“Сургуулийн эргүүлийн ажиллах журам“-д өөрчлөлт оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 1 секунд

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 177 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах асуудлыг НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахалсан Ажлын хэсэг цахимаар хуралдан хэлэлцлээ. Хурлаар журамд тусгах хэд хэдэн санал, өөрчлөлтийг танилцууллаа.

Тухайлбал, журмын 1.3 дахь заалтад “Сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно” гэж заасныг “бүтэн өдрийн цалинтай чөлөө олгоно” болгон өөрчлөх санал дэвшүүлжээ.

Мөн журмын 2.2 дахь заалтад Ерөнхий боловсролын сургуулийн захирал тухайн хичээлийн жилд сургуулийн орчинд эргүүлийн үүрэг гүйцэтгэх сурагчдын эцэг эх /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн хуваарийг гарган баталж, эргүүлд ажиллах иргэдэд урьдчилан 7 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заасан байдаг. Эргүүлийг хичээлийн өглөөний ээлж /07:30–13:30/, өдрийн ээлж /13:30–19:30/ цагт тус бүр хоёр хүн гаргахаар зохион байгуулдаг байсныг сургуулийн орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, ээлж бүрд гурван хүн ажиллуулахаар өөрчлөх саналыг хэлэлцэв.

Түүнчлэн журмын 2.3 дахь заалтад “Сургуулийн эргүүл” нэг удаад дөрвөн эцэг эхийг эргүүлд гаргах бөгөөд хоёр эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хоёр эргүүл сургуулийн ойр орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ гэж заасныг нэг удаад зургаан эцэг эх эргүүлд ажиллах, үүнээс гурван эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гурван эргүүл сургуулийн орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр өөрчлөх зэрэг утга найруулга, зохион байгуулалтын хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ.

Ажлын хэсгийн гишүүд журамд тусгаж байгаа саналуудыг "Хэнд ч хэрэггүй, нэмэлт ажил гэж хүлээж авч шүүмжлэхээсээ илүү миний хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалж байгаа үйл хэрэг гэж ойлгох хэрэгтэй. Эцэг эхчүүд хэн нэг танихгүй хүнд мөнгө төлж хүүхдийн минь аюулгүй байдлын төлөө сургуулийн цагдаа хийж өгөөч хэмээн мөнгө төлөх, эцэг, эхийн үүргээ ухамсарлаж энэхүү ажилд оролцох хоёр тун ялгаатай" гэдгийг онцолж байлаа. Дээрх журмын өөрчлөлтийг НИТХ-ын гуравдугаар сарын хуралдаанд хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн гишүүд дэмжлээ.

Хуралд НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, Д.Отгонсүрэн, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Оюун, Сурагчдын холбооны дарга О.Сэлэнгэ нар цахимаар оролцож, санал бодлоо илэрхийллээ.

ЭММАНУЭЛЬ МАКРОН: Иран Ормузын хоолойг нээж, хөлөг онгоцуудыг чөлөөтэй зорчуулах ёстой
ЭММАНУЭЛЬ МАКРОН: Иран Ормузын хоолойг нээж, хөлөг онгоцуудыг чөлөөтэй зорчуулах ёстой
 
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!