. Эм тус бүрийн үйлдвэрлэгч, нийлүүлж буй тоо хэмжээ зэргээс хамааран нэгж үнэ харилцан адилгүй байдаг. Цар тахлын үед нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжүүдтэйгээ зөвшилцөн, үнийн хөөрөгдөл болоод нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлсэн бүхий л арга хэмжээг авахаар зорьж байна.

-Энэ ажлын хэрэгжилтэнд хэрхэн хяналт тавьж байна вэ. Дээд үнийг давсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Эм зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг 2 төрийн бус байгууллагаар дамжуулан эм ханган нийлүүлэх байгууллагууд, эмийн сангуудад мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна. Мөн эмийн сангуудаар хяналт хийж, тогтоосон үнийг давуулан борлуулсан аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг иргэдээс нээлттэй авч байгаа. Манай агентлагаас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн эмийн сангуудаар явж, арга зүйн зөвлөмж, холбогдох мэдээллээр хангаж ажиллаж байна. Эмийн үнийн дээд хязгаарыг давсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах хүртэл арга хэмжээ авна.

-Гадуур худалдаалж буй түргэвчилсэн оношлуурыг баталгаатай эсэхийг хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэлжээ. Эдгээр оношлуурыг худалдаалах зөвшөөрөл, чанарын үзүүлэлтийг ямар шалгуураар баталгаажуулдаг вэ?

-Энэ оны байдлаар нийт 30 аж ахуйн нэгж, ковидын вирусийг илрүүлэх 49 нэр төрлийн түргэвчилсэн оношлуурыг АНУ, БНХАУ, БНСУ, БНЭУ, ХБНГУ зэрэг 5 улсаас импортлосон байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 4 төрлийн түргэвчилсэн оношлуурыг албан ёсоор зөвшөөрсөн байдаг. Түүн дээр нэмээд улс орон бүр дотооддоо хүлээн зөвшөөрөх оношлуурын жагсаалтыг баталдаг. Манай байгууллагын хувьд оношлуурын чанарын баталгаажилтыг холбогдох лабораторийн мэргэжлийнхэнтэй хамтран хийж байна. Ажлын хэсгийн тухайд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран эмийн сангуудад зарагдаж буй оношлууруудыг шалгах ажил эхэлсэн.

-ЭЭХХЗГ-аас эмийн хууль бус зар сурталчилгааг зогсоож, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Эмийг зараар биш, жороор хэрэглэе” аянг эхлүүлсэн. Аяны хүрээнд хэрэгжүүлэх гол ажлуудаас дурдвал?

-Эмийг зохистой тунгаар хэрэглэвэл эмчилгээ, буруу хэрэглэвэл хор болдог. Иймд бид эмийн зохистой хэрэглээг сурталчлах, эмийг зар сурталчилгаагаар бус, эмчийн жор, зөвлөмжийн дагуу хэрэглэхийг уриалсан “Эмийг зараар биш, жороор хэрэглэе” аяныг өрнүүлээд явж байна. Сүүлийн үед цахим эмийн сан гэх мэт шинэ үйлчилгээнүүд гарч, бүртгэлгүй эмийг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд сурталчлах тохиолдлууд газар авах болсон.

“Эмийг зараар биш, жороор хэрэглэе” аяны хүрээнд эмийн зар сурталчилгаанд хориглох агуулга, заавал оруулах мэдээлэл, хууль эрх зүйн зохицуулалт, сэрэмжлүүлэг зэрэг цогц мэдээллийг олон нийтэд хүргэх юм. Түүнчлэн зөвшөөрөлгүй зар сурталчилгаа түгээсэн байгууллага, аж ахуйн нэгжид хуулийн хариуцлага тооцох, бүртгэлгүй эмийг хураах, эргүүлэн татах зэрэг ажлыг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар болон Оюуны өмчийн газартай хамтарч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нөгөөтэйгүүр аяны маань зорилго иргэд олон нийтийг ухаалаг сонголт, зохистой хэрэглээнд уриалж, худалдан авсан эмийн бүртгэл, мэдээллийг өөрсдөө шалгаж, буруу, ташаа мэдээлэлд автахгүй байхад чиглэж байна.

-Манай улс коронавирусийн эсрэг эмийг дотооддоо үйлдвэрлэх нөөц, боломж бий юу. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийг энэ мэтчилэн зорилтот чиглэлүүдээр хөгжүүлбэл?

Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж тусгайлан заасан байдаг. Үүний дагуу төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, гол эмүүдийг дотооддоо үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх нь маш чухал юм. Ингэснээр ард иргэдийг чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр жигд, хүртээмжтэй хангах нөхцөл бүрдэнэ. Манай улсын хоёр ч үйлдвэрлэгч вирусийн эсрэг эм болох умифеновир болон фавипиравир эмүүдийг дотооддоо үйлдвэрлэх бэлтгэл ажлууд хийгдэж байна. Дээрх 2 эмийн түүхий эдийг улсын бүртгэлд бүртгэсэн байгаа, удахгүй эм нь бүртгэгдвэл бид дотооддоо үйлдвэрлэдэг болоход ойрхон байна.

Прокуророос Ц.Анандбазарын хэрэгт НЭМЭЛТ ХЭРЭГ БҮРТГЭЛ явуулахаар буцаажээ
Прокуророос Ц.Анандбазарын хэрэгт НЭМЭЛТ ХЭРЭГ БҮРТГЭЛ явуулахаар буцаажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.