Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Хянан шалгах түр хорооноос Тавантолгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийснээр стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордтой холбогдуулж олон нийтийн мэдэх эрх хангагдаж, иргэд Таван толгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт, эдийн засгийн үр өгөөж, нөөцийн талаар бодит мэдээлэлтэй болно хэмээн үзжээ.
Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, М.Ганхүлэг, Л.Оюун-Эрдэнэ, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нар, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Р.Батболд, Л.Мөнхбаясгалан, А.Ундраа, Л.Энхнасан, Р.Эрдэнэбүрэн нар ажиллах юм байна.
Үргэлжлүүлэн хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ, хязгаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж, холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь дэмжсэн тул Байнгын хорооны хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.