
Өнгөрөгч өдрүүдэд Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Бадамцэцэгийн 2022 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялааж байх үеийн зураг олон нийтэд хүрч, багагүй шүүмжлэлийг дагуулаад байсан. Тэгвэл тэрбээр эл зурагтай холбоотой хөвөрч буй асуудалд анх удаа байр сууриа илэрхийлээ.
Тэрбээр "Энэхүү зураг нь 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр авсан зураг бөгөөд миний гардан авсан шагнал нь Хөдөлмөрийн хүндэт юм. Энэ нь зөвхөн надад бус, манай сангийн хамт олонд олгосон үнэлгээ билээ.
Тухайн үед бид алслагдсан сумдын 2,000 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй амны хөндийн үзлэг, эмчилгээ, чих хамар хоолой, хүүхдийн сэтгэцийн эмч, нүдний эмч, охидын эмч, эхо гээд бүх талын үзлэг эмчилгээ хийж байсан. Мөн 2016 оноос эхлэн төрсөн өдрөө тохиолдуулан жил бүр 3–5 эмнэлэгтэй хамтран ажиллаж, нэг жилд дунджаар 300–400 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлдэг уламжлалтай.
Өнөөдөр манай National Dental Health and Education Foundation сангийн хамт олон 18,000 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлж, 30,000 гаруй эцэг эхэд цахим болон танхимын сургалт зохион байгуулаад байна.
Буруу, ташаа мэдээлэл түгээгдэж, олон нийтийн дунд үл ойлголцол, бухимдал төрүүлсэнд тухайн хүний өмнөөс хүлцэл өчье.
Бидний зорилго үргэлж нэг байсан, цаашид ч нэг хэвээрээ байх болно. Тэр нь хүүхэд бүрийн эрүүл инээмсэглэл, эрүүл ирээдүйн төлөө ажиллах юм.
Буруу, ташаа мэдээллээс үүдэн төрийн шагналын нэр хүнд, үнэ цэнэ бүдгэрч, олон нийтийн дунд буруу ойлголт төрөхгүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
2. Цэцэг өргөх ёслолын үеэр санамсаргүй, хөндлөнгөөс авсан нэгэн зургийг хэсэгчлэн тасалж авч, бодит нөхцөл байдлаас нь салган янз бүрээр тайлбарлаж, мушгин гуйвуулж байгаад харамсч байна.
Тухайн зураг нь хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөсний дараа эргэн алхаж байсан агшинд санамсаргүй буусан нэгхэн хормын зураг юм. Үүнийг өөр утга агуулгатай мэтээр түгээж буй нь бодит байдлыг илэрхийлэхгүй.
Миний хувьд төрийн дэг жаягийг чанд сахиж, ахмад үеэ хүндэтгэх, удирдах, удирдуулах ёсыг эрхэмлэн баримталж явахыг хэзээд илүүд үзнэ.
Миний зорилго хэзээ ч өөрийгөө дөвийлгөх байгаагүй, байх ч үгүй. Харин эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөн зүтгэж буй төрийн тусгай алба хаагчдынхаа эрх ашиг, эрүүл мэндийн төлөө төрөөс хэрэгжүүлж буй ажлыг хариуцлагатайгаар урагшлуулах нь миний үүрэг юм.
Нэг агшны санамсаргүй зургийг мушгин гуйвуулж хувь хүний үнэт зүйл, төрийн албаны ёс зүйг дүгнэх нь бодит үнэнд нийцэхгүй гэдгийг хүндэтгэн хэлье" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!