
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны хуваарьт багтсан дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээний нэг “Улаанбаатар опен-2026” энэ сарын 3-7-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөв.
“Буянт-Ухаа” спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилсэн тус тэмцээнд Иран, ОХУ, Энэтхэг, Япон, БНАСАУ, Киргизстан, Хятад тэргүүтэй чөлөөт бөхийн спорт өндөр хөгжсөн 23 орны 297 тамирчин зодоглосон юм. Монголын тамирчид эх орныхоо дэвжээнд гурван төрлөөр хоёр алт, таван мөнгө, таван хүрэл, нийт 12 медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.
Тодруулбал, сонгомол бөхийн төрлөөр хоёр мөнгө, нэг хүрэл медаль авснаар багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан нь олон улсын түвшинд үзүүлсэн анхны том амжилт байлаа. Сонгомол төрлөөр Энэтхэгийн баг түрүүлж, Киргиз удаалсан юм.
Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ангилалд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байрт шалгарав. Эмэгтэйчүүдэд Хойд Солонгосын баг таван алттайгаар тэргүүлсэн бол энэтхэг дэд байр эзэллээ. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын баг тэргүүлж, Энэтхэг, Казахстаны удаалсан бол манай шигшээ баг дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!