Багийн эзэд хожигдохоороо хуруу, гар нь гозолзоод эхлэх юм

Ангилал
Спорт
Огноо
Унших
5 минут 28 секунд

Лигийн тоглолт эхлэхээс 1-2 цагийн өмнө Спортын төв ордны зүүн талын жижиг хаалган дээр оочирлож, бараг зодолдох шахам дайрч арай гэж орно. Аз байвал сандал дээр сууна. Заримдаа зогсоогоороо бүүр болохгүй бол хамгийн урд эгнээний шалан дээр суугаад үзнэ. Олон хүний амьсгал нийлээд саунд суух дайны халуун болно. Хэдэн жижиг цонх нь бараг онгойхгүй. Талбайд тоглож байгаа сагсчид бүү хэл үзээд сууж байгаа бидний хацар улайн, хөлс урсаж, амьсгаа давчидна. Гэсэн дуртай спортоо үзэхийн тулд бүх зүйлийг үл ажран үздэг байв. Тэр цаг үеийг бодвол бид олон улсын стандартад нийцсэн ордонтой болж пиво ууж тухлангаа лигийн тоглолтоо үздэг болжээ. Холбооны асуудал цэгцэрч лиг маань шинэ ордонд тоглож эхэлснээс хойш олон улсад ч манай сагсчид боломжийн өрсөлдөөнийг үзүүлж байгаа. Шинэ багууд лигт орж тэр ч хэрээр хөгжөөн дэмжигчид нэмэгдсэн. Монголчууд үндэсний бөхөө хайрлаж, хүндэлдэг шиг сагсан бөмбөгийн спортыг үзэж, хөгжөөн дэмжиж байна.

Гэвч сайны хажуугаар саар гэдэг шиг зүйлс бас болох юм. Энэ жилийн дээд лигийн хагас шигшээ цувралд “Эс Жи Эйпс” болон “Сэлэнгэ Бодонс” багууд учраа таараад байгаа. Энэ хоёр багийн хувьд сүүлийн жилүүдэд хөгжөөн дэмжигчдийн тоо нэмэгдэж, нэр хүндийг олоод байгаа багууд. Эйпс Г.Дөлгөөнийг багтаа нэгтгэсэн бол Бодонс 3х3 сагсны шигшээ багийн залуусыг эгнээндээ нэгтгэсэн. Мөн Олимп, дэлхийн аварга Д.Казинсыг багтаа элсүүлсэн. Тэр ч утгаараа тоглолтын билет олдохгүй ордон дүүрч байна. Цуврал ч өрсөлдөөнтэй, ширүүн, өгөө аваатай үргэлжилж байна.

Өчигдрийн тоглолтын үеэр Бодонсын эзэн Л.Наранбаатар талбайгаас гарах үедээ хөгжөөн дэмжигчид рүү салаавч гаргасан нь олны дургүйцлийг багагүй хүргэлээ. Спортод хөрөнгө оруулалт хийж сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгааг нь үргэлж сайшаана.

Гэхдээ багийн эзэн баг нь хожигдлоо гээд салаавч гаргаад явах хэр ёс зүйд нийцэх бол. Хожил, хожигдол бол спортын салшгүй хэсэг. Үүнийг багийн эзэд хамгийн сайн ухамсарладаг баймаар юм. Хожигдлоо гээд хөгжөөн дэмжигчид рүү салаавч гаргаад, зүй буй үйлдэл гаргаад явбал юу болох уу. Шатаж, уурлаж болно харин та тоглогч биш багийн удирдлага гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Шуудхан хэлэхэд салаавчаа хармаандаа гаргадаг болчхоод ордонд ордог болмоор байна. Ямар ч спортод хожсон ч хожигдсон ч гар бариад хоёр тийш салдаг. Энэ бол хүндлэл бас ёс зүй. Гэтэл манай багийн эзэд л хорсож шатаад хуруу, гараа гозолзуулаад байх юм.

Хэрээ, хэрээний харыг гайхав гэгчээр Эйпсийн О.Мөнхжин 2023 онд сагсан бөмбөгийн ордонд усны сав шидэж, салаавч гарган талбайгаас хөөгдөж байсан. Багийн эздүүд энэ үйлдэлдээ уучлалт гуйгаад өнгөрдөг. Гэхдээ энэ асуудал цаашид гарахыг эсвэл хүүхэд, залуучуудын толгойд ингэж болдог юм байна гэсэн бодол төрөхийг үгүйсгэхгүй.

Нэг удаагийн зүй бус үйлдлээс болж баг хөгжөөн дэмжигчдээ алдах, хөрөнгө оруулалт буурах, цаашлаад багийн тоглогчдын амжилтад ч нөлөөлөх гээд олон эрсдэлтэй. Тэр ч утгаараа NBA болон Европын лигүүд ёс зүйн суудлыг нухацтайгаар авч үздэг. NBА багийн эздээр жишээ аваад үзье. Багийн эзэн талбайд орж ирээд эсрэг багийн хөгжөөн дэмжигчидтэй маргалдаад, зүй бус үйлдэл гаргаж байсан тохиолдлыг санахгүй юм. Харин ч эсрэгээрээ алсаас багийнхаа тоглолтыг үзэж суудаг.

Тамирчид талбай дээр маргалдах, хэл амаар нэгнийгээ өдөх, үл ойлголцох асуудлаас болж спортын бус үйлдэл гаргасан тохиолдолд холбоо арга хэмжээ авдаг. Харин салаавчны асуудлыг яаж шийдэх нь тодорхойгүй хэвээр.

Өөрийн гаргасан үйлдэлдээ Бодонсын эзэн цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйсан. Эйпсийн О.Мөнхжин ч бас гуйж байсан. Сарын дараа, эсвэл дараа жил багийн эзэн, эсвэл менежер ийм үйлдэл гаргавал дахиад л уучлалт гуйгаад өнгөрөх үү. Эсвэл холбоо үүн дээр илүү анхаарал хандуулж ёс зүйн асуудлыг тусад нь авч үзэх үү.

Л.Дончич маргаашийн тоглолтод оролцохоор болжээ
Л.Дончич маргаашийн тоглолтод оролцохоор болжээ
 
Цуврал холдох эсвэл ойртохыг шийдэх тоглолт өнөөдөр болно
Цуврал холдох эсвэл ойртохыг шийдэх тоглолт өнөөдөр болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!