Өдөрт 14 хүн хорт хавдраар нас барж, жилд 8000 шинэ тохиолдол бүртгэгдэж байна
Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь хорт хавдар. Энэ төрлийн нас баралтаар Монгол Улс дэлхийд тэргүүлдэг. Ковид-19 цар тахлын дэгдэлтийн оргил үед нэг өдөрт 10 хүн нас барлаа гэхэд нийгэм даяараа цочирдож, айдаст автан самгардаж байсан цаг үе саяхан. Гэтэл өдөр бүр дунджаар 14 монгол хүн хорт хавдрын улмаас нас барж байхад яагаад болох ёстой зүйл мэт нийтээрээ тайван хүлээж авч байна вэ. Өнгөрсөн 2024 онд л гэхэд 4755 иргэн хорт хавдраар нас барсан байна. 3-хан сая хүн амтай Монгол Улсад ганцхан жилийн дотор хорт хавдрын шинэ тохиолдол 8000-аар нэмэгдэж, түүний талаас илүү хувь нь эмчлэгдэж чадалгүй нас барж байгаа нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх асуудал мөн гэдэгтэй уншигч та ч санал нийлэх байх.
Тэгвэл хорт хавдраар өвчлөгчдийн нас баралтад нөлөөлдөг голлох хүчин зүйлийг дараах байдлаар тодорхойлжээ.
- Хорт хавдарын эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн хүртээмж муу.
- Хорт хавдарын эмчилгээ үйлчилгээний тоног төхөөрөмжийн хомсдол, хүртээмжгүй байдал
- Хорт хавдарын эм, тариа, эмчилгээний ханган нийлүүлэлт, үүүнд чиглэсэн төрийн бодлогын уялдаа холбооны асуудал
- Иргэдийн хожуу оношлогдох байдал
Эдгээр хүчин зүйлд чиглэсэн арга хэмжээг төрийн шат шатны байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа ч начир дээрээ энэ нь өвчлөл болоод нас баралтыг бууруулж, эмчилгээний хүртээмжийг сайжруулахад нөлөөлж байна уу гэвэл үгүй. Жил ирэх тусам өвчлөл нэмэгдсээр, түүнийг дагаад нас баралтын тоо өссөөр.
Хорт хавдрын эмчилгээг төрөөс хариуцах хууль бодит байдал дээр хэрэгжиж байна уу...
Жишээ нь, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зэрэг салбарын гол хуулиудад хорт хавдрын эмчилгээг төрөөс 100 хувь хариуцах тухай заасан байдаг. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан 6-р тогтоолоор батлагдсан “ЭМД-ын сангаас санхүүжүүлэх журам”-ын 2.6.4-т “Төлбөрийг нь төр хариуцах эм”-ийн системд нэг өдөр бүртгэгдсэн иргэдээс сонголт хийх шаардлага тулгарвал тухайн иргэдийн орлогын түвшинг харгалзаж, орлого багатай иргэдийг түрүүлж сонгох” хэмээн тусгасан нь хорт хавдраар өвчилж, цаг минутаар үхэлтэй тэмцэж байгаа иргэдийн эмчилгээ тасалдахад хүрч, эмээ даатгалаар авч чадахгүй байгааг хорт хавдартай иргэдийн “Наран ижий заяа” ТББ-аас мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл хорт хавдартай иргэд тэгш хүртээмжтэй төрийн үйлчилгээ авч, ялгаварлан гадуурхагдахгүй байх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж чадахгүй хүрсэн гэсэн үг. 2025 оны 1-р сард Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 4-р тогтоол гаргаж энэ журмыг хүчингүй болгосон аж. Хүчингүй болгосон нь сайн хэрэг ч өдөрт 14 хүн нас барж байгаа энэ цаг үед журам хэрэгжиж байсан бүтэн жилийн дотор хэдэн хүн эмээ авч чадахгүйд хүрч, эмчилгээ нь тасалдаж нас барсан бол гэж бодохоор гол харлам.
Уг журмын талаар ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгороос тодруулахад дараах мэдээллийг өглөө.
Б.Янжиндолгор: Төрөөс төлбөрийг нь хариуцах эмийг иргэдийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эрэмбэлэн олгож байсан журмыг хүчингүй болгосон
"Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс /ЭМДҮЗ/ 2024 онд гаргасан 6-р тогтоолд үнэхээр төсөв хүрэлцэхгүй тохиолдолд төрөөс төлбөрийг нь хариуцах эмийг тухайн иргэний эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад эрэмбэлэх зохицуулалт байсан. Энэ нь зөвхөн хорт хавдартай иргэдэд чиглэсэн биш Төрөөс төлбөрийг нь хариуцах эмийн жагсаалт гэж байдаг. Энд амбулаториор эмчлэх эмийн жагсаалт болон хорт хавдрын химийн бай эмчилгээний жагсаалт гэсэн 2 төрөлтэй байдаг. Энэ жагсаалтад хэрвээ тухайн байгууллага эм хүрэлцээгүй тохиолдолд тухайн иргэний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан сонгох заалт орсон байсан юм. Гэхдээ 2025 оны 1-р сард батлагдсан 4-р тогтоолоор энэ заалтыг хассан. Одоо бол ийм заалт байхгүй" хэмээв.
Хэдийгээр журмыг хүчингүй болгож, хорт хавдрын эмчилгээний зардлыг 100 хувь төр хариуцаж байгаа боловч “даатгалаар эмээ авч чадахгүй байна”, “эм тасраад олдохгүй байна” гэсэн хорт хавдартай иргэд хорт хавдартай иргэдийн группт одоо ч олон байна. Ялангуяа 2.3 сая төгрөгийн өртөг бүхий хорт хавдарын даавар эмчилгээ тасалдаж байгаа талаарх асуудлыг өвчлөгчид түлхүү хөндөж байна. Тэгвэл энэ талаар ЭМДЕГ-аас дараах мэдээллийг өгч байна.
Б.Янжиндолгор: Хорт хавдрын өндөр өртөг бүхий химийн даавар эмчилгээг тусад нь санхүүжүүлдэг болсон
"Хорт хавдрын химийн эмчилгээ нь химийн эмчилгээ болон химийн бай эмчилгээ гэсэн 2 төрөлтэй байдаг. 2024 оноос хорт хавдрын химийн дархлаа эмчилгээ гэж шинээр орсон. Дархлаа эмчилгээг ЭМЯ-тай хийсэн гэрээний дагуу зөвхөн ХСҮТ үзүүлж байгаа. Хорт хавдрын хими болон химийн бай эмчилгээг манайтай гэрээтэй, сонгон шалгаруулалтаар тэнцсэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд үзүүлж байгаа.
Хорт хавдрын үед хэрэглэдэг даавар эмчилгээний хувьд тухайн эмийг химийн оношны хамааралтай бүлэг буюу хэвтүүлэн эмчлүүлэх, өдрийн эмчилгээний аль алинд нь оруулах боломжтойгоор ЭМД-ын цахим системд ирүүлсэн мэдээлэлд нь үндэслээд өртгийн тооцоолол хийгээд явж байсан. Харин 2025 оны нэгдүгээр сард ЭМДҮЗ-өөс гаргасан 4-р тогтоолд дааврын эмчилгээний төлбөрийг төр хариуцах хэсэгт тухайн дааврын эмчилгээний эмийг хэрэглэсэн болгоноор санхүүжүүлэх заалт орж ирсэн. Хорт хавдрын химийн даавар эмчилгээг тусад нь санхүүжүүлдэг болсон гэсэн үг." гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!