
16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал олон нийтийн анхаарлын төвд байна.
Нийгмийг айдаст автуулсан тус хэргийн шүүх хурал өчигдөр буюу энэ сарын 22-нд 10.00 цагт Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлсэн.
Шүүх хуралдаан эхэлснээс 30 гаруй минутын дараагаар хэргийг хаалттайгаар хэлэлцэхээр болсон байдаг. Хэргийг 10 цаг гаруй хугацаанд хаалттайгаар хэлэлцэж, нотлох баримттай танилцах явцад түр завсарлуулж, өнөөдөр өглөөний 08.30 цагт үргэлжлүүлэхээр болсон юм. Яг одоо нотлох баримттай танилцах явц үргэлжилж байна.
16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ: ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛЭХ БИШ ГЭСЭН ШИГ ЯМАР ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ОЛУУЛАА НИЙЛЖ ОХИНЫГ МИНЬ ХАРЛУУЛАХ ГЭЖ ДАЙРЧ БАЙНА ВЭ

Шүүх хурлын талаар охины ээж өөрийн цахим хуудсандаа, "Шүүх хурал одоо 2 дах өдрөө үргэлжлэх гэж байна.Зарим яллагдагчийн өмгөөлөгч нар хэрэг ярьж мэтгэлцэхээс гадна үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг ямар эрээ цээргүй олуулаа нийлж охиныг минь харлуулах гэж дайрч байна вэ.Хүний олон хүнээ барьдаггүй гэнэ үү.Харин ч хүний олноор миний охиныг барих нь битгий хэл онц хэрцгийгээр хөнөөсөн энэ асуудлаа тайлбарлах нь хүний ёсонд нийцэх байх. ҮНЭН ил болох болтугай. Шүүх хурлын дараа олон хуурмаг баг авч хаягдах байх аа" гэжээ.
Б.МЭРГЭН: Э.ГАН-ЭРДЭНИЙГ БУРУУГҮЙ ГЭСЭН ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ БАЙГАА УЧРААС ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ БАЙР СУУРЬТАЙ БАЙГАА

Харин Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Мэргэн, "Э.Ган-Эрдэнийг буруугүй гэсэн итгэл үнэмшилтэй байгаа учраас ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ байр суурьтай байгаа. Э.Ган-Эрдэнэ шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар шүүх хуралд оролцож байгаа" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХОЛБОГДОГЧ Х.ЭНХСАЙХАН АНХ УДАА ОЛНЫ ӨМНӨ ИЛ ГАРЧ, ШҮҮХ ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

Шүүх хуралд 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татагдаад буй Ц.Дагвадорж, 16 настай охины хэрэгт хамжигч болон хохирогчоор тогтоогдоод байгаа Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар оролцож байна. Түүнчлэн насанд хүрээгүй холбогдогч Х.Энхсайхан оролцож байна. Тэрбээр анх удаа олны өмнө ил гарч байгаа нь энэ юм.
Хэргийг эргэн сануулбал, 2024 оны зургадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2024 оны зургадугаар сарын 8-9 шилжих шөнө З гэх 32 настай эмэгтэйг гэрт нь хөнөөж, хүнсний скочоор ороон хувцасны шүүгээнд нь хийсэн байсан гэх. Талийгаач эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтынхан ололгүй олон хоносон учир цогцос нь өмхийрсөн байдалтай гэрээсээ олджээ. Харин дээрх хэрэг болсноос 12 хоногийн дараа буюу 2024 оны зургадугаар сарын 21-ний шөнө Ц.Дагвадорж нь архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд оршин суух 16 настай Ш гэх охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь чемоданд хийсэн байсныг цагдаагийнхан илрүүлсэн байдаг.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!