
Боловсролын сайд Л.Энх-Амгалан элсэлтийн шалгалтдаа бэлтгэж буй хүүхэд залууст амжилт хүсэж, захидал илгээжээ.
Захидалд,
Эрхэм дүүд энэ өдрийн мэнд хүргэе.
Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгсөж, амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээж буй эрхэм дүү нартаа Боловсролын сайдын хувьд болон хувиасаа баяр хүргэж, элсэлтийн шалгалтад нь амжилт хүсье.
Таны 12 жилийн хугацаанд хуримтлуулсан мэдлэг чадвар, уншсан ном, гаргасан хичээл зүтгэл бүхнийхээ үр дүнг үзэх цаг тулж ирээд байна. Энэ бол таны өөртөө оруулсан оюун мэдлэгийн хөрөнгө оруулалт билээ.
Элсэлтийн шалгалтдаа сандралгүй орж, өөрийн мэддэг, чаддаг бүхнээ дайчилж, шалгалтын хугацаанд анхаарлаа төвлөрүүлж амжилттай өгөөрэй. Мөн бидний хэрэгжүүлж байгаа боловсролын шинэчлэл бүр залуучууд та бүхний ирээдүйн эхлэл, өөрийгөө хөгжүүлэх орон зайг нээж өгөх үүд хаалга хэмээн ойлгож болно оо .
Багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, асран хамгаалагчид бол танай үеийнхнийг үргэлж дэмжиж, тулгарсан асуудлыг хамтдаа ярилцаж, та бүхний ирээдүйн сайн сайхны төлөө үргэлж санаа тавьж байдаг юм шүү. Энэ бүх итгэлийг эрхэмлэн санаж, урам зоригоор дүүрэн байхыг ахын хувьд захиж байна.
Хүн өөрийнхөө дуртай зүйлээ хийхдээ үргэлж аз жаргалтай байдаг. Яагаад гэвэл чин сэтгэлээсээ хандаж хийсэн ажил бүхэн амжилтад хүргэдэг. Тиймээс өөрийн ирээдүйгээ өөрөө бүтээж, хүссэн мэргэжлээрээ суралцан, амьдралын гараагаа зөв чиглүүлнэ гэдэгт итгэж байна.
Таны хэн байх , ямар мэргэжил сонгох нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн дүр төрхийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Элсэлтийн шалгалтдаа өөрийн хүссэн оноогоо авч, зорьсон мэргэжлээрээ их, дээд сургуулийн босгыг алхан амжилттай суралцахыг хүсэн ерөөе!
Эрдэм мэдлэг, амьдралын зам улам гэгээн, дардан байх болтугай гэжээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!