Цар тахалтай нүүр тулсан энэ цаг үед Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Ковид-19-тэй тэмцэх ёстой байтал албан тушаалтай тэмцэж яамандаа халаа, сэлгээ хийгээд эхэлжээ. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж, халдварын голомтыг хэрхэн хумих, халдварын тоог нэмэгдүүлэхгүй байх, халдвар авсан хүмүүсээ яаралтай эмчилж, дараагийн арга хэмжээгээ авах гээд толгой гашилгаж байхад Монгол Улсын Эрүүл мэндийн сайд нь үндсэн ажилдаа анхаарлаа хандуулахгүй халаа, сэлгээ хийж, өөрийн хүрээнийхнээ томилж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Ялангуяа ийм хүнд цагт хариуцлага тооцохгүй, төрийн албан хаагчийг халахгүй гэх Ерөнхий сайдынхаа эсрэг үйлдэл хийж эхэлсэн нь Ковид-19-тэй тэмцэх Засгийн газрын бодлого нэг зүгт байгаа юу гэх эргэлзээг төрүүлэхээр байна. Мэдээж ноцтой ажлын хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох, шаардлагатай тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөх, халаа сэлгээ хийх нь зүйн хэрэг боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр гардан байлдаанд орсон ийм цаг үед мэргэжлийн боловсон хүчнээ халах, сэлгээ хийх нь хэр зохимжтой үйлдэл вэ.
Одоогоор ЭМЯ-ны 20 гаруй хүнийг сэлгээ нэрийн дор халж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. ЭМЯ нийт долоон газрын даргатай. Үүнээс дөрвөн газрын даргыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тухайлбал, ЭМЯ-ны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.
Ингэхдээ Д.Нарангэрэл, Я.Буянжаргал нарт нэгэн эмнэлгийн орлогч даргаар очих саналыг тавьсан байна. Тэд уг саналыг нь хүлээж аваагүй учир сэлгээ гэх нэрийн дор халаа сэлгээгээ “цэвэрхэн” хийж байгаа аж. ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын даргаар өөрийнхөө сайн найз болох Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлыг томилох гэнэ. Ажлаасаа гэнэт халагдсан яамны 20 гаруй ажилтан, албан хаагчид шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн Т.Мөнхсайхан сайд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаа өгөхийг шаардсан талаар Д.Нямхүү захирал өчигдөр /2020.12.24/ мэдээлсэн. Шалтгаан нь ХӨСҮТ-өөс халдвартай хүмүүсийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхгүй гэж эсэргүүцсэний төлөө түүнийг ажлаа өгөхийг шахан шаарджээ.
Монгол Улс дотооддоо Ковид-19-ийн халдвар алдаж, өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдэж байгаа энэ хүнд цаг үед Эрүүл мэндийн салбар нь дотроо хөлөө жийлцэж хөдөлгөөнд орж эхэлсэн нь сайны дохио биш лавтай. Ажлаасаа халагдсан ЭМЯ-ныхан дугарч эхлээд байна. Тухайлбал, ЭМЯ-ны Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан шинжээч, Анагаах ухааны доктор Д.Ганзориг жиргэжээ.
Өнөөдрөөс эхлээд миний бие ЭМЯ дахь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн болно. Сүүлийн хагас жил шахуу хугацаанд дуугай байсан тул бичих, ярих сонирхол асар их байна. Ковид оношлуур, ЭМЯ-ны халаа сэлгээ, бодлого зэрэг асуудлаар харилцан санал солилцох боломж нээлттэй болсоныг мэдэгдье
— Дорждагвын Ганзориг (@ganzorigd) December 24, 2020