
Хөдөөний замаар хотыг зорьсон машинууд нэмэгдэж, айлуудын гадаа том жижиг цүнх, уут сав хөглөрч, ээжүүд хүүхдүүдийнхээ хэрэгтэй бүхнийг нэг бүрчлэн базааж өгнө.
“Энийг аваарай, үүнийг мартуузай” гэж захисаар байгаад бараг л гэрийнхээ юмыг бүтнээр нь хот руу нүүлгэх нь холгүй. Хэдхэн хоногийн дараа хөдөөний хүүхдүүд хотын оюутан болно. Өглөө босоход нь малын дуу биш автобусны дуу сонсогдоно. Өглөөний цайгаа ээжээрээ хийлгэх биш, өөрөө яаж нэг юм болгож идээд хичээлдээ гүйнэ.
Нэг гартаа цүнх, нөгөө гартаа утсаа барьчихаад автобусны буудал дээр “энэ автобус мөн үү?” гэж гайхаж зогсох шинэ оюутнууд ч олон. Харин хотод нэг мэдэхэд л намрын хөл хөдөлгөөн орчихно. Их сургуулийн үүдээр дүүрэн оюутнууд, дотуур байрны коридорт чемодан чирсэн хүүхдүүд, найзтайгаа уулзаад тэврэлдэж байгаа залуус…

Хэн нэгэн “энэ жил ямар хичээл сонгосон бэ?” гэж асууж байхад нөгөө нэг нь “байр олсон уу?” гэж асууна.
Шинэ танил, шинэ анги, шинэ багш, шинэ амьдрал эхэлнэ. Зарим нь бүр Монголоосоо гараад алсын орныг зорьж байна. Өчигдөрхөн л нутгийнхаа шороон замаар давхиж явсан хүүхэд өнөөдөр онгоцонд суугаад өөр хэлтэй, өөр хоттой газар очно. Мөрөөдөл гэдэг хүнийг хаа хүргэхийг таахын аргагүй юм

Хөдөө үлдсэн ээж аавуудын хувьд хүүхэд нь хол явж байгаа ч “сайн сураарай” гэдэг ганц л захиас бий. Араас нь санаа зовно, бас бахархана. “Манай хүүхэд оюутан болсон доо” гэж айл саахалтдаа хэлэхдээ өөрсдөө ч мэдэлгүй инээмсэглэнэ.
Харин хүүхдүүд нь хотод ирээд өөрсдийнхөө амьдралыг бага багаар бүтээнэ. Зарим нь анх удаа гэрээсээ хол амьдарч үзнэ. Зарим нь анх удаа өөрөө хоолоо хийж үзнэ. Зарим нь бүр сарын эхэнд их мөнгөтэй байснаа сарын сүүлээр “ээж ээ, дансанд жаахан мөнгө…” гэж дуудлага хийхэд хүрнэ.
Ингээд намар гэдэг улирал хотыг нэг хэсэг залуужуулчихдаг юм байна. Хөдөөний замаар хотыг зорьсон хүүхдүүдийн мөрөөдөл хотын гудамжаар тарж, хотынхон ч нэг мэдэхэд хичээлийн шинэ жилийн хөл хөдөлгөөнд дасчихна.
Өнгөрсөн жилийн оюутан энэ жил ахлах ангийнхандаа “манай сургууль ийм шүү” гэж зөвлөгөө өгч, шинээр ирсэн нь “энд хаана хоол иддэг вэ?” гэж асууна.
Ингэж л нэг намар эхэлнэ. Хэн нэгэн анх удаа оюутан болж, хэн нэгэн шинэ найзтай болж, хэн нэгэн анх удаа гадаад орны замд гарна. Хүн бүр өөрийнхөө дараагийн хуудсыг нээдэг улирал юм даа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!