Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, тэдгээрийн харьяа байгууллагуд хамтран ахмад настны идэвхтэй дасгал, хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан таниулах, тогтмол хэвшүүлэх зорилгоор “Идэвхтэй насжилт-Дасгал хөдөлгөөн” аяны нээлтийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү аяны нээлтийг орон нутагт 2026 оны 05 дугаар сард багтаан хийж, улсын хэмжээнд жил бүрийн 05-11 дүгээр сарын хооронд хэрэгжүүлнэ.
Аяны хүрээнд аймаг, нийслэл бүр сум, баг, дүүрэг хороодод Засаг даргын тамгын газар 7 хоногт 2-3 удаа ахмад настны сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцсэн алхалт, гүйлт, шугаман бүжиг, хийн дасгал, иог зэргийг хийх талбай, байршил, цагийн хуваарийг батлан ахмадуудад мэдээлж өргөнөөр оролцуулах, зориулалтын заал, талбайн хүртээмжтэй ашиглуулах, дасгалжуулагч, чиглүүлэгч, сайн дурын ажилтнуудыг хариуцуулан ажиллуулах юм.
“Идэвхтэй насжилт-Дасгал хөдөлгөөн” аяны нийслэлийн нээлтийн арга хэмжээнд холбогдох яамд, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Нийслэлийн болон дүүргийн Засаг даргын тамгын газар Монголын ахмадын холбоо, Монголын социал демократ ахмадын холбоо, Улаан загалмай нийгэмлэг, Мянганы сорилтын сан зэрэг байгууллагууд хамтран ажиллав..
Арга хэмжээний үеэр дээрх байгууллагууд ахмадуудад дасгал, хөдөлгөөний ач холбогдол, зөв зохистой, эрүүл хооллолт болон ахмад настны цогц үнэлгээ (ICOPE), ахмад настны идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээ, асаргааны хувилбарт үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.
Дүүргүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тодорхой байршил талбайд хуваарийн дагуу хийн дасгал, шугаман бүжиг, явган алхалт, хөдөлгөөнт дасгал зэрэгт зохион байгуулж 1000 орчим ахмад настан оролцлоо.

Эрүүл байхын гол хүчин зүйлийн нэг болох “Идэвхтэй насжилт-Дасгал, хөдөлгөөн” аяныг хэрэгжүүлснээр:
- Ахмад настны тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд орон нутгийн оролцоо, байгууллага хоорондын хамтын ажиллагаа сайжирна.
- ахмадууд дасгал, хөдөлгөөний ач холбогдлыг ойлгож, биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл сонирхол нэмэгдэж, идэвхтэй амьдралын дадал хэвшилтэй болно.
- ахмад настны дунд зонхилох цусны даралтыг тогтворжуулах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, харвалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин, илүүдэл жингийн эрсдлийг бууруулах, сэтгэл гутралаас урьдчилан сэргийлнэ.
- ахмад настнуудын нийгмийн идэвх оролцоо нэмэгдэж, ахмад, залуу үе хоорондын залгамж холбоо сайжирна.
- ахмад настны амьдарч байгаа орон сууц, гэр байшингийн ойролцоо байрлах нийтийн эзэмшлийн болон биеийн тамир, спортын талбай, барилга байгууламж, заал, талбайн ашиглалт, хүртээмж нэмэгдэнэ.
Мөн арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлэх зарчмыг баримтлаж, бусдыгаа манлайлан идэвхтэй ажиллаж байгаа багш, дасгалжуулагчид болон ахмадуудыг урамшуулах, сайн туршлагыг хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр сурталчлах ажлыг зохион байгуулах юм.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!