
Эрчим хүчний салбарт хүндхэн өдрүүд үргэлжилж байна. Салбарын сайд нь "Аргална даа" гэх уриа дэвшүүлсэн ч моралийн элэгдэлд орсон зуухнууд нь эхнээсээ саатаж, дэн өвлийн хүйтнээр нийслэлчүүд "гал алдах" шахаж байна. Улаанбаатар хотын нийт цахилгаан эрчим хүчний 58 хувийг хангадаг ДЦС4-ийн найман зуухны нэгд нь л саатал үүсэхэд систем даяараа хүчний дутагдалд орлоо. Нэмээд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын түлш дамжуулах системд доголдож эхлэв. Ийм л хэдэн дүр зураг эрчим хүчний салбар ямар нөхцөл байдал дунд үйл ажиллагаагаа явуулж байна вэ гэдгийг элхэн харууллаа.
-2021 онд 99.1 тэрбум төгрөгөөр эрчим хүч худалдаж авч байсан бол 2024 онд 207.5 тэрбум болж ӨСЧЭЭ-
Манай улсын хувьд оргил ачааллын цагаар ОХУ-аас ойролцоогоор 350МВт цахилгаан эрчим импортоор авдаг. Гэвч сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ огцом өсч буйтай холбоотойгоор импортоор авах эрчим хүчний хэрэглээ ч өсөн нэмэгдэж буй. Өөрөөр хэлбэл, манай улс үргэлж шахуу ярьдаг шатахуунаас гадна эрчим хүчний хувьд ч хараат байдалд байна. Өчигдрийн тухайд л гэхэд, импортын эрчим хүч 319 МВт-д хүрч өнгөрсөн оны мөн үеэс 41 МВт-аар өсжээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд бид импортолж буй эрчим хүчдээ хэдэн төгрөгийг зарлагадав гэдгийг доорх мэдээллээс харъя.

Манай улсын хувьд төвийн бүсийн нэгдсэн сүлжээ болон баруун бүсийн сүлжээндээ эрчим хүч импортлон авдаг. Тэгвэл 2024 онд баруун бүсийн сүлжээнд тог авахад 38.9 тэрбум төгрөгийг зарцуулсан бол төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 207.5 тэрбум төгрөгийг зарлагадсан байна. Өөрөөр хэлбэл, дээрх дүнгээс харахад, 2021-2024 оны хооронд Монгол Улс 644.2 тэрбум төгрөгийг төвийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч ИМПОРТЛОХОД зарцуулжээ.
Харин худалдан авсан эрчим хүчний хувьд, 2021 онд 332.8 сая кВт.ц, 2022 онд 510.5 сая кВт.ц эрчим хүч импортолсон бол 2023 онд энэ үзүүлэлт 732.7 сая кВт.ц болж нэмэгджээ. Харин өнгөрөгч 2025 оны дүн мэдээ хараахан эцэслэгдээгүй байна.
Харин Оюутолгой 2024 онд 128 сая ам.долларыг Хятадаас эрчим хүч импортлоход төлжээ.
-Эрчим хүчний хэрэглээ жил бүр тогтмол 8 хувийн өсөлттэй байна-
Мэдээж эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй хэд хэдэн шалтгаан бий. Үүний нэг нь, шинэ бүтээн байгуулалтууд. Жил бүр нийслэл төдийгүй орон нутагт шинээр олон барилга ашиглалтад орж байна. Энэ хэрээр эрчим хүчний хэрэглэгчид нэмэгдэнэ гэсэн үг билээ. Албаныхны өгч буй мэдээллээр эрчим хүчний хэрэглээ жил бүр 8 хувийн өсөлттэй байдаг аж. Тиймээс одоогийн нөхцөлд эрчим хүчний салбар бие даасан байдлаа хангахын тулд томооохон төслүүдээ хөдөлгөх зүй ёсны шаардлага байгаа юм.
-Гэмтлийг засварлаж буй нь гал унтраасан л арга. Бидэнд ШИНЭ ЭХ ҮҮСВЭР хэрэгтэй-
"Өнөөдөр тоггүй өнжих нь" гэх бодлоос илүүтэйгээр бид цаашид ч ийм дүр зурагтайгаар амьдрах уу гэдэг л санаа зовиноож байна. Саяхан Ерөнхий сайд Г.Занданшатар "Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-д очиж нөхцөл байдал дээр нь ажиллах үеэр Ерөнхий инженер Д.Болдбаатар тухайн гэмтлийг шуурхай засварлаж буй нь гал унтраасан арга гэдгийг онцолсон юм. Тэрбээр бэлтгэл нөөцгүй цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэж буй тохиолдолд хязгаарлалт дахин үргэлжлэх эрсдэлтэй учраас яаралтай шинээр есдүгээр зуух барих шаардлагатай гэх байр суурийг илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бидэнд байх гаргалгаа бол шинэ эх үүсвэр. Харамсалтай нь, эрчим хүчний салбарт эхэлсэн ч "гацаж" цаасан дээр үлдсэн олон төслүүд бий. Бид тэдгээрийг өмнөх нийтлэлээрээ хүргэсэн. Түүнийг энд дахин сануулъя.
2017 онд ашиглалт орох байсан "ДЦС-5"
Хамгийн сүүлд 1983 онд ДЦС-4 ашиглалтад орсноос хойш дараагийн ЦС хэзээ баригдах талаар яригдаж эхэлсэн түүхтэй. Тэгвэл анх 2011 онд “ДЦС-5”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлж 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч сүүлийн найман жилд огт урагшлаагүй. Урагшлаагүй гол шалтгаануудыг төр засгийн тогтворгүй байдал, улстөржилт, хөрөнгө оруулалт гацсан гэж үе үеийн улстөрчид тайлбарладаг.
Тэгвэл өнөөдрийн байдлаар “2026 онд барилгын ажлыг эхлүүлнэ” гэх мэдээллийг нийслэлийн удирдлагууд болон салбар яамнаас мэдэгдээд буй. ДЦС-5 ашиглалтад орсноор 300 мВт эрчим хүч үйлдвэрлэх юм.
2. 15 жил байрнаасаа хөдлөөгүй Багануурын ДЦС
Анх 2010-аад онд нийслэлд ДЦС-уудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хуваалцах үүднээс Багануурын ДЦС-ыг байгуулах асуудал хөндөгдсөн байдаг.
Гэвч мөн л гацаанд орж, салбарын сайдаар нь ажиллаж байсан Н.Тавинбэх “Багануурын ДЦС-ын хувьд туйлын бүтэлгүй байгаа” гэж хэлж байв. Учир нь ажил эхлээд явж байхад нь Монголын талаас тодорхойгүй шалтгаанаар зогсоосон. 2020 онд бүх гэрээг дахин хийгээд концесс эзэмшигчид өгсөн. Улмаар концесс эзэмшигч нь санхүүжилтээ босгохоор явсан байдаг.
Харин энэ хооронд нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэх ажлыг зогсоож байв. Гэхдээ 2022 оны дөрөвдүгээр сард Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооноос уг төслийг тусгай горимоор санхүүжүүлэхээр төсөлд оруулж “Танай концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал бид санхүүжилтийн асуудлыг ярилцахаар байна” гэж мэдэгдэж байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл урагшилсан зүйлгүй үлджээ.
ТӨХХК байгуулаад ч амжилт олоогүй Тавантолгой ДЦС
Монгол Улсын Засгийн газар Тавантолгой ДЦС-ыг барина гэснээс хойш 10 жил хэдийнэ өнгөрчээ. 2013 оноос эхэлсэн Тавантолгойн цахилгаан станцын төсөл “Рио тинто”-гийн төлбөрийн баталгаа, Оюутолгойн худалдан авах үнийн асуудал тохиролцоонд хүрээгүйн улмаас 2016 оноос гацаанд орсон. Уг ажлыг эрчимжүүлэхээр "Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХХК-ийг 2020 онд байгуулсан байдаг. Гэвч тус компани байгуулагдаад таван жилийн нүүр үзэж байгаа ч төсөл "гацсан" хэвээр байгаа юм. Хэрэв хугацаандаа ашиглалтад орсон бол 300 мВт эрчим хүч үйлдвэрлэх байжээ.
25 жил "гацсан" Шивээ-Овоогийн цахилгаан станц
2000-аад оноос хойш даруй 25 жил гацаад буй “Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн 270 мВт-ын цахилгаан станц барих” төслийг эхлүүлэхээр 2018 оны зургаадугаар сард БНСУ, АНУ, БНХАУ-ын хамтарсан мэргэжлийн компаниуд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байв. Тухайн үед төр засаг өргөн цар хүрээтэй бодлогоор дэмжвэл цахилгаан станц босгоход ямар ч саад байхгүйг хөрөнгө оруулагчид хэлж байжээ. Үүгээр зогсохгүй Налайх зэрэг дагуул хотуудыг бий болгох боломжтойг дурдаж байсан ч үүнээс хойш 8 дахь жилийнхээ нүүрийг “үзэж” байна.
II. УСАН ЦАХИЛГААН СТАНЦУУД
Зуун дамжиж, 62 жил "гацсан" Эрдэнэбүрэнгийн УЦС
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг байгуулах талаар 62 жилийн өмнө буюу 1964 онд ярьж эхэлжээ. Анх ЗХУ-ын эрчим хүчний “Электросеть” хүрээлэнгээс урьдчилсан судалгаа хийсэн бөгөөд 44 жилийн дараа буюу 2008 онд "MCS, Kyushu Electric Power, West Japan Engineering Consultants, Industrial Design" компаниуд УЦС-ын анхны ТЭЗҮ-г боловсруулсан байна. Харин 2015 онд төслийн нэгжийг байгуулж, 2019 онд У.Хүрэлсүхийн ЗГ 28 мянга ГА газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байв. Мөн оны 11-р сард төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн баталж, 2021 оны 9-р сард Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Пауэр Чайна-Пауэр Чайна Чэнгду" түншлэл шалгарч түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээ байгуулсан байдаг. 2022 оны 7-р сард хайгуул, судалгааны ажлыг хийсэн.
Харин 2024 оны 11-р сард тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян нар уулзалт хийх үеэр "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц" төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар 253 сая ам.долларын санхүүжилт шийдэгдсэн.
Хятадын зээлээр эхэлж, оросууд "гацаасан" Эгийн голын УЦС 2032 онд ашиглалтад орно
Анх 1991 болон 1996, 2007 онд Засгийн газраас 220 Мвт-ын усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн ч ажил хэрэг бололгүй саатсан.
Мөн 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн 1996-1997 онд Монгол Улсын Засгийн газар “төслийг хэрэгжүүлэх” арга хэмжээ авсан ч бас л үр дүн гараагүй.
Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан “Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх” хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан Хятадын компаниуд шалгарсан байдаг. Гэвч ЗГ солигдсноор төсөл зогссон гэдэг. Улмаар 2013 онд Эгийн голын УЦС-ыг барих тухай Засгийн газрын шийдвэр дахин гарч, ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж байсан ч бас л гацсан байна.
2016 оноос БНХАУ-ын 1 тэрбум ам.доллаын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ-аас “ЮНЕСКО”-д “Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх” асуудлаар хандсаны улмаас ажил саатсан.
Харин Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед эрэмбэлсэн 14 мега төсөлд Эгийн голын 310 мВт-ын УЦС-ын төсөл багтсан бөгөөд барилгын ажлыг 2024 онд эхлүүлж, 2032 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй.
"Цаасан дээр үлдсэн" Шүрэнгийн УЦС
Анх 2013 оноос яригдаж эхэлсэн Шүрэнгийн усан цахилгаан станц баригдаж эхэлбэл байгаль орчинд асар их хор нөлөө үзүүлэх талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж, улмаар Оросын тал “ЮНЕСКО”-д хандаж байжээ. Уг нь 1970-аад онд хийгдсэн урьдчилсан судалгаагаар, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт байгуулбал зохистой бөгөөд хүчин чадал нь 244 мВт байхаар тооцоолж байсан аж.
Төслийнхний гаргасан тооцооллоор, хэрвээ ашиглалтад орсон бол төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг хангаад зогсохгүй ОХУ-аас импортолдог хэмжээг ч нөхөх боломжтой байв. Гэвч Монголын тал ОХУ-д бууж өгснөөр энэ төсөл “зогссон” байдаг.
"Цаасан дээрх төслүүд"-ийн нэг Орхон УЦС
Орхон голын УЦС-ын ТЭЗҮ-ийг Японы Chubu Electric Power компани хийж, тайлангаа 2001 оны 3-р сард тухайн үеийн Дэд бүтцийн яам, ЭХУГ-т ирүүлсэн байдаг.
Энэ УЦС нь Улаанбаатарын ДЦС-уудаас гарах нүүрсхүчлийн хийн (СО) бохирдлыг жилд 210.000 тн-оор багасгаж, агаарын бохирдлыг бууруулах үр ашигтай учраас Японы Байгаль хамгаалах сангаас санхүүжигдэх боломжтой, байгаль орчны онцын сөрөг нөлөөгүй, тус станцыг барихад ямар нэг сум суурин газрыг нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй гэж үзсэн аж.
Энэ үндсэн дээр 2001 онд УИХ-аар баталсан ‘‘Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем’’ хөтөлбөрт "Орхон гол дээр УЦС барьж, 2020 он гэхэд ашиглалтад оруулсан байхаар" тусгасан байдаг ч өнөөг хүртэл хэрэгжээгүй “Цаасан дээрх төслүүд”-ийн тоонд багтсан байна.
Гүйцэтгэгч БНСУ-ын компани нь "дампуурч" Н.Тавинбэх тэргүүтнүүд шалгагдаж эхэлсэн 10 аймгийн ДЦС

2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 10 аймгийн ДЦС барих шийдвэр гарсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй "гацжээ". Учир нь гүйцэтгэгч гэх БНСУ-ын "Бьюксан Инженеринг" компани нь дампуурч, алга болсон. Нийт 110.7 сая ам.долларын төсөвт өртөгтэй уг зээлийг Монгол Улс 40 жилийн хугацаатай авсан байдаг. Төсөл БНСУ-ын компаниас болж гацсан ч Монгол Улс зээлийнхээ хүүг тогтмол төлсөөр яваа юм.
Үүгээр ч зогсохгүй Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх зөвлөх П.Товуудоржийн хамтаар дээрх төслийн хэрэгт холбогдон, цагдан хоригдож эхэлсэн билээ. Н.Тавинбэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчин, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Зөвлөх үйлчилгээний” гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2,6 сая ам.доллароор нэмэгдүүлж Монгол Улсын нэр бүхий аж ахуй нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон нь урьдчилсан байдлаар тогтоогдоод буй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!