
Үндэсний дээд лигийн 2025-2026 оны аваргын цом, алтан медалийг хүртэж, финалын “Үнэ цэнтэй тоглогч” /MVP/-оор шалгарсан “Минтонетт говь” багийн ахлагч Д.Эрдэнэбулганыг UBN сайт онцолж ярилцлаа. Тэрбээр волейболын спортоор хичээллэж эхэлснээсээ хойш 20 жилийн дараа ийнхүү дээд лигийн аваргын цом өргөж, анх удаагаа Үнэ цэнтэй тоглогчийн шагнал хүртсэн нь энэ юм. Түүний баярын сэтгэгдлийг хуваалцаж, цөөн хором ярилцлаа.
-Энэ жил Үндэсний дээд лигийн аваргын цом өргөж, финалын үнэ цэнтэй тоглогчоор шалгарлаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Энэ жил миний хувьд үнэхээр супер жил байлаа. Волейболын спортоор 20 жил хичээллэсэн. Аваргын цом, алтан медаль, үнэтэй цэнтэй тоглогч гээд бүгдээрээ миний хувьд анхных байсан учраас одоо ч итгэж чадахгүй догдлол дүүрэн байна. Хамгийн сүүлд 2008 онд өсвөрийн улсын аваргад анхны жилээ шилдэг довтлогч авчхаад өөртөө итгэж чадахгүй баярлаж байсан. Яг тэр үеийн мэдрэмжээ энэ жил дахиад авлаа. Би 20 жил волейболын спортоор хичээллэхдээ бэртлээс бусдаар хичээх ээ гэх юм уу энэ спортоор хичээллэхээ болиогүй. Тэр хичээл зүтгэлийн минь үр дүн юм болов уу гэж бодож байна.

-Хүмүүс яаж авсан бэ. Анх удаа авч байна гэхээр итгэхгүй гайхах хүн олон байх шиг байсан?
-Анх удаа авч байгаа юм уу гэж гайхах хүн олон байсан. Намайг дэмжиж, хайрладаг хүн олон байдаг юм байна гэдгийг мэдсэн, мэдэрсэн гайхалтай өдрүүд өнгөрч байна. Надад сөрөг хандлага, сөрөг коммент нэг ширхэг ч ирээгүй. Бүх хүн амжилт хүсээд баяр хүргэсэн. Маш их хайр, итгэлийг мэдэрлээ.
-Лиг дуусчихсан одоо юунд төвлөрч байна?
-Лиг 11 дүгээр сараас эхэлсэн. 10 дугаар сараас эхлээд лигийн эрчимтэй бэлтгэлдээ гарсан. Өдрийн цагаар ажлаа хийгээд, оройн цагаар бэлтгэл, тэмцээндээ төвлөрсөн их л завгүй 4 сар өнгөрлөө. Яг одоо бол ажилдаа л төвлөрч байна.
-Лигээ дуусгаад жаахан ч гэсэн амарч чадав уу. Хэр ядарсан байна?
-Лигээ дуусгаад багийнхнаараа хоол идэж байхдаа л маш их ядарснаа мэдэрсэн. Бүтэн сайн өдөр нь амраад даваа гарагаас нь ажилдаа төвлөрч эхлээд завгүй өдрүүд үргэлжилж байна. Өглөө 08.00 цагаас орой 22.00, 23.00 цаг хүртэл ажиллаж байна даа.
-Яаж энэ бүхнийг бүгдийг нь амжуулаад байдаг юм?
-Лигийн хугацаанд 2 сар байрлаж бэлтгэл хийсэн учраас хүүхдүүдээ нөхөртөө даатгаад л үлдээхээс өөр аргагүй байлаа. Манай хүн өөрөө тамирчин байсан учраас намайг маш сайн ойлгож, дэмждэг учраас ажил болон тэмцээн гээд бусад зүйлүүдээ амжуулахад дэмтэй байдаг. Лигийн хугацаанд ажлаа ч тэмцээнээ ч аль алийг нь орхигдуулахгүйгээр амжуулахыг хичээлээ.
-Хоёр ихэр хөөрхөн хүүтэй шүү дээ. Энэ бзх ажлын хажуугаар сайн ээж байх үүргээ биелүүлж чадаж байна уу?
-Тэр жаахан хэцүү байгаа. Сая лигийн хугацаанд гэхэд хоёр сар гаруй хугацаанд хамт байж чадсангүй. Аав нь л бүх цаг заваа хүүхдүүддээ зарцуулж байна. Гэр бүлийн хүн маань, ээж, дүү нар минь ойлгож, тусалж, дэмждэг тулдаа энэ бүхнийг зохицуулж байгаа даа.
-Яагаад волейболоор хичээллэх болов, ээж тань оруулсан гэсэн үг үү?
-2008 онд ахлах сургуульд байхдаа ангийнхаа хүүхдийг дагаж, бэлтгэлд явж эхэлсэн. Тэгээд л энэ спортод маш их дурлаж, эргэлт буцалтгүйгээр орсон. Ингэж хичээллэхэд ээж маань урамшуулж, дэмжиж байсан болохоор хөтөлж оруулсан гэж хэлсэн юм. Анхны багш нар маань Г.Баярсайхан, О.Наранбаатар гээд хоёр сайхан спортын мастер бий.
Хоёр багш маань хүүхдүүдээ уйгагүй хичээллүүлсний дүнд манай Сэлэнгийн тамирчид богино хугацаанд том амжилт гаргасан гэж боддог. Бэлтгэл хийгээд хоёр жилийн дотор манай Сэлэнгэ аймгийн баг Улсын аварга болж байлаа. Тухайн үед аймгийн түүхэнд байгаагүй медаль хүртэж, бөөн баяр болж байлаа.

-Волейболын юу нь сайхан байдаг бол, яагаад энэ спортыг амьдралынхаа салшгүй хэсэг болгосон бэ?
-Волейбол хүнийг маш их төлөвшүүлж, хөгжүүлж, амьдралд сургадаг. "Спортоор хоолоо олж идэж чадахгүй" гэж хүмүүс их ярьдаг байсан. Энэ ойлголт одоо хоцрогдсон. Спортын салбарт маш их зүйл өрнөж, эргэлдэж байна.
-Одоо яг юунд зорьж байна вэ?
-Яг одоо бол ажилдаа, гэр бүлдээ цаг зав гаргахыг хичээж байна. Аварга авсан багт дараа жил нь аваргаа хамгаална гэдэг маш чухал хариуцлага байдаг учраас илүү их хичээх хэрэгтэй болно. Тэгэхээр дээр хэлсэнчлэн бүх зүйлийг тэнцвэртэйгээр авч явахыг зорьж байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.


Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!