Ж.Хунан: 2007 онд сэтгэцийн асуудалтай хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулаач гэдэг зөвлөмжийг өгч байсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
24 минут 7 секунд

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунантай ярилцлаа.

-Юуны өмнө Монгол Улсын Хүний эрхийн комиссын 25 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Энэ хугацаанд тус байгууллагаас хийж хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт юу байв?

-25 жил Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр тодорхой үүрэг гүйцэтгэж буй байгууллага ойгоо тэмдэглэж байгаад баяртай байна. Энэ бол нийт монголчуудын хувьд, нийт иргэдийн хувьд тэмдэглэлт үйл явдал гэж үзэж байна. Яагаад гэвэл иргэд энэ байгууллагад хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг. Иргэд гомдол гаргадаг, иргэдийн гомдол мэдээллээр шалгах ажиллагаа явуулдаг. Дээрээс нь иргэдийн оролцоотой хяналтыг тавьдаг. Иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг бид хууль тогтоогчдод хүргэдэг. Тийм учраас иргэд, иргэний нийгэм, хүний эрхийн байгууллагын хамтын ажиллагаа хамгийн чухал. Ер нь ардчилсан нийгмийн тулгуур багана. Тэр утгаараа зөвхөн энэ байгууллагад ажилладаг хүмүүсийн баяр биш.

-Өнгөрсөн хугацаанд тус байгууллага юу хийв?

-Өнгөрсөн хугацаанд ХЭҮК маш тодорхой хэд хэдэн асуудлыг өөрчилсөн гэж харж байгаа. Нэгдүгээрт, хүмүүсийн хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр маш том ахиц дэвшил гаргасан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр иргэд эрхээ мэдэж байж өөрийнхөө эрхийг хамгаална. Эрхээ хамгаалах үүднээс байгууллагуудад хандана. Хүний эрхийн мэдлэг олгох чиглэлээр тодорхой үр дүнтэй ажлууд хийсэн гэж харж байгаа. Өнөөдөр байгууллагуудад, манайд өргөдөл гомдол гаргаж байгаа иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Тогтмол нэмэгдсээр ч байгаа. Ялангуяа сүүлийн таван жилийн хугацааг харвал 3-4 дахин нэмэгдсэн тоон үзүүлэлт байна. Хүний эрхийн соёл тогтвол нийгэм өөрөө хүний эрхийг дээдэлсэн, бие биеэ хүндэлдэг болно. Тэгэхээр хүний эрхийн соёл гэдэг том асуудал. Хоёрдугаарт, олон улсын томоохон гэрээ конвенц бий. Үүнийг зохих хэмжээнд сурталчилж чадсан. Өнөөдөр байгууллагууд, хувь хүмүүс ч олон улсын гэрээ конвенц байдаг гэдгийг мэддэг болсон. Энэ гэрээ конвенцоор баталгаажуулсан эрхээ шаардаж байна. Тэр нь их чухал үзүүлэлт. Манай ХЭҮК нь хэд хэдэн онцлогтой. Тэр нь юу гэхээр гомдол мэдээллийн дагуу шалгах ажиллагаа явуулдаг. Шалгах ажиллагааны үр дүнд зөвлөмж шаардлагыг хүргүүлдэг. Энэ зөвлөмж шаардлага заавал биелэгдэх шаардлагатай гэдгээрээ бусад хүний эрхийн байгууллагуудаасаа онцлогтой байгаа. Энэ бол 2020 оны хуулийн шинэчилсэн өөрчлөлтөөр бидний бий болгосон өөрчлөлт, ахиц дэвшил юм. Энэ хүрээнд бид маш олон зүйлийг өөрчилж байна. Өөрчлөх боломжтой болж байна. Албан тушаалтанд хариуцлага тооцож байна. Энэ хэмжээгээрээ байгууллага, албан тушаалтнууд хариуцлагажиж байна. Хүний эрхийн мэдрэмжтэй болж байна. Мөн ХЭҮК Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг жил бүр УИХ-д илтгэдэг. Энэ өөрөө их ач холбогдолтой. Хууль тогтоодог хүмүүст манай улсад ямар хүний эрхийн асуудал тулгамдаж байна вэ гэдгийг бид багцлаад УИХ-д өргөн барьдаг. Үүнийгээ бид 2020 оноос хойш УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцдэг болсон. Энэ бол маш ач холбогдолтой. Магадгүй хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь ч байж болох.

-Хүний эрх гэдэг маш том сэдэв шүү дээ. Энэ бүх ажлыг хийж хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд ХЭҮК олон улсын төсөв хөрөнгөөр нэлээдгүй ажлыг хийж хэрэгжүүлсэн. Байгуулагдсан цагаасаа хойш НҮБ-ын дэмжлэгийг маш өргөн хүрээнд авч байсан. Энэ хэмжээгээрээ чанаржсан, энэ хэмжээгээрээ байгууллагын мөн чанар бэхэжсэн. Гэхдээ улсаас өгч байгаа төсөв хангалтгүй, хязгаарлагдмал байдаг. Үүнээсээ хамаараад бидний үйл ажиллагаа ч хязгаарлагдмал болдог. Комисс 330 суманд хүрч очих боломж хомс. Хэрвээ боломж нь байдаг бол хяналтаа тавьдаг, хүний эрхийг хамгаалах, хангах чиг үүрэгтэй байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд нь тогтмол хяналтаа тавивал нөхцөл байдал өөрчлөгдөнө, сайжирна. Магадгүй санхүүжилтийн улмаас бид аймаг бүрд сургалт, сурталчилгаа нөлөөллийн ажлуудаа хийж чадахгүй байгаа. Тэглээ гээд бид зүгээр суугаагүй. Боломжоороо чиг үүргээ хэрэгжүүлж байгаа.

-Судалгаа, шинжилгээг хэр хийж байгаа вэ. Судалгаа хийх санхүүгийн боломж ямар байна вэ?

-Судалгаа, шинжилгээ, үнэлгээний асуудал дээр ч хүндрэл байдаг. Болдог бол бид олон асуудлыг судлах, дүгнэх, санал гаргах хүсэл байдаг боловч нөгөө л санхүүжилтийн асуудлаас болж орхигдох явдал байж л байна.

-Төр засгийн шийдвэр хүний эрхэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа шинжилгээ хийсэн зүйл байдаг уу. Жишээ нь, тэгш, сондгойгоор явна, явахгүй гэсэн санал асуулгыг Хотын захиргаа нь өөрсдийн цахим хаягаар явуулаад л 3000 гаруй хүнээс авсан саналдаа тулгуурлан маргааш нь тэгш, сондгойгоор явах болдог. Зам хаана, хаахгүй гэж асуусан болоод л түс хийтэл зам хаагаад Ковидын үед 22-ын товчоон дээр иргэн нас барсан харамсалтай тохиолдол ч бий. Энэ мэтчилэнгээр иргэдийн эрх, эрх чөлөөнд төр засгийн шийдвэр хэрхэн нөлөөлж байна вэ?

-Төрийн үйл ажиллагаа шийдвэр гаргах байдлаар хэрэгжиж явдаг. Бидний зүгээс нэг шаардлагыг тавьж байгаа. Хүний эрхэд суурилсан төрийн үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргаж болно. Ажил, арга хэмжээ зохион байгуулж болно. Гэхдээ энэ нь хүний эрхэд суурилсан байх ёстой. Хүний эрхийн зарчимд суурилсан байх ёстой. Та ярилаа. Ковидын үеэр яг тийм зүйл болсон. Хатуу хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон. Ингэхдээ суурин бетонон блокийг машины орц, гарц дээр тавьчихсан. Энэ ямар учиртай вэ гэтэл бид машины хөдөлгөөнийг хязгаарлаж байна гэсэн. Тэгвэл наагуур чинь гал команд, түргэн тусламж яаж явах юм бэ. Нээрээ тийшээ түргэн тусламж, гал команд орж чадахгүй юм байна шүү дээ гэсэн зүйлийг ярьж байгаа юм. Энэ чинь өөрөө хүний эрхэд суурилсан шийдвэр биш. Өөрөөр хэлбэл, хязгаарлалт тогтоож болно. Тэрхүү хязгаарлалт хэр хэмжээнд байх вэ. Үнэхээр зайлшгүй юу, зохистой юу. Бусад хүний эрхийн асуудлыг зөрчихгүйгээр хийгдэж байна уу. Хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Иргэдэд хэдий хугацаанд танилцуулах вэ зэргээр энэ бүх зүйлийг тооцоолж чадвал хүний эрхэд суурилсан шийдвэр, хүний эрхэд суурилсан төрийн үйл ажиллагаа болно. Комиссын зүгээс нийтлэг байдлаар хүний эрхэд суурилсан боловсролыг олгооч гэдэг шаардлагыг тогтмол хүргүүлж байгаа. Ерөнхий боловсролоос нь, бага наснаас нь авхуулаад хүний эрхийн боловсролыг олгоё. Тухайн насанд нь тохирсон, оюуны хөгжилд нь тохирсон байдлаар хүн болгоныг хүний эрхийн боловсролтой болгон хүмүүжүүлж, мэдлэг боловсролтой болгож чадвал энэ асуудал өөрчлөгдөнө. Албан бус байдлаар бид төрийн албан хаагчдын дунд сургалт, нөлөөллийн ажил, хүний эрхийн боловсрол олгох ажлыг тогтмол зохион байгуулж байна. Байгууллагуудын хүсэлтийг үндэслээд, хүсэлтээс ч үл хамаараад, бид өөрсдийн сувгаар хүний эрхэд суурилсан төрийн үйл ажиллагаа, төрийн бодлого шийдвэрүүдээс юу хүлээж байна вэ гэх мэтээр нөлөөллийн ажлуудыг хийдэг. Хэд хэдэн асуудлыг маш сайн ойлгох ёстой. Хүний эрхийг хязгаарлаж болно. Хязгаарлахдаа хүний эрхийн хэд хэдэн шаардлагыг үргэлж бодох ёстой. Хүний эрхийн хязгаарлаж болохгүй хэд хэдэн зүйл бий. Хүний амьд явах эрхтэй холбоотой жишээ нь, түргэн тусламж зайлшгүй орох ёстой. Энэ бүхэн юу хэлж байна гэхээр төрийн албан хаагчид ч гэсэн шийдвэр гаргахдаа хүний эрхийн мэдлэгтэй байж, хүний эрхийн зарчмын талаар мэдлэгтэй байх шаардлагыг тавьж байгаа. Магадгүй төрийн албанд томилогдож байгаа, хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа хүмүүс мэдлэгтэй байх юм бол хүний эрхийн зөрчил гарахгүй байх боломжтой.

-Ковидын үед хүний эрхийн маш том зөрчлүүд удаа дараа гарч байсан. Дахин гэнэтийн цар тахал гарахгүй гэх баталгаа байхгүй. Хэзээ ч ямар ч нөхцөл байдал үүсэж болно гэдгийг томоор харуулсан. Үүнээс сургамж авч дахин тийм үе тохиолдвол хүний эрхийн аль болох бага зөрчил гаргахаар ажиллах судалгаа шинжилгээ, үнэлгээ дүгнэлт хийсэн зүйлүүд бий юу?

-Ковидын үед ХЭҮК бүрэн бүрэлдэхүүнээрээ бараг 24 цаг хяналт тавьж ажилласан. Энэ дүгнэлтээ бид 20 дахь илтгэлдээ оруулаад УИХ-д танилцуулсан. Маш олон шаардлагагүй хүний эрхийн хязгаарлалт хийгдсэн. Энэ хязгаарлалтын үр дүнд хүний эрүүл мэнд, амь нас хохирсон гэдэг дүгнэлт хийсэн. Үүнтэй холбоотой санал гаргасан нь юу гэхээр онц байдлын үед хариу арга хэмжээ авах, зарчим бодлого, төлөвлөгөөгөө шинэчил гэдэг санал зөвлөмж өгсөн. Жишээ нь, хязгаарлалт тогтоох гэж байгаа мэдээллүүдийг шийдвэр гаргагч өөрийн фейсбүүктээ нийтэлсэн. БЗД-ийн 26 дугаар хороонд яг тийм зүйл болсон. Гэнэтийн байсан. Хүмүүст бэлтгэх боломж байгаагүй. Хязгаарлалтыг орой нь шууд шийдээд л, фейсбүүктээ мэдээ оруулаад л, хязгаарлалт тогтоочихсон. Түүнийг иргэд мэдэх боломж байгаагүй, албан ёсны сувгаар мэдээлэл тараагдаагүй ийм асуудал гарсан. Үүнд хүний эрхийн зөрчил гарсан гэдэг дүгнэлтийг бид хийсэн. Үүнээс сургамж авсан байх гэж найдаж байгаа. Энэ мэтчилэн маш олон дүгнэлтийг бид Улсын онцгой комисс болон Засгийн газарт хүргүүлсэн. Энэ хязгаарлалтын үед жишээ нь, хүүхэд хамгааллын зардал, хүүхэд хамгааллын хүний нөөцийг ямар ч тохиолдолд хязгаарлахгүй гэдэг зөвлөмжийг өгөөд, УИХ-аар тогтоол хүртэл гаргуулсан. Яг Ковидын үед хязгаарлалт тогтооход хүүхэд хамгааллын зардлыг таначихсан байсан. Хүний нөөцийг 30 хувиар цомхотгосон. Тэгэнгүүт хүүхэд хамгааллын байранд хүүхэд татсан. Жижүүр нь нөгөө хүүхдээ тэврээд эмнэлэгт аваачсан тохиолдол гарсан шүү дээ. Энэ бүх асуудал хүний эрхийн томоохон ноцтой зөрчлийг бий болгож байгаа. Энэ бүхнийг бид илтгэлдээ дурдсан. Илтгэлийн мөрөөр тогтоолууд гараад хэрэгжээд явсан гэж харж байгаа. Онцгой тохиолдол, гамшгийн үед авах хариу арга хэмжээний категори шинэчлэгдсэн гэж харж байгаа. Түүн дээр манай өгсөн зөвлөмжийг тусгаад Ковидын үед алдсан шиг дахин алдахгүй байх гэж харж байгаа. Бүхэлд нь харах юм бол Ковид зөвхөн монголд болоогүй. Дэлхий нийтээрээ гэнэтийн байсан. Бид бүгдээрээ бэлэн биш байсан. Маш олон алдаа дутагдлыг гаргасан. Энэ бол маш том сургамж болсон. Үүнээсээ бид бүгдээрээ суралцах ёстой. Дахиж ийм алдаа гаргахгүй байх. Гэнэтийн ийм үед хүний эрүүл мэнд, амь нас эрсдэхгүй байх боломжийг олгосон.

-Хамгийн сүүлийн жишээг иш татахад цэргийн ангиудад дэглэлт, дүрмийн бус харилцаа байсаар байгааг сарын хугацаанд хоёр удаа болсон Дотоодын цэргийн 05 дугаар ангид үүссэн асуудал харууллаа. Бараг эхнийх нь хэргийн шалгалтын ажиллагаа дуусаагүй байхад дараагийн асуудал үүслээ. Ийм байдал юунаас болж байгааг ХЭҮК судалж байгаа байх?

-ХЭҮК ажиллаж байгаа. Үнэхээр харамсалтай. Цэргийн анги нэгтгэлд дээрэлхэлт юм уу, дүрмийн бус харилцаа гарч байгаад үнэхээр харамсаж байгаа. Үүнийг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй. ХЭҮК Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн байгууллагуудтай тогтмол ажиллаж байна. Сургагч багш бэлтгэж байна. Өөрсдөө очиж хичээл зааж байна. Соён гэгээрүүлэх ажлыг тогтмол хийж байгаа ч яг дэргэд нь байж тогтмол хянаж чадахгүй байгаа учраас энэ асуудал гарч байна л даа. Бид хүмүүжлийн асуудлыг ярих ёстой юм байна. Сэтгэл зүйтэй нь бас ажиллах ёстой юм байна. Яагаад тэр цэргүүд, залуучууд хоорондоо муудалцаж байна. Үнэхээр муудалцсан уу, аль эсвэл дүрмийн бус харилцаа байна уу, энэ бүгдийг бид нарийн углуургатай илүү судлах хэрэгцээ шаардлага байхыг үгүйсгэхгүй. Цэргийн ангид залуус эх орны өнцөг булан бүрээс л ирж байна. Янз бүрийн хүмүүжлээр, өөр өөр орчинд өссөн хүмүүс нэг дор цуглахаар залуучуудын хооронд асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Үүн дээр урьдчилсан сэргийлэх нөлөөллийн ажлыг байнга, сайн үр дүнтэй, чанартай хий ёстой. Үүнийгээ бид орхигдуулж болохгүй. Улам хичээх хэрэгтэй. Ер нь л тэгээд бид хүнтэйгээ л ажиллах хэрэгтэй байгаад байна. Хүний ухамсар, төлөвшил, хүмүүжил гэдэг их чухал. Ялангуяа хүүхдүүдийг багаас нь ажиллаж зан үйлийг засах, нэгнийгээ дээрэлхдэггүй байх, нэгнээ ялгаварлан гадуурхдаггүй байх, хүндэтгэдэг, хүлээн зөвшөөрдөг ийм соёлыг бий болгох хэрэгцээ байна. Залуучууд нэг нэгнээ дээрэлхдэг асуудал ялангуяа одоо үед байгаа нь эмгэнэл шүү дээ. Хүн болгон халдашгүй, чөлөөтэй, дархан эрхтэй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Ялгаатай байж болно. Ялгаатай байдлыг бид хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг ухамсрыг багаас нь суулгах ёстой.

-Саяхан гарсан сэтгэцийн өвчтэй иргэн нэг гэр бүлийн ээж, охин хоёрын аминд хүрч, нэг охиныг нь хүнд гэмтээсэн хэргийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Хорооноос нь асуухаар "Тэр хүнийг сэтгэцийн өвчтэйг бид мэдэхгүй" гэх. Цагдаа нь "Эмнэлгийн байгууллага хянах ёстой" гэх. Эмнэлэг нь "Үзүүлэх ёстой хугацаандаа ирж үзүүлээд, эмээ тогтмол уугаад явж байгаа хүмүүсийг бид 24 цагаар байнгын хянаж чадахгүй" гэх. Асуудал гарсны дараа биш урьдчилан сэргийлж, зөвлөмж зөвлөгөө, судалгаа хийж хэрхэн шийдвэрлэх талаар ХЭҮК ажиллаж байсан зүйлүүд бий юу?

-Үнэхээр харамсалтай хэрэг болсон. Хоёрын хоёр хүүхэд ээжтэйгээ хамт амь насаа алдсан. Бид урьдчилан сэргийлэх боломжтой байсан уу гэвэл боломжтой байсан. ХЭҮК ч гэсэн үүнийг анхааруулж байсан. Бүр 2007 онд сэтгэцийн асуудалтай хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулаач гэдэг зөвлөмжийг өгч байсан. Түүнээс хойш бид дөрвөн удаа УИХ-ын тогтоол гаргуулсан байдаг. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Бидэнд боломж байсан уу байсан. ХЭҮК хэд хэдэн асуудал хөндсөн. Нэгдүгээрт, асрамжийн газар байгуулах, хоёрдугаарт, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой эрх зүйн орчныг чанаржуулах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байна. Гуравдугаарт, үйлчилгээ, чанарын асуудал. Дөрөвдүгээрт, хяналтын асуудлыг хөндсөн. Эдгээр зүйлс болохгүй байна гэдэг асуудлыг бид удаа дараа тавьж байсан. Энэ асуудлуудыг шийдэхгүй бол гэмгүй иргэн, хүүхдүүд амь насаа алдах эрсдэл өндөр байсаар байна. Зайлшгүй тусгаарлалтад байх ёстой хүмүүс өнөөдөр 24 цагийн хяналтад байхгүй гадуур явж байна шүү дээ. Тэрхүү харамсалтай хэргийн дараа иргэд манай хөрш хаалга эвдэж байна, ийм сэтгэцийн өвчтэй гээд мэдээлэл өгөөд байгаа. Үнэхээр нийгэмд аюултай хүмүүсийг тусгаарлаж хяналт тавих ёстой. Магадгүй бүрэн эдгэлээ гэж үзсэн бол гадуур хяналт тавих шаардлагатай. Гэхдээ маш хатуу, ойлгомжтой хяналт байх ёстой. Одоо технологи хөгжчихсөн. Жишээ нь, GPS, цахим гав. Аль эсвэл байнгын видео дуудлага хийх боломжтой болсон. Ийм технологийн шийдлүүдийг ашиглаад хяналтыг боловсронгуй болгох боломжтой болсон. Дараа нь эмчилгээний чанарын асуудал. Эмнэлгийн байгууллага эрүүл болсон гээд гаргангуут эмчилгээний чанар нь орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу. Эмчилсэн гээд гаргаад явуулангуут бодитоороо үр дүн өгөөгүй бол яах вэ. Тэгэхээр чанарын асуудлыг бид ярих ёстой. Мөн бид оношилдог байх ёстой. Маньяк, гаж зан үйлтэй, фидофил зэрэг хүмүүсийг өнөөдөр бид бүрэн дүүрэн оношилж чадахгүй л байна шүү дээ. Оношилж чадах юм бол бид хяналтаа тавьж чадна. Арга хэмжээгээ төлөвлөх боломжтой болно. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асрамжийн газар байхгүйгээс СЭМҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүс удаан хугацаанд байх боломжгүй учраас гарч байна. Хяналтыг эмнэлгийн байгууллага, цагдаа хэрвээ ял эдэлсэнтэй холбоотой бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тавьж байгаа. Энэ байгууллагынхан дор бүрнээ хичээж байгаа байх. Гэхдээ орчин үеийн технологийн шийдлийг ашиглаад хяналтаа шийдвэрлэх ёстой. Асрамжийн газар байхгүйгээс хатуу хяналтад байх ёстой хүмүүс гадуур явж байгаа. Хүүхдүүдийн асуудал ч хүнд байна. Энэхүү асрамжийн газар байхгүйгээс насанд хүрээгүй сэтгэцийн өөрчлөлттэй хүүхэд ч энгийн хүүхдүүдтэй нэг асрамжийн газарт байна. Тэнд бусад хүүхдүүдээ мөн эрсдэлд оруулж байна шүү дээ. Үүнийг бид яаралтай шийдвэрлэх ёстой. Асрамжийн газрыг төрөлжүүлэх шаардлагатай. Асрамжийн газарт жишээ нь, үе тэнгийн дээрэлхэлт гарах магадлал өндөр байна. Тэнд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, магадгүй бэлгийн хүчирхийллийн асуудал гарах магадлалтай. Тэгэхээр бид нас насаар нь, шаардлагатай бол хүйсээр нь салгаж байлгах хэрэгтэй байна. Ингэж төрөлжүүлэхгүй бол өнөөдөр бүгдээрээ л нэг газар байгаа юм. Энэ нь өөрөө маш том эрсдэлийг дагуулж байгаа.

-ХЭҮК хяналт тавьсангүй, ажилласангүй, юу хийдэг байгууллага вэ гэх мэтээр иргэд ихээр сэтгэгдлээ илэрхийлж байгаа харагддаг. Хүний эрхийг хамгаалагч нь хүн өөрөө гэдгийг хүн бүр ойлгох ёстой байх. Таны хувьд энэ талаарх байр суурь ямар байна вэ?

-Хүний эрхийн байгууллага гэхээр хүний эрхийн асуудлыг ганцаархнаа, дангаараа хариуцдаг юм шиг хүмүүс хүлээж авдаг. Хүний эрхийн асуудал гэдэг бид бүгдийн л асуудал. Өнөөдөр бид бүгдээрээ л хариуцлагатай байх ёстой. Ялангуяа насанд хүрсэн хүн бүр хүүхэдтэй холбоотой үүрэг хүлээсэн гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байгаа, бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа тохиолдол гамшгийн хэмжээнд байна. Энэ бүхэн биднээс хамааралтай. Бид анхаарал, халамж тавихгүй байна. Эцэг эхчүүд, томчууд анхаарал хандуулахгүй байна. Урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлэхгүй байна. Хүний өөрийн гэлтгүй бид хүүхдүүдээ хамгаалж чадвал өнөөдөр энэ тоо 0 болох боломжтой. Монгол Улс 3.5 сая хүн амтай. Гуравны нэг нь хүүхдүүд. Өдөрт нэг хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байна гэдэг харамсмаар асуудал. Хүн бүр үүнд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Өөрийнхөө хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлж, бие биеэ хүндэтгэдэг, бие биенийхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг байх хэрэгцээ шаардлага байгаа юм. Үүнд хүн бүр дүгнэлт хийгээсэй. Хүн бүр төрөхөөсөө заяагдсан эрх, эрх чөлөөтэй гэдгээ ойлгох ёстой. Эцсийн бүлэгтээ нэг байгууллага асуудлыг шийдэх биш, нэг байгууллага энэ асуудлыг хариуцах биш бид бүгдээрээ хариуцлагатай байж чадвал бидний хооронд ч асуудал гарахгүй, хүүхдүүд маань ч хохирохгүй. Зам тээврийн осол, гэмт хэргийн улмаас хүүхэд хохирч байгаа нь дандаа томчууд бидний хийж байгаа зүйл. Томчууд ямар үлгэр дуурайлал үзүүлж байна хүүхдүүд түүнийг л сурч байна. Үүндээ дүгнэлт хийж, хүн бүр төрөхөөсөө адил тэгш эрхтэй бие биеэ хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг байхыг дахин дахин хүсэж байна. Эцэст нь хүн бүр хүний эрхийг хамгаалагч гэдгийг ойлгоосой.

Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ
Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ
 
О.Батхүү: АН иргэдийн хуулиар хамгаалагдсан хувийн мэдээллийг авч, ирэх сонгуулиар ашиглах нь
О.Батхүү: АН иргэдийн хуулиар хамгаалагдсан хувийн мэдээллийг авч, ирэх сонгуулиар ашиглах нь
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!