
Онцгой байдлын байгууллага үүсэж хөгжсөн түүхт 22 жилийн ойгоор "Анхны сайдын нэрэмжит шагнал"-ыг хүртсэн Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч химичин, ахлах ахлагч Д.Төрмөнхтэй цөөн хором ярилцлаа.
-Та онцгой байдлын байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?
-Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд харуулын ээлжинд 782 удаа гарсан. Ой хээрийн түймрийн дуудлагад 202 удаа, 483 айл өрхийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Үүнээс цас зудны дуудлагад 42 удаа 128 хоног үүрэг гүйцэтгэсэн. Үер усны дуудлагад 50 удаа, зам тээврийн ослоор 10 удаа, өндрийн аврах ажиллагаа 8 удаа хийсэн байна.
-Анх яагаад аврагч болохоор шийдсэн юм бэ?
-Манай ахынх хөдөө байдаг байлаа. 2014 онд түймэр орж ирсэн. Мэдэхгүй хүмүүс чинь түймэрт өртөөд, яах вэ, ийх вэ гээд л айцгаагаад, машин тэрэгтэй нь унаж дайжаад, аав ээж л түймэрт ажиллаж байлаа. Тэгээд л онцгойхон ирээд асар хурдан дарж байхыг хараад энэ үнэхээр гоё мэргэжил юм байна ийшээ л оръё гэж бодсон. Ингээд 2014 оны есдүгээр сард Ахлагчийн сургуульд ороод 2015 оны нэгдүгээр сарын 30-нд төгсөөд, хоёрдугаар сарын 18-нд тушаалаа аваад, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх анги. Одоо анги болчихсон. Хуучин салбар байсанд анх орж байлаа. Тэр үед түймэр гэдэг зүйл ямар байдаг вэ, яаж ажилладаг вэ гээд л ах нартайгаа явдаг байлаа. Мэдэхгүйгээс мэдэх хүртэл заалгаж ажилласан. Ингэж энэ мэргэжилдээ орсон доо. Өөрийн хүсэл сонирхол мөрөөдлөөрөө л явсан.

-"Анхны сайдын нэрэмжит шагнал"-ыг хүртсэн сэтгэгдлээ хуваалцаач?
-Энэхүү нэр хүндтэй шагналыг ганцаараа хичээж аваагүй. Хамт олныхоо хүчин зүтгэлээр авлаа. Бүх анги хамт олондоо баярлалаа. Маш их баяртай байна.
-Ажилд ороод хамгийн анх ямар дуудлагад явж байв?
-Хамгийн анхны дуудлага Дорнод аймгийн Халхгол суманд гарсан Нөмрөг гэх газарт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар явж байсан. Үүнд 10 гаруй км үлээгчээ бариад явганаар явж байлаа. Тэнд ямар ч техник явах боломжгүй газар. 10 гаруй км явган явж байгаа мөртлөө ямар ч ядралт байхгүй. Нэгдүгээрт, Монгол Улсын зүүн урд хязгаар Дархан цаазат газрын түймрийг унтраахаар явж байна. Хоёрдугаарт, энэ түймрийг унтрааж байж гэртээ харих юм чинь маш хурдан унтраана л гэж бодсон. Тэр анхны дуудлага маань ерөөсөө мартагддаггүй.
-Хамгийн санаанаас гардаггүй хүнд дуудлага ямар дуудлага байдаг вэ?
-2015, 2020 онд гарсан түймэр хамгийн хүнд түймэр байсан. Тэрхүү түймрийг унтраахаар 40 гаруй хоног явж байсан. Хүн төөрсөн болон малын гоц халдварт өвчний дуудлагын үед 7-14 хоног ч юм уу, явах жишээний. Манай аймагт хавар, намартаа ой хээрийн түймэр их гардаг. Өвөл зам тээвэр болон цас зудны дуудлага ихтэй. Зундаа үер усны дуудлага ихэсдэг дээ.

-Онцгой байдлын байгууллага бусад байгууллагаасаа хамгийн нэр хүндтэй байгууллага байх?
-Тэгэлгүй яах вэ. Баярлалаа гэдэг үгийг байнга сонсдог байгууллага гэж ховор доо. Биднийг хүмүүс маш сайхнаар хүлээж авдаг. Хүнийг бүрэн бүтэн эсэн мэнд авраад, ар гэрт хүлээлгэ өгөх хамгийн жаргалтай байдаг. Тэр л үнэхээр гоё мэдрэмж. Ингээд нийт онцгой байдлын байгууллагаар овоглосон бүх алба хаагчдадаа, зүүн бүсийн Эрэн хайх ангийн хамт олондоо 22 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!