
Дуурийн дуучин Б.Жавхлантөгс, түүний дүү Б.Идэржавхлан нартай ярилцлаа. Ах, дүү хоёр саяхан бие даасан уран бүтээлийн тоглолтоо тавьсан юм.
-Бие даасан тоглолт нь маш сайхан болсон тухай олны сэтгэгдлүүд хөвөрч байна. Таны хувьд тоглолт нь ямар болов. Сэтгэгдлээ хуваалцаач?
Б.Жавхлантөгс: Баярлалаа. Тоглолт маш сайхан боллоо. Корпорейтед ойрд тийм дүүрэн тоглолт болоогүй байх. 1000 хүний суудал нь дүүрээд, хоосон суудалгүй сайхан тоглолт болж дууслаа.
-Таны хувьд тоглолтын продюсероор ажиллаад хоёр өдрийн өмнө билет зарагдаж дуусаагүй гээд явж байсан бол хоёр өдрийн дараа бүгд дууссан гэж байсан. Тоглолт үзсэн хүмүүсийн сэтгэгдэл маш өндөр байх шиг байсан?
Б.Идэржавхлан: Продюсер ч гэж зүгээр л процессор л хийсэн дээ /инээв/. Ерөнхий мотавейшн, үйл ажиллагааг хариуцаж зохион байгуулагчаар гүйсэн. Тэгж гүйхээс ч өөр аргагүй. Арын албанд байж болох бүх л түвшинд зохион байгуулах гэж гүйсэн. Хүмүүс маш гоёор дэмжиж, урам хайрласан. Хамгийн гол нь дандаа хүсэж ирсэн үзэгчид байсан. Тоглолтын уур амьсгалаас ч мэдрэгдсэн. Сонгодог тоглолтыг тийм түвшинд үздэг хүмүүс бэлэн болчихсон байна гэдэг нь их гоё санагдсан.
-Хэдий хугацааны дараа тайзнаа эргэн гарав. Догдлол их байсан байх?
Б.Жавхлантөгс: Бие даасан тоглолт гэвэл 13 жилийн дараа хийлээ. Өөрийн зохион байгуулсан тоглолт гэвэл 11 жилийн дараа тоглолт зохион байгууллаа. Догдлол маш өндөр түвшинд, сандралтай, айдастай байлаа. Ямар ч байсан хоёр сарын хугацаанд маш сайн бэлдсэний хүчинд давж гарлаа.

-Ахтайгаа цуг нэг тайзан дээр гарах ямар байв?
Б.Идэржавхлан: Үгээр хэлэхийн аргагүй. Амьд хөгжим, мэргэжлийн оркестртой дуулах ёстой, яг л дуучдын барьдаг бэлтгэл, гам, форм бүгдийг барьсан. Сар гаруйн хугацаанд яг л дуучин шиг амьдарлаа. Хоолойны булчингаа булартал бэлтгэл хийсэн. Тайзан дээр гарах тэр мэдрэмж юутай ч зүйрлэшгүй. Зеритл маш сайхан хүлээж авсан. Түүнд нь үнэхээр урам орж баярласан.
Б.Жавхлантөгс: Анх удаа удирдаачтай дуулж үзсэн байх. Удирдаачтай дуулна гэдэг зарим мэргэжлийн дуучид ч дуулахад хэцүү байдаг. Яагаад гэхээр удирдаач дуу эхлэхийн өмнө дохиж оруулна. Түүнд нь орж чадахгүй дуучид ч их байдаг. Манайд ер нь урлагийн талын авьяастай маш олон хүн байдаг. Тэгэхээр тэр тал дээрээ хэмжээ ритм удирдаад, дохиод ороход яг л орж байна лээ.
Б.Идэржавхлан: Ер нь эвгүй юм байна лээ. Мэргэжлийн удирдаач гэхээсээ илүү амьд хөгжимтэй бас анх удаа л дуулж үзсэн. Ганц нэг удаа бэлэн фонограммтай дуулж л байснаас амьд хөгжимтэй дуулж үзээгүй. Тэр тайзан дээр байх мэдрэмж нь үнэхээр гоё юм байна лээ. Бид хоёрын багаасаа хамт дуулах юм сан гэсэн мөрөөдөл байсан. Аав, ээжийнхээ өмнө, хүмүүсийн өмнө хоёр дууг таалагдтал дуулсандаа үнэхээр баяртай байгаа.
Б.Жавхлантөгс: Уг нь хоёулангийн дуулсан бас нэг дуу байсан юм байна лээ. Нэг жүжгийн дуу байсан. Түүнийгээ мартчихсан байна лээ /инээв/.
-Таны хувьд арав гаруй жилийн хугацаанд унаж боссон, эр хүний хувьд сорилттой он жилүүд байсан. Эргээд хөл дээрээ босоход ямар хүнд давааг туулдаг юм байна вэ?
Б.Жавхлантөгс: Ер нь манай монголын амьдрал тэр чигээрээ л шалгуур, тэмцэл дунд л өрнөж байна. Яг л түүний адилаар унаж босоод амьдралын нугачаанд явлаа. Угтаа бол гадны оронд сонгодог урлаг нь дандаа дээр нь байдаг. Олдог орлого нь ч, дуулах үнэлэмж нь ч маш өндөр түвшинд байдаг. Манайд бол эсрэгээрээ хөнгөн талдаа байна. Мэргэжлийн сонгодог дуучид маань үнэлгээний хувьд ч гэсэн дунджийн түвшинд ч юм уу, зарим хөнгөн зэргийн урлагтай харьцуулахад маш доогуур ч юм уу, хүмүүс таньдаггүй. Тийм хэмжээнд л яваа. Яг монголын нөхцөлд тийм хэмжээний үнэлэмжтэй, тийм хэмжээний цалинтай хүмүүс амьдарна гэдэг маш хэцүү. Түүнээс үүдэлтэй стресс бухимдал үүсэж, ууж иддэг бол ууж иднэ. Стрессдээд архинд ордог ч юм уу, мөнгө олохын тулд янз бүрийн мөрийтэй тоглоом тоглоно. Иймэрхүү байдлаар явж байгаа залуус маш их байна. Онлайнаар янз бүрийн мөрийтэй тоглоом тоглодог юм уу, тэр бол залуусын дунд маш их байгаа. Би ч гэсэн өөрөө түүн дотор ороод гарсан хүний хувьд залуустаа уриалж хэлэхэд тэндээс мөнгө олоод, хожоод, баяждаг хүн гэж дэлхийд байхгүй. Тэгэхээр тийм зам руу битгий ороосой гэсэндээ өөрийнхөө туулсан амьдралыг ярьсан. Хүмүүс ичээд, санаа зовоод ярьдаггүй байх. Миний таньдаг хүмүүс ч маш их бий. Тэр хүмүүс ч гэсэн яриасай. Залуус битгий буруу зам руу ороосой гэсэн үүднээс өөрийгөө золиос болгоод хаяад өгчхөж байгаа хэрэг л дээ. Түүнээс болоод буллидүүлэх, буруудах хүмүүс ч их байна. Зөв талаас нь хараад, өөрийгөө засаад явах ч залуус их байна. Тэр үүднээсээ л анх ярьсан юм. Залуусаа битгий буруу зүйл рүү ороорой гэж бас уриалмаар байна.
-Гэр бүлийн хувьд нэг нь унаж босоод, алдаж оноод, буруу зам руу орохоор ард нь байгаа хүмүүс бие сэтгэл зүйн хувьд маш хүнд байдаг шүү дээ. Дүүгийн хувьд ах минь буруу зам руу орлоо, засаад авчих юм сан, яавал зөв зам руугаа орох вэ гээд их хэцүү байсан уу?
Б.Жавхлантөгс: Гэхдээ манай хэд ер нь мэддэггүй байсан байх аа /инээв/.
Б.Идэржавхлан: Зарим нэг тохиолдлуудыг дараа нь ярина. Миний хувьд хамгийн их харамсдаг байсан зүйл нь юу вэ гэхээр ах сонгодог урлаг гэдэг зүйлд үнэхээр үнэнч. Оюутан байхын л тийм байсан. Тухайн үед жаахан мөнгө хараад, ашиг хонжоо харсан бол нийтийн дуу гэж сайхан салбар байсан. Яг л моодонд орж байсан үе. Нийтийн дуу ер нь амархан шүү дээ . Яагаад гэхээр нийтийн дуунд орж байгаа хүмүүс СУИС-ийг дуурийн дуучин гэдэг мэргэжлээр төгсөж байгаа хүмүүс байдаг. Нийтийн дууны анги гэж байдаггүй. Зарим үед би ахын өмнөөс зүгээр л хэдэн гоё хит дуу гаргаад явчхаж болдоггүй юм уу гэж боддог үе байсан. Оюутан байхаасаа бид хоёр хамт амьдардаг. Сонгодог урлаг гэдэг зүйлийг би өөрөө ойлгоод өсчихсөн учраас үүний ард гарахад монголд ямар хэрэгтэйг мэдээд байгаа юм. Ах ч биш нийгэмд золиос болсон сонгодог урлагийн хүмүүс их байна л даа. Үүн дээр мэргэжлийн урлагийн байгууллага нь, Дуурийн театр нь, Соёлын яам нь, соёлын газрууд зөндөө байгаа шүү дээ. Эд нь өөрсдөө жаахан ухаантай байх ёстой.

-Сонгодог урлагийг яагаад хүмүүс үзэхгүй, сонирхохгүй байгааг та юу гэж харж байна вэ?
Б.Идэржавхлан: Урлаг, соёлын газрууд нь л ажлаа муу хийж байна гэсэн үг. Би хувьдаа ингэж боддог. Би чинь бас боловсролын салбарын хүн шүү дээ. Нэгдүгээрт, дуурийн боловсролыг боловсролын хөтөлбөрт дунд сургуулиас нь нэвтрүүлэх ёстой. Хоёрдугаарт, энэхүү чөлөөт зах зээлийн нийгэмд нэг дуурь тавья л даа. Жишээ нь, Евгений Онегин тавья. Дуурийн гол дүрийг нь нээлттэй сонгон шалгаруулах ёстой. Үзэгчдээс ч гэсэн санал авч болно шүү дээ. Хэнийг тоглуулах вэ гээд. Хүн өөрийнхөө хүссэн хүнийг л очиж үзнэ. Цаг үеэ дагаж хөгжихгүй, хэдэн хүн тайзны ард суучхаад, сонгон шалгаруулалт нэртэй хийгээд, тавиад тэр хүмүүстээ л таалагдаад байгаа болохоос нийтэд таалагдахгүй л байна шүү дээ. Шоу ертөнцөд сонгодог урлаг яаж цохиж орж ирэх вэ гэдэг чинь шоу ертөнцийнхөө жамаар явж байж, энтертайнмент багууд нь орж ирж байж сонгодог урлаг хөгжинө. Хүмүүсийн нэг буруу ойлголт байдаг. Сонгодог урлаг бусад төрөл жанраасаа өөр. Язгуур юм гэдэг чинь өөр байдаг. Тэгэнгүүт эрх чөлөө яриад, залуус өөрийн сонгосон урлагийг л сонсоно гэж маш буруу ярьдаг. Сөүл байна уу, RMB байна уу, жазз байна, хип хоп байна уу хамаагүй сонсож болно. Гэхдээ бүх л хүн сонгодог урлагийг сонсож байх ёстой. Энэ чинь өөрөө урлагийн язгуур нь. Тэгээд цаашаа хөгжөөд явахдаа өөрийнхөө жанраар хөгждөг. Гадаадын бүх том одууд дуурийг бүгд хүндлэн үздэг. Жишээ нь, хоолоор ярих юм бол би цуйванд дуртай, та хуушуурт дуртай гэж бодъё. Тэгэхээр сонгодог урлаг нь өөрөө мах байхгүй юу. Тиймээс бид энэ язгуур руугаа орж нягтарч чадахгүй бол өнөөдрийн нийгэм ямар бүдүүлэг, зэрлэг болж байна. Манайд сонгодог урлаг хаягдсанаас болоод нийгэмд байгаа энэ ерөнхий боловсролын зэрлэгшлүүд ихсээд байгаа юм аа. Тэгэхээр хүний эрх чөлөө, сонголт гэдэг нэг өөр. Язгуур юм гэдэг нэг өөр. Тэр ч утгаараа 500 гаруй жилийн түүхтэй дууриуд дэлхийн бүх театруудаар тавигдсаар байна. Түүнийг бүх дэлхийн одод хүсэн хүлээж үзсээр байна. Бас нэг жишээ нь ийм байдаг. Кино гэвэл нэг киног гурав үзээд уйдна биз дээ. Гэтэл нэг дуурийг хэдэн сая тавьж байгааг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ түүнийг хэдэн мянган удаа үзэж байгааг мэдэхгүй. Үзээд л байдаг. Яагаад гэхээр гол дүр нь Батыг дуулахаар нэг үзнэ, Доржийг дуулахаар нэг үзнэ. Жонийг дуулахаар нэг үзнэ. Жонсонг дуулахаар нэг үзнэ. Тэгж байж түүнээс таашаал авдаг. Хүн болгон түүнийг өөр өөрөөр дуулдаг.
Б.Жавхлантөгс: Тэгээд найруулга нь ч гэсэн өөр өөр. Отеллог гэхэд манайд хэдэн зуун мянган удаа тавьсан. Гэтэл Гомбосүрэн гуайг л мэддэг. Тэгтэл одоо хэн тэнд дуулаад байгаа юм бүү мэд. Хоногшиж өгөхгүй байна гэсэн үг. Тэгсэн хэр нь дэлхийд алдартай манай одод зөндөө байна. Ардын жүжигчин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гээд л. Саяхан нэг ирээд дуулаад явахад Дуурийн театр дүүрч чадаж байна шүү дээ. Энэ боломжуудаа бид яагаад ашиглахгүй байгаа юм бэ. Яагаад тэр дэлхийн хүнээ бид өөрсдөө ашиглахгүй байгаа юм бэ. Монголд гудамжинд явж байгаа дуурийн том дуучид зөндөө байна шүү дээ. Тэднийгээ ашиглахаа больчихсон. Тэгэхгүй бол манайхан социализмын үед ямар системээр явж байсан яг тэр системээрээ л яваад байгаа.
-Та энэ тоглолтоороо монголоо тойрох уу?
Б.Жавхлантөгс: Монголоо тойрно гэсэн бодол байна. Гэхдээ өөрсдөө зохион байгуулаад явна гэвэл асар их зардал, цаг хугацаа орно. Маш олон хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Тэгэхээр миний бодол шүү. Энэ гоё тоглолтыг аймгуудад бизнесмен хүмүүс байдаг бол тоглолтоо үнэлж зараад, нөгөө хүмүүс нь ч өөрсдийнхөө ашгийг олчихно. Ажил хийсэн цалингаа тэндээсээ гаргаад авчихна. Миний зарж байгаа үнээр худалдаад авчихна. Тэгвэл би эндээсээ хамт олон, багаараа очоод тоглоход бэлэн. Яг л энэ бүрэлдэхүүн, хамт олноороо тоглохгүй бол тоглолтын утга учир гарахгүй. Багтайгаа явахгүй тэнд очоод фонограмм тавиад дуулбал яг л нөгөө нийтийн дуучид тойрч дуулдаг шиг тийм л юм болно. Тэр тал дээр дэмжээд хамтран ажиллах хүмүүс байвал нээлттэй.

-Та Ubcab-даа явж байгаа юу?
-Явж байгаа.
-Бүх зүйлийг тэгээс эхлэх ямар байдаг юм байна?
-Ер нь тэгээс эхлэх гоё шүү дээ. Ямар ч өр ширгүй болсны дараа бүх зүйлийг тэгээс эхлэх маш гоё амттай.
-Өрөө дарах хүртэл хэр их хүч хөдөлмөр зарцуулав?
-Нэлээд юм болсон. Одоо бол тоглолтоо дуусчихсан маш сайхан байна. Миний дуулах дараагийн 20 жилийн карьерын эхлэл тавигдчихлаа. Одоо дахин шинэ уран бүтээлүүд рүү орчихсон. Удахгүй гоё шинэ уран бүтээлүүдээ цацаад, клипжүүлээд явна.
-Би ахын тань ярилцлагыг үзээд аа нээрээ дуурийн дуучин байсан. Өрөнд орсон, япон явсан, хар ажил хийсэн, өрөө дарахаар ажилласан, мөрийтэй тоглоом ийм аюултай юм байна гээд л ухаарал олсон ярилцлага үзэж байгаа юм. Та төрсөн дүүгийн хувьд ахынхаа ярилцлагыг үзээд юу бодогдож байв?
Б.Идэржавхлан: Яг үнэнийг хэлэхэд би яг тэр үед монголд байгаагүй. Сошиал хаягуудаа гадаадад байсан болохоор хаачихсан. Тэгээд шуумаар сонсож байгаа юм. Гэр бүлийнхээ хүрээнд. Бид хоёр төрсөн цагаасаа хойш урт хугацаанд нэгнээсээ хол байсан үе маш цөөхөн. Бүх л цаг хугацаанд цуг байсан болохоор бүх л зүйлийг нь мэддэг. Тэнд яригдсан зүйлүүд миний эмзэглэж байсан л зүйл. Тэгээд л цаг үеийн тохироо нь бүрдлээ гэдэг шиг эргэн ирэхэд бэлэн боллоо. Бие, сэтгэл зүй ч бэлэн болсон байх. Тэр ч утгаараа хүмүүст их хүрсэн байх. Миний хувьд бодит үнэн тийм байсан. Сэтгэлийн хат тэнхээ гэдэг зүйл тийм л үед гарч ирнэ шүү дээ. Тэгээд л миний ганц бодсон зүйл би хурдан буцах ёстой юм байна. Хийх ёстой юмаа хийх ёстой гээд л ирсэн.
-Хийх ёстой юмаа хийж чадсан уу?
-Би өөрийнхөө хэмжээнд чадсан гэж бодож байна /инээв/. Хийж чадсан эсэхийг бас тоглолт үзсэн 1000 хүн хэлэх байх. Тоглолт үзсэн хүмүүсийн сэтгэгдлийг харахад муулсан зүйл харагдаагүй тэгэхээр чадсан байх л гэж бодсон. Үүгээрээ бас ах минь эргэн ирэлтээ маш сайхнаар зарлаж чадлаа. Хүмүүс их уйлсан байна лээ. Бид хоёр тэнгэрт байгаа найзууддаа зориулаад цуг дуулж байхад хүмүүс уйлж байгаа нь, мэгшиж байгаа нь мэдрэгдсэн. Тэдгээр хүмүүсийг харахаар дагачих гээд, аль болох зеритль рүү харахгүйг хичээж дуулсан.
-Эргээд бас бүх зүйл голдиролдоо ороход маш их хүмүүсийн тус дэм орсон байх?
Б.Жавхлантөгс: Тэгэлгүй яах вэ. Хэрвээ надад тулах цэг өгвөл би дэлхийг өргөнө гэдэг шиг Тордайн Ганболд ах миний тулах цэг болсон. Ганболд ахдаа ч гэсэн байнгын баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Корпорейт яг одоо монголд байгаа концертын номер нэг заал. Мэргэжлийн талаасаа ч тэр, хүмүүсийн тав тух талаасаа ч тэр миний мэдэх монголын хамгийн номер нэг концертын заал. Хуучин Соёлын төв гэх мэт газрууд байсан. Эдгээр газрууд маань одоо хуучирсан, элэгдсэн. Сүүлдээ маш том техникүүд тавьж техникийн хүчээр дугаргадаг. Корпорейтийн техникүүд стандартын түвшинд. Хүний чих сонсож чадах хэмжээнд дугаргадаг. Бусад газрууд техникээр зоддог. Хүмүүс чанга дуу чимээг гоё гэж ойлгодог. Уг нь бол энэ чинь дэлхийд стандарт хэмжээ ийм байна гээд заагаад өгчихсөн. Түүнээс үүдэлтэй хүмүүсийн урлаг сонирхох сонирхол буурч байж ч болох. Жишээ нь, миний тоглолт хоёр цаг тоглоход хүний авах хэмжээнд дуу чимээг өгч, хүний тархи чихийг ядраахгүй. Гэхдээ хоёр цаг дуулж байгаа дуунд хүн уйдахгүй. Бүх гоё кайфыг хүн хүлээж авах хэмжээгээрээ хүлээж авсан. Дээрээс нь монголд номер нэг их гарын төгөлдөр хуур тэнд байгаа. Тэр маш өндөр үнэлгээтэй. Өдрийн түрээс нь 10 сая төгрөг гэж байхад надад үнэгүй гаргаж өгч байгаа юм. Тэр үнэтэй зүйлээ сэтгэл гаргаж надад итгэж өгсөн. Үнэхээр сэтгэл гаргаж тусалсан. Түүнд нь би үнэхээр баяртай байгаа. Тэр бол намайг дэлхийн бөмбөрцгийг өргөх тулах цэг минь болсон. Ганболд ахдаа дахин дахин баярлаж байгаагаа хэлмээр байна.

-Эр хүний хувьд сайн муу, сайхан муухай, унаж босох, эхлэх төгсгөх бүх л зүйлийг туулж явлаа гэж би хувьдаа хараад байгаа. Энэ бүх зүйлийг туулаад үзэхээр амьдралыг үзэх үзэл өөрчлөгддөг юм байна уу?
-Хүн хүний амьдралыг үзэх үзэл өөр өөр л байдаг байх. Миний амьдралыг үзэх үзэл, зорилго мөрөөдөл яг л хэвээрээ байгаа. Тийм ч учраас буцаж босож ирсэн байх. Түүнээс амьдралыг үзэх үзэл, бусад зүйлүүд нь өөрчлөгдсөн бол өөр тийшээ л явчих байсан байх. Урлаг руугаа буцахгүй байсан. Жишээ нь, би японд ажил хийж байхад маш гоё зүйлүүд сурч байгаа юм л даа. Ажил хийж сурч байгаа юм. Мэдээж маш хүнд байсан. Маш их ядарсан. Тэр хар халуунд, тэр халуун асфальтан зам дээр зогсоод, дээрээс нь халуун нар төөнөөд, тэр байшингийн дээвэр дээр зогсоод халуун наранд ажил хийж зогсохдоо маш их ядарч байсан. Хэрвээ тэр үед ертөнцийг үзэх үзэл, амьдралыг харах өнцөг өөрчлөгдсөн бол магадгүй тэндээ үлдээд ч юм уу, тэгэх л байсан байх. Гэхдээ би тэгэхийг хүсээгүй. Би мөнгө олж уран бүтээл хийж дуулна гээд, япон явсан хүн шүү дээ. Тиймдээ ч маш гоё ажлуудыг хийж сурсан. Бас магадгүй энэ уналтын үе надад ажил хийж сурах боломжийг олгосон ч юм бил үү. Зам хийж сурлаа, барилга яаж барьдаг юм. Байшинг нураавал аль талаас нь яаж нураах, өөрөө дарагдаад үхчихгүй яаж зөв нураах вэ, тулгуур баганатай яаж харьцах вэ гээд л энэ талаасаа бодоход бас маш их зүйлийг сурч ирсэн.
-Та түрүүн хурдан буцахгүй бол болохгүй юм банйа гэсэн шүү дээ. Эргэж ирээд ахынхаа юуг нь өөрчлөхийг хичээв. Одоо урлагтаа эргэн ирэлт хийлээ. Энэ бүхнийг харахад сэтгэлд өег байна уу?
Б.Идэржавхлан: Миний хувьд ахыгаа өөрчлөх гэж биш өөрчлөлтөө угаасаа өөрөө хийчихсэн байсан. Тэгэхээр би зүгээр л туслах үүргийнхээ хувьд л бодсон. Тэр ажлаа л тултал хийхэд бусдыг нь ах өөрөө чадахыг мэдэж байсан. Манай аав ээжийн бидэнд өгсөн зүйл нь үзэл бодол, шударга зүйлд үнэнч бай, аливаа шийдвэрийг өөрсдөө бие дааж гарга гэдэг байсан. Бидний мэргэжилд хэн ч нөлөөлөөгүй. Бид өөрсдөө л шийдсэн. Тэгэхээр аав ээж хоёрынхоо зарчмаар хэн ч, юунд ч оролцдоггүй. Тиймээс өөрчлөлт хийх, эргээд сэргэх бүх л зүйлийг ах өөрөө шийднэ. Шийдчихсэн гэдгийг нь мэдэрсэн учраас миний хувьд хийх ёстой зүйлээ хийдгээрээ хийгээд, туслах л ёстой юм байна гэж л бодсон.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!