
Монгол инженерүүдийн ур ухаан, үндэсний компаниудын хүчээр босож буй Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн шинэ төмөр замаар туршилтын галт тэргийг өчигдөр /2026.08.29/ аялууллаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон "Шинэ төмөр зам" ХХК-ийн ахмад зааварлагч машинист Ц.Пүрэвсүрэн, машинист Ч.Хүрдбаатар нар кабиндаа суун 91 км замыг туулж, шинэ төмөр замын чанар, гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж ажилласан юм. Ингэхдээ 1700 тоннын даацтай, 20 вагон ачаатай аж ахуйн галт тэргээр төслийн трассын дагуу зорчиж, төмөр замын далан, дээд бүтцийн угсралт, гүүр, хоолойн ажлууд, малын гарц болон бусад инженерийн байгууламжийн хийц, чанар, зураг төслийн шийдэлд илүү нарийн түвшинд хяналт тавьж ажиллав.
”Шинэ төмөр зам” ХХК-ийн Зааварлагч машинист Ц.Пүрэвсүрэн “Монголын үндэсний төмөр замын компаниуд, төмөр замчид та бүхэн улс эх орондоо улам ихийг хийж бүтээж чадахаар байна гэдгийг хараад, ахмад төмөр замчны хувьд бахархах сэтгэл төрж байна.
Энэ төслийн зам өгсүүр маршрут бага, уруу зам ихтэй, энэ нь үргэлжлэх хугацаа, түлшний зарцуулалт бага зарцуулахаар байна гэж тооцоход ахмад машинист хүний хувьд улс эх оронд эдийн засгийн асар их ач холбогдолтой зам болжээ” гэж сэтгэгдлээ хуваалцав.
Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сум, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын урдуур чиглэн Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар дамжин “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Эмээлт өртөөнд холбогдох төмөр замын салбар шугам юм. Энэхүү төмөр замын төслийн үндсэн шугамын урт нь 127.1 км бөгөөд дөрвөн өртөө, гурван зөрлөгтэй байгуулахаар төлөвлөгдсөн. Төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хоёр үе шаттайгаар хариуцан хэрэгжүүлж байна.
Энэ удаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төслийн нэгдүгээр үе шат буюу Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 91 км төмөр замын барилга угсралтын ажлын явцтай ийнхүү биечлэн танилцлаа. Энэ хүрээнд төмөр замын газар шорооны ажил, таван байршилд баригдаж буй төмөр бетонон гүүр, ус зайлуулах хоолой болон төмөр замын дээд бүтцийн угсралтын ажилд хяналт шалгалт хийлээ. Бороо төмөр замын далан, ус зайлуулах байгуулажийн чанарыг шалгаж байна.
Төслийн талбайд ажиллах үеэр трассын зам дагуух зарим хэсэгт алаг цоог борооны ус тогтсон боловч ус төмөр замын далан руу нэвтрээгүй, харин ус зайлуулах суваг, шуудуугаар хэвийн урсаж шингэсэн байдал нь Монголын төмөр замчдын барьсан далан ухмал болон төмөр замын ус зайлуулах байгууламжийн шийдэл, гүйцэтгэлийг бодитоор шалгаж байна хэмээн ажлын хэсгийнхэн ярьж байлаа. Мөн энэ үеэр салбарын сайд бороо, үерийн уснаас төмөр замын далан болон замын бүтцийг хамгаалах арга хэмжээнд давхар хяналт тавьж ажиллахыг холбогдох инженер техникийн ажилтнуудад даалгалаа.
Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын трассын дагуу нийт есөн байршилд 1200 метр урт төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгсэл болон ус нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолой барьж байгуулахаар төлөвлөсөн.
Салбарын сайд энэ өдөр бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах үеэр төмөр замын трассын дагуу орхигдсон 1-2 бетонон дэр, хаягдсан барилгын материал болон орчны бусад хог хаягдлыг цэвэрлэж, бүтээн байгуулалтын ажлаа хүндэтгэх, трассын дагуух орчныг илүү эмх цэгцтэй болгохыг үүрэг болголоо.
Мөн барилгын ажлын үед ашиглаж байсан түр зам буюу туслах шороон замыг буцаан цэгцэлж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар төөрөх, иргэд малчид зам товчлох байдлаар орж ирэх, осол аваар гарах эрсдэл үүсгэхгүй байх, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлагатайг онцоллоо.
Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн барилга угсралтын ажлын бүхий л үе шатанд үндэсний 90 гаруй аж ахуйн нэгж, компани туслан гүйцэтгэгчээр ажиллажээ. Монголын инженер, техникийн ажилтнууд, үндэсний аж ахуйн нэгжүүд өөрсдийн хүч хөдөлмөрөөр өнөөдөр төмөр замын далан, гүүр, хоолой, бусад инженерийн байгууламжийг барьж байгуулах чадавх бүрдсэн нь энэ төслийн бүтээн байгуулалтаас харагдаж байна гэж салбарын сайд онцлов.
Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр буюу 1,5 сая хүн ам суурьшсан бүсүүдээр тэсэрч дэлбэрэх, хортой бодис бүхий 34 нэр төрлийн аюултай ачааг тээвэрлэхгүй, хотын гадуур буюу Богдхан уулын урдуур тээвэрлэх, ард иргэдийн төдийгүй улс орны аюулгүй байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолтой юм. Мөн Улаанбаатар төмөр замын сүлжээний уялдаа холбоо сайжрахын хэрээр нийслэл хотын түгжрэлийг 30 хувиар буурах ач холбогдолтой төсөл юм.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!