О.Маралгуа: “Динза Элч“-ийн цуглуулсан оноогоороо их сургуулийн төлбөрөө төлнө

Огноо
Унших
10 минут 50 секунд

"Динза Цондоолойн анд найзууд" ТББ-ын хэрэгжүүлж буй “Динза Элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөн нь ахлах ангийн сурагчдыг манлайлагч болгон оролцуулж, бага ангийн хүүхдүүдийн унших соёлыг дэмжих зорилготойгоор Ерөнхий боловсролын 88 сургуульд хэрэгжиж эхлээд байна. Тус хөтөлбөрийг хамгийн анх хэрэгжүүлж эхэлсэн сургууль нь Нийслэлийн СХД-ийн 154 дүгээр сургууль юм. 154 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн 2 бүлэг төсөл бичиж “Динза Элч” хөтөлбөртэй хамтран ажилласнаар олон улсын нэр хүндтэй их, дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр элсэн суралцах боломж бүрдээд байна.

Ингээд “Динза Элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөнийхөн анхны тэтгэлэг авсан сурагчдынхаа амжилтын баярыг тэмдэглэж буйг сурвалжиллаа.

СХД-ийн 154 дүгээр сургууль бидний хэлж заншсанаар 21 дүгээр хороололд байх Содон хорооллын зүүн талд байрладаг. Шинэ суурьшлын бүс болж байшин хороолол ихээр баригдаж буй энэ бүсэд тус сургууль үүд хаалгаа нээжээ. “Динза Элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөн ч эхний ээлжийн 88 сургуулиа олон сурагчтай, номын сангүй сургуулиудыг сонгон тохижуулжээ. Энэ нь ч тус сургуулийн тулгамдсан асуудал байсан тул 12 дугаар ангийн хоёр бүлэг сургуулиа номын сантай болгохоор төсөл бичиж, тэднийг дэмжих байгууллага хайсан нь “Динза Элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөнтэй яв цав таарч хамгийн анхны сургуулиар сонгогдон, номын сантай болох эхлэл тавигдсан байна.

Сургуулийн үүдээр ороход л хүүхдүүдийн хөл үл тасрах шилэн хаалга нүдэнд туссан нь тэдний шинээр тохижуулсан номын сан. Энд ямар ч сандал ширээ, буйдан, суудал харагдахгүй. Харин зөөлөн ногоон ширдэг дэвсэж, хүүхэд хаана ч суух, хэвтэх боломжийг бүрдүүлжээ. Үүдээр нь оронгуут л хүүхдүүд өөрсдөө нэг ханаа тэр чигээр нь ватум цаас нааж, бүхий л хүсэл, сэтгэгдлээ бичин өөрсдийнхөөрөө ханаа чимэглэсэн байлаа. Түүнийгээ тойруулан олон өнгийн шаараар чимэглэж, хоосон үлдсэн зайд нь ч шинэхэн номын сангийнхаа тухай бичсэн байна. “Динза Элч” гэдгээ илтгэх мэт ахлах ангийн сурагчид Динзагийн малгайгаар ижилсэж, байс гээд л баруун чихээ, солбиод л зүүн чихээ босгоно.

Төд удалгүй хаалгаар "Динза Цондоолойн анд найзууд" ТББ-ын тэргүүн А.Дэлгэржаргал орж ирэхэд танихгүй хүүхэд ч гэж алга бүгд л ангийн багш нь орж байгаа юм шиг дотноор хүлээж авав.

"Динза Цондоолойн анд найзууд" ТББ-ын тэргүүн А.Дэлгэржаргал ярихдаа "Өнөөдөр бид монголын ирээдүй болсон авьяаслаг, хөдөлмөрч хүүхдүүдийнхээ баярыг тэмдэглэхээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. “Динза Элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөн эхлээд ердөө 18 хонож байна. 154 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн хоёр бүлэг “Динза Элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөний хамгийн анхны анги. Тиймээс бид анхны үр дүнгийн өдөрлөгөө хийж байгаа юм. Бид энэхүү хөдөлгөөнийг хийх төлөвлөгөөгөө дөнгөж боловсруулж байх үед буюу 2025 оны арванхоёрдугаар сард 12 дугаар ангийн хоёр бүлэг надтай уулзах хүсэлт тавьсан. Өөрсдөө хүрч ирээд, манай гэрийн хажуугийн кофе шопод бид анх уулзаж байсан юм. Одоо тус хөдөлгөөн үндэсний хэмжээнд өрнөөд 88 сургуульд “Динза Элч” ажиллаж, номын сантай болсон байна. Өнгөрсөн долоо хоногт энэ ангиас маань University of Pennsylvania-ийн Бартнийн их сургуулиас сурагч П.Ариунаа маань 1.5 тэрбум төгрөгийн 100 хувийн тэтгэлэгтэй суралцах батламжаа авлаа. Мөн хоёр дахь хүүхэд ч Шанхайн их сургуулиас 250 сая төгрөгийн тэтгэлгээр суралцахаар болсон. Одоогоор батламж нь хараахан ирээгүй учир бид нэрийг нь нууцалж байна. Ийм сайхан амжилтаар бидний хөдөлгөөн эхэлж байна" гэлээ.

"Динза Цондоолойн анд найзууд" ТББ-ын тэргүүн А.Дэлгэржаргал анх уулзаад л тэдний саналыг хүлээж авсан нь өөрсдийнх нь хэрэгжүүлэхээр зорьж байсан ажлыг цаасан дээр төсөл болгоод бодитоор буулгаад ирсэн тул хамгийн анхны “Динза Элч”-ээр 154 дүгээр сургуулийн 12-2 дугаар ангийнхныг сонгосон нь ийнхүү амжилтаар эхэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа дахин дахин илэрхийлсэн юм.

154 дүгээр сургуулийн 12-2 дугаар ангийн багш Д.Мягмарцэцэг "Хүүхдүүд маань өөрсдөө энэхүү хөдөлгөөнийг санаачилж, уриалан оролцож байгаа. Багшийн хувьд чиглүүлэх үүргээ гүйцэтгэж байна. Ахлах ангийн сурагчдын хувьд олон улсын тэтгэлэг авахад хамгийн том шалгуур үзүүлэлт нь нийгмийн нөлөөлөл, манлайллыг хардаг юм байна лээ. Хүүхдүүд маань энэхүү хөдөлгөөнд маш идэвх санаачилгатай оролцож, нөлөөлж, манлайлж чадсан учраас манай ангиас хоёр ч хүүхэд олон улсын тэтгэлэг аваад байна. Цаашид ч энэ амжилтын буухиа үргэлжлэх байх аа" гэлээ.

“Динза Элч” үндэсний хөдөлгөөн нь сайн дурын ажил төдийгүй, үеийнхэндээ болон ерөнхий боловсролын бүхий л сургуулийн сурагчдад нөлөөлөх боломжийг нээж, хөдөлгөөнөөс төрөн гарч буй сурагчид олон улсын нэр хүндтэй их, дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр элсэн суралцах амжилт үзүүлж, боловсролын салбарт шинэ боломж, сайн жишээг бий болгоод байна.

University of Pennsylvania-ийн Бартнын их сургуулиас 1.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг авсан сурагч П.Ариунаагаас хэрхэн тэтгэлэгт тэнцсэн талаар цөөн асуултад харилут авлаа.

-"Динза элч" болохоор ангийнхнаа хэрхэн уриалав?

-Хүүхдүүд ном бага уншиж, утас их оролддог болсон юм байна. Тиймээс хүүхдүүдэд ном уншуулъя, утас оролдох цагийг нь багасгая гэдэг үүднээс хамгийн анх төсөл бичих ажлыг санаачилж, төслөө ахалж бичиж эхэлсэн. Үүнд мэдээж ивээн тэтгэгч хэрэгтэй. Ивээн тэтгэгчээ олъё гээд "Динза Цондоолойн анд найзууд" ТББ-тай уулзаж байсан юм. Төсөл маань ч амжилттай боллоо. Энэ төслөөрөө манлайллын ажлуудыг их хийсэн.

-"Динза элч" болсноор юу сурсан бэ?

-Манлайллын талаар маш их зүйл сурсан. Бусдыгаа манлайлна гэдэг өөрөө маш том бэрхшээл. Хэн ч шууд л бусдыг уриалан дуудаад, хөтлөөд явж чадахгүй. Хүүхдүүдтэй яаж харьцах вэ, танихгүй хүүхдүүдийг нэг бүлэг болгон нэгтгээд яаж авч явах вэ гэдэг зүйлийг энэ төслөөс, энэ үндэсний хөтөлбөрөөс сурсан.

-Тэтгэлэгтэй суралцахаар материалаа бүрдүүлж байгаа үеийнхэндээ юу гэж зөвлөх вэ?

-Нийтэч байгаарай. Өөрийнхөө бүх боломжийг ашиглаж сур. Дээрээс нь үеийнхнээ уриалан дууддаг, манлайлалтай байвал давуу тал шүү. Тэтгэлэг хүсэхэд хамгийн том алхам нь манлайлал юм байна лээ.

"Динза элч" үндэсний хөдөлгөөний анхны гишүүд ийнхүү олон улсаас тэтгэлэг хүртсэн баяраа сургуулиараа, ТББ-ын хамт олонтой ийнхүү тэмдэглэж байна.

Энэ үеэр тус хөдөлгөөний гишүүн 154 дүгээр сургуулийн 10-4 дүгээр ангийн сурагч О.Маралгуатай ярилцсан юм.

-"Динза элч"-ийн үүрэг, оролцоо юу байдаг вэ. "Динза элч" болсноор ямар давуу талууд бий болж байна вэ?

-"Динза элч" үндэсний хөдөлгөөн нь сургуулиа номын сантай болгох зорилготой. "Динза элч" болсноор хүүхдүүдэд ном яаж унших, ямар ном сонгох, ойлгохгүй бол яах вэ, ном уншаад ойлгосноо хэрхэн тайлбарлах вэ гэх мэтээр туслах зорилготой. "Динза элч" нь дандаа ахлах ангийн сурагчид. Ахлах ангийнханд тэтгэлэгт хамрагдах боломжийг бүрдүүлж өгдөг.

-"Динза элч" болсноор ном хэр уншдаг болсон бэ?

-Ном их уншдаг болсон. Тэр тусмаа Динзагийн номууд их сонирхолтой. Динзагийн номууд IQ, EQ-г зэрэг хөгжүүлдэг. Динзаг уншихад цаг хугацаагаар их аялдаг болохоор монголынхоо түүхийг сайн мэддэг болсон. Багачуудад зориулсан зурагт ном болохоор дүү нартайгаа нийлж ном их уншдаг. Сайн дурын ажил хийж байх үед Динзагийн номыг насанд нь арай багадах юм байна гээд байдаг. Надад эсрэгээрээ санагддаг юм. Харин ч зурагт тайлбартай, зургийг хараад утга санааг ойлгож, тайлбарлахад амар байдаг. Хүүхдүүд зурагт ном унших их дуртай. Зурган дээрх үйл явдал нь ойлгомжтой, сонирхолтой санагддаг.

-Их сургуульд ороход нь "Динза элч" ямар түлхэц үзүүлж байна вэ?

-"Динза элч" болоод нэг ном зарахад 35 хувь нь бидний хувийн санд хуримтлагдаж, хандив болдог. 100 Динза оноо цуглуулбал 200 мянган төгрөгийн тэтгэлэгтэй. Цаашаа нэмэгдээд явна. Үлдсэн 65 хувь нь номын сандаа зориулагддаг. Бид цуглуулсан оноогоороо сургалтын төлбөртөө нэмэрлэж болно. Янз бүрийн сургалтуудад хамрагдаж болно. Ер нь суралцах, боловсрол олох бүхий л зүйлийнхээ төлбөрийг тэрхүү цуглуулсан оноогоороо хийж болно.

Наадмын сорилго барилдаанд улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ
Наадмын сорилго барилдаанд улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ
 
СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр явуулж, тайланг хаалттай хэлэлцэнэ
СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр явуулж, тайланг хаалттай хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!