Нийслэлчүүд бид "Шатахуунгүй хот" гэх зовлонгоосоо арайхийн салахын даваан дээр "Тоггүй, дулаангүй хот" гэх "зовлон"-той нүүр тулав. "Дулааны цахилгаан станц-4"-ийн гэмтлээс шалтгаалж, өрх бүр өдөрт хоёр цаг тоггүй өнжлөө. Инээдтэй ч гэх үү, эмгэнэлтэй ч гэх үү энэ дүр зурагтай зэрэгцэн төр түшилцэж явсан эрхмүүдийн дунд эрчим хүчний төслүүдийг гацаасан буруутанг хайх "аялал" үргэлжилж байна. Энэ зуурт салбарын сайд нь 10 аймгийн дулааны станц барих төсөл "дампуурсан" гэдгийг ч зарлана лээ. Нээрээ л өнгөрсөн 30 жилд эрчим хүчний салбарт хийсэн дорвитойхон бүтээн байгуулалт бидэнд алга. Тиймдээ ч өнөөдрийн нөхцөл байдалд хүрээ биз.
Бидэнд эрчим хүчний шинэ эх үүсвэр хэрэгтэй байна. Гэтэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрөгч 7 хоногт мэдээлэл хийх үеэрээ "Бидэнд станц барих МӨНГӨ БАЙХГҮЙ. Хувийн салбарын хөрөнгө оруулалтыг татаж оруулъя гэж бодож байна" гэж ярилаа. Гацсан төслүүдээ урагшлуулах гэсэн ч МӨНГӨ АЛГА гэнэ. Тэгвэл өнгөрсөн арван жилийн хугацаанд бүүм болоод өнгөрсөн хэдэн арван хулгайн эргэн тойронд эргэлдсэн мөнгөөр шинэ эх үүсвэр хэчнээнийг л бол хэчнээнийг барих байв.
Сүүлийн арван жилийн хугацаанд хулгайд алдсан мөнгө түүгээр бид эрчим хүчний хэчнээн эх үүсвэрийг барьж болох байсан талаар нөхөн тооцож үзье.
"ТОП" арван хулгайг нэрлэх төдийд түүнд алдсан мөнгө 124.6 их наядаар хэмжигдэж байна. Энэ бол зөвхөн бидний нэрлэж буй "топ 10"- хулгай дээр яригдаж буй мөнгөн дүн. Үүний цаана эл нийтлэлд дурдагдаагүй хулгай олноороо бий.
Тэгвэл хулгайн 124.6 их наяд төгрөгөөр бид 658.5 сая ам.доллар буюу 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий ДЦС5-тай дүйцэхүйд станц 53 ширхгийг, 3.7 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий Эгийн голын усан цахилгаан станцаас 32 ширхгийг гэх мэтээр барих боломж байжээ. Хэрэв байсан бол шүү дээ. Гэтэл өнөөдөр сайд дарга нар маань нэг бүтээн байгуулалт ярих төдийд гадаадын зээл тусламжаар барина гэх үгийг өмнөө барьдаг. Сүүлийн жишээ бол 10 аймгийн ДЦС барих төсөл. Тус төслийг БНСУ-ын Экзим банк санхүүжүүлэх шийдвэр гарсан байсан билээ.
Тэгвэл эдгээр хулгайг эргэн сануулъя.
-ЗГ-АА УНАГАСАН КОНЦЕССЫН "ХУЛГАЙ"-
2017 онд Засгийн газар УИХ-д мэдэгдэлгүйгээр баталсан гэх долоон Концессын гэрээтэй холбоотой асуудал хөндөгдсөн. Улмаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг Концессын гэрээг өөрсдөдөө олгосон гэх үндэслэлээр намын гишүүдээс нь огцруулах саналыг УИХ-д оруулсан. Огцруулах саналыг Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Д.Сумъяабазар нарын намын гишүүд өргөн барьж, 2017 оны есдүгээр сарын 7-нд Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон юм.
-УЛС ТӨРЧДИЙГ ӨНДӨЛЗҮҮЛСЭН НҮҮРСНИЙ ХУЛГАЙ-
40 их наядын хулгай гэгдэх нүүрсний хулгай улстөрчдийг ёстой л нэг өндөлзүүлсэн. Өндөлзүүлэх нь бүү хэл зарим улстөрчдийг суудлаас нь ховхолж орхисон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд АМНАТ, оффтейк гэрээ, үнийн зөрүү, алдагдсан нүүрс зэргээс нийт 40 их наядыг алдсан гэж тайлбарласан байдаг. Үүнтэй залгуулаад нүүрсний хулгайд холбоотой улстөрчдийн нэрсийг АТГ-аас зарласан ба тэдний дундаас УИХ-ын гишүүн "Ажнай" Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн түүхтэй. Гэвч нүүрсний хэргээр Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар шүүхээр орж таслуулсан бол “Ажнай” Д.Бат-Эрдэнэ өнөөдрийг хүртэл үүрнээсээ ч цухуйсангүй сураг алдарсан хэвээр.
-КАПИТАЛ-ЫН "ХУЛГАЙ"
2019 онд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн "Капитал банк" дампуурахад Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг салхинд хийссэн. Учир нь тус банк дампуурахаас өмнө дээрх хөрөнгийг татаж аваагүй байсаар Нийгмийн даатгалын сан 104 тэрбум төгрөгөөр хохироосон юм.
-ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУЛГАЙ-
2022 оны эхээр Хөгжлийн банкны гэх дуулиан дөнгөж эхлэхтэй зэрэгцээд “ЖДҮ-гийн хулгай бол халаасны хулгай” байсныг бүгд мэдсэн. Учир нь хаана боломж байна, түүнийг өм цөмгүй цөлмөж явдаг нөхдүүд Хөгжлийн банкыг ч тайван өнгөрсөөсөнгүй. Тиймдээ ч 2.2 их наяд төгрөгийн зээлийг Хөгжлийн банк авах шаардлагатай болсон юм. Үүний 762 тэрбум төгрөг нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, 496.5 тэрбум төгрөг нь “Сахал” гэх Д.Эрдэнэбилэгтэй хамааралтай Хөтөл, Кью Эс Си компаниудад, бусад 986 тэрбум нь Эрэл, Монгема, Монлаа тэргүүтэй бусад компаниудын зээл байв.
-ТӨМӨР ЗАМЫН ХУЛГАЙ-
Арван жил уут, шуудай цоолж элс, чулуугаар “байлдсан” монголчууд 2022 онд арай гэж төмөр замын бараа харсан. Овоолсон шороо Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам болж, ашиглалтад орох хүртэлх хугацаанд бид эдийн засгийн хувьд олон боломжоо алдсан нь үнэн. Анх эл төмөр замд 280 сая ам.доллар буюу 722 тэрбум төгрөг зарлагадсан түүхтэй. Эл төмөр замыг ашиглалтад оруулаагүйгээс үүссэн алдагдсан боломж 80-90 их наядаар үнэлэгдэж байгаа талаар одоогийн Хотын дарга Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдаар ажиллах байх үедээ хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Тэрбээр "Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хүн бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга. Бүгд л мэдэж байгаа. Гялгар уутанд элс хийж цоолоод баялаг чинь алга болно, дуусна гээд явж байсан хүн. Үүний ард олж болох орлого буюу алдагдсан боломж нь 80-90 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Өнөөдрийн Монгол Улсын нийт гадаад өртэй тэнцэхүйц хэмжээний боломжийг нөхөр экс Ерөнхийлөгчийн пропагандад алдсан. Үүнийг ч цааш нь нэхэмжлэх ёстой" гэж байжээ.
-АЛДАРТ ЖДҮДС-ГИЙН ХУЛГАЙ-
2018 онд ЖДҮДС-гаас зээл авсан улстөрчдийн мэдээлэл ил болж, олон нийтийн шүүмжлэлийг ихээр дагуулж байв. Тодруулбал, ЖДҮХС-аас 134 ААН зээл авсны 122 нь УИХ гишүүн болон өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани байсан гэх. Тухайн зээлийн эргэн тойронд нийт 90 гаруй тэрбум төгрөгийн асуудал хөндөгдөж байсан юм. Ингэхдээ эрх баригч намын 64 гишүүнээс 39 нь нэр холбогдоод байв. Үүнд, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Батзориг гэхчлэн дурдаж болно.
Тэдний дундаас, УИХ-ын гишүүн асан Б.Солтаны нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бол Б.Батзоригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж байв.
-"ХУРГАН" ДАРГЫН ХУЛГАЙ-
АТГ, Цагдаагийн байгууллагын хамтарсан Ажлын хэсгээс 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 21:00 цагийн үед УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл болон түүний хамаарал бүхий орон сууцанд нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валютыг бэлнээр хураан авсан. Мөн зургаан орон сууцны Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон бусад эд зүйлсийг хураасан. Төмөр замын байгууллагын "хурган" даргын гэрээс ийм их хэмжээний мөнгө олдсон нь тухайн үед олны нүдийг орой дээр нь гаргаж байв.
Түүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, нийтийн албан тушаалтан хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргээр анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял оноосон. Гэвч тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хурал болж, түүний ялаас 2 жилийг хасаж, 10 жил болгон бууруулсан байдаг.
-"БЗС"-Г ДЭЛБЭЛСЭН ХУЛГАЙ-
2023 онд Боовсролын зээлийн сангаас зээл авч, гадаадад суралцсан гэх төрийн өндөр, дээд албан тушаалтнууд тэдний хамаарал бүхий этгээдүүдийн мэдээлэл ил болж олон нийтийн шүүмжлэлийг ихээр дагуулсан. Тухайн үед энэ асуудлын эргэн тойронд нийт 363 тэрбум төгрөгийн асуудал хөндөгдсөн юм. Энэ талаар одоогийн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлэл хийхдээ "Гадаадад суралцсан 2368 оюутан 363 тэрбум төгрөгийг Боловсролын зээлийн сангаас авч татвар төлөгчдийн мөнгөөр суралцсан.
- Бакалаврт 167 тэрбумыг 421 суралцагч,
- Магистр, докторт 1947 суралцагч 196 тэрбум төгрөгийн зээл авснаас 99-100 хувь эргэн төлөөгүй байна.
Дээрх зээлдэгчийн 90 хувь нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд байна" гэж байв.
-НОГООН АВТОБУСНЫ "ХУЛГАЙ-
2023 онд нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж 318,7 тэрбум төгрөгөөр 810 автобус худалдан авахаар зарласан тендерийн нийлүүлэгчээр шалгарсан “Тэнүүн огоо” ХХК шалгарч, тендерийн эхний санхүүжилт болох 134,561,367,100 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэвч АТГ автобусуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарсныг тогтоон, хохирол 134.5 тэрбум төгрөг хэмээн үнэлсэн юм.
-10 АЙМГИЙН ДЦС-ЫН ХУЛГАЙ-
2018 оны Засгийн газрын үед 10 аймгийн дулааны цахилгаан станц барих шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл баригдаагүйн дээр төсөл гацсан нөхцөл байдалтай байгаа билээ. Тус төслийн нийт төсөвт өртөг нь 148.7 сая ам.доллар /523 тэрбум төгрөг/. Гэвч төсөлд шалгарсан "Бьюксан Инженеринг" компани дампуурлаа зарласан байдаг. Ийнхүү дампуурлаа зарласных нь дараа тухайн компанийн удирдлагууд олдохгүй байсан тул ЭХЯ-наас "Энэ байгууллагыг олж өгөхөд туслаач" гэж хүчний байгууллагуудад хандаж байсан талаар ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн байдаг.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!