Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганмаа: Эмч ажилтнуудын цалинг 10-15 хувиар нэмэхэд гар дээр 150-190 мянган төгрөг л нэмэгдэж ирнэ. Тиймээс ТЕЗ нарын зардлын 2 хувийг хасах замаар эмч нарын цалинг 3-3.5 саяд хүргэх нь зөв

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
11 минут 13 секунд

УИХ-ын гишүүн Д.Ганмаатай эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлстэй холбоотой асуудлаар ярилцлаа

-Төсвийн гурав дахь хэлэлцүүлэг байнгын хороодод үргэлжилж байна. Энэ үе шатанд УИХ-ын гишүүдийн зүгээс гаргах зарчмын зөрүүтэй санал олны анхаарлыг татдаг. Таны Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд оруулсан эмч нарын цалинг 50 хувиар нэмэхтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн байсан. Эндээс яриагаа эхэлье?

-Төсвийн гурав дахь хэлэлцүүлгээр гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж, төсөв дээр саналаа хэлж, хүргэх боломж олддог. Баяртай хэр нь завгүй үе л дээ. Засгийн газар бүх ТЕЗ нараас төсөв дээрх саналыг нь авч, боловсруулан оруулж ирдэг. Тухайн төсвийг гишүүд өөр өөрийн нүдээр харж, судалсны үндсэн дээр түүнээс танах, хэмнэх боломжтой зардлуудыг гаргаж ирээд зарчмын зөрүүтэй саналаа гаргадаг. Гэхдээ нэгэнт оруулаад ирчихсэн төсөв дээр аль нэгээс нь хасна гэчхээр хэн нэгэн аз жаргалгүй байна аа даа. Тэгэхээр мэдээллийн хувьд сайн болон муу зүйл яалт ч үгүй гарч ирнэ. Ер нь төсвийг том зурагаар нь харахад, маш том уялдаа холбоотой зүйл шүү дээ. Бид макро, микро эдийн засгаа ч бодох хэрэгтэй. Тиймээс энэ нь маш болгоомжтой бөгөөд олон талын оролцоог хангаж хийх ёстой ажил юм. Өргөдлийн байнгын хороонд дөрвөн долоо хоногийн өмнө эмч, багш нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмье гэдэг асуудал орж ирсэн. Үүнийг сар орчмын өмнө тус байнгын хороо дэмжсэн. Энэ Засгийн газраас хүний хөгжил нь хамгийн том "мега төсөл" байх болно гэдгийг илэрхийлсэн. Үүнийг гишүүд ч сайшаалтай хүлээж авсан. Би өөрөө эрүүл мэндийн салбарын төлөөлөл шүү дээ. Энэ утгаараа цалин хөлстэй холбоотой асуудалд нь анхаарал хандуулж байгаа.

Үнэндээ, эмч нарын цалин 1.5 сая төгрөг хавьцаа, сувилагчийнх 1-1.4 сая, асрагчийн цалин 1 сая хүрэх үү үгүйтэй байгаа. Тэгвэл одоогийн нөхцөлд ЗГ-аас хэлээд байгаа 10-15 хувийн нэмэгдлийг олгоход нэг ажилтанд 150-190 мянган төгрөг л нэмэгдэнэ. Эмч, ажилтнуудын цалин хангалттай хэмжээнд нэмэгдэхгүй байна. Зээлээс зээлийн хооронд амьдардаг нь хэвээрээ байна. Нойр хоолгүй 8:16 гэж ажилладаг. Би өөрөө асрагчаар нэг жил ажиллаж байсны хувьд, энэ байдлыг би мэднэ.

Өөрөөр хэлбэл, ар гэртээ санаа зовохгүйгээр ажиллах боломжийг олгохын тулд цалинг нь 3-3.5 сая төгрөгт хүргэчихье гэдэг асуудлыг л тавиад буй юм.Үүнтэй уялдаад бодлогоо оруулж ирээч гэж нэлээн сүүлийн нэг жил сайдаас нь үл хамаараад ЭМЯ руу хэлж ярьж байгаа.

Ингэхдээ үр ашгаа дээшлүүлэх, түүний тулд шаардагдах санхүүжилт, агентлагуудаа тусад нь гаргах зэрэг бодлогын олон асуудлыг анх УИХ-ын гишүүн болсноосоо хойш ярьж яваа юм. Тэгэхээр энэ туршлагаасаа, бид зарчмын зөрүүтэй саналаараа л оруулж ирэх ёстой юм байна гэж харсан.

Оруулж ирэхдээ тодорхой хэмжээ буюу эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах 770 тэрбум төгрөгийг нийт ТЕЗ нараас 2 хувийг хасаж гаргаж ирье гэсэн юм. Эл санал дэмжигдсэнд маш их баяртай байгаа. Маш олон гишүүд дэмжсэн.

-Төсөв хэлэлцүүлж байх үед гишүүдийн дунд тойрогт "барьцаалагдах" асуудал түгээмэл ажиглагддаг. Хэдий нүүрэн дээрээ цалин, хөлс, тэтгэврийг нэмье гэж байгаа боловч эх үүсвэртэй холбоотой асуудал хөндөгдөхөд манай тойрог гэж хамгаалах зүйл ажиглагддаг шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Тойргийн гишүүдийн зовлон гэж байгаа шүү дээ. Одоогоор бидэнд нэг давуу тал байгаа нь, биднийг тойргийн зовлонгоос холдуулж, улс орны хэмжээнд томоохон бодлогын түвшний асуудал дээр анхаараарай гэж жагсаалтаар оруулж ирсэн. Гэхдээ ингэлээ гээд тойргийн мөнгийг хасаад, үгүйсгээд байгаа зүйл байхгүй. Жишээлбэл, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо руу оруулах гэж байгаа нэг зарчмын зөрүүтэй санал байна.

2026 онд бүгдээрээ шинэ барилга байгууламж эхлүүлэхгүй байя. Ганцхан жил гэсэн үг шүү дээ. Барилгын ажил нь үргэлжилж байгаа газруудын төсвийг тавина. Нэмээд сургууль, цэцэрлэг, тусгай онцгой объектуудаас бусад барилгыг хасахад л улсын төсөв дээр 421 тэрбум төгрөг гарч ирнэ. Үүнээсээ төр эрүүл мэнд, тусламж үйлчилгээтэй холбоотой хоолойнд тулсан асуудлуудаа шийдэх боломжтой.

Эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал ямар байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Оочир дараалал нь дийлдэхгүй, хувийн эмнэлгүүдийн санхүүжилтийг зогсоочихсон, эмээ авч чадахгүй, үүнээс үүдэж ханган нийлүүлэх компаниуд нь өрөнд орчихсон зэрэг шил шилээ дарсан асуудлууд байна. Энэ бүх асуудлыг шийдэх нэг удаагийн л татаас юм даа. Түүнээс биш том бодлогын асуудал нь дэд бүтцээ шинэчлэх, өөрчлөх явдал юм.

-ТЕЗ нарын зардлаас 2 хувийг хасах замаар эх үүсвэрийг бий болгоно гэж та ярьж байна. Гэхдээ төсвийн яг аль хэсгээс нь авах юм бэ. Урсгал зардлаас эсхүл хөрөнгө оруулалтын зардлаас гэдэг ч юм уу?

-Бид үр ашиг ярих цаг болсон. Зардлаа л яриад байвал хэзээ ч дийлдэхгүй. Тэгэхээр үр ашгийг яаж гаргадаг вэ гэхээр хувь, хувсгал ялгаагүйгээр эмнэлгүүдэд засаглалыг сайжруулж, бие даасан шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тухайлбал, тухайн бүс, сум, дүүргийн эрүүл мэндийн хэрэгцээний мэдээлэл судалгаа гэж байдаг. Үүнд үндэслээд манай бүс, сум, дүүрэгт ийм өвчлөл хамгийн өндөр байна, ийм шалтгаант нас баралт өндөр байна гэж оношлоод түүнд тохирсон зохицуулалтаа хийгээд явбал эрүүл мэндийн санхүүжилтийн орлогоо ч нэмж, зарлагаа хасч, үр ашгаа ч сайжруулна. Ийм механизм оруулж ирэх нь чухал. Үүний тулд ярилаа, хэллээ, боловсруулж өглөө, бичлээ. Гэсэн хэдий ч засаг хөдлөхгүй байна. Иймд одоо автоматаар төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлаас хоёр хувийг энэ тэнцүү авъя гэж байгаа юм. Ингэснээр тухайн ТЕЗ нар үр ашгаа сайжруулж, тодорхой өөрчлөлтүүдийг гаргана. Өмнө хэлсэнчлэн түүгээр хоолойнд тулсан асуудлуудаа л шийдье гэж байгаа юм. Түүнээс биш гайхамшигтай үр дүнг гаргах шийдэл биш байх л даа.

-Таны гаргасан зарчмын зөрүүтэй санал байнгын хороодоор дэмжигдсэн ч чуулганы хэлэлцүүлэг дээр "тэсэж үлдэх" боломж хэр байгаа гэж харж байгаа вэ?

-Гишүүд адилхан л хүн шүү дээ. Бүгд л асуудал хаана байгаа вэ гэдгийг нэг бүрчлэн мэдэж байгаа. Гишүүд болгоны гэрт эрүүл мэндийн хувьд асуудалтай тулгарч байгаа хүн байгаа байх. Тиймээс энэ нөхцөлийг маш сайн ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Гишүүдэд тоймтой ойлголтыг маш зөв өгөөд явах хэрэгтэй. Одоогийн нөхцөлд ийм арга хэмжээг авахгүй бол бүх зүйл тасалдаж, эрүүл мэндийн салбар "гал алдах" аюул байна.

-Ер нь бид төсвөө дайчилж чадаж байна уу гэдэг асуудал байна. Багш нарын асуудал дээр жишээ татъя л даа. Төсөв өргөн барих үед төсвийн зардлын хязгаарыг 24 хувь дээр барьж байгаа тул цалин нэмэх боломжгүй гэж байсан боловч багш нарын ажил хаялтын дараагаар 10,20 хувиар нэмнэ гээд "боломжоо" гаргаад ирж байна л шүү дээ?

-Таны хэлж буй энэ асуудал надад ч байгаа. Нарийн задаргааг нь харах боломжгүйгээр төсвийг оруулж ирдэг. Үүнийг тодруулъя гээд явуулахаар бидэнд ирүүлж буй хариулт нь тийм ч тодорхой биш байдаг. Тэмээ гэхээр ямаа гэдэг шиг л хариулт ирдэг. Тэгэхээр төсвийг үр ашигтай сайн зарцуулах, тухай бүрт нь гэнэтийн сьюрприз барихгүй байх, үр ашигтай зэрэгцэн хэмнэлт гэдэг зүйлийг ярих цаг болсон. Жишээлбэл, маш үнэтэй хурал цуглаан хийхдээ санхүүжилтийг нь олон улсын байгууллагаас гэж тайлбарлаж байгаа боловч түүнийг өөр зүйлд зарцуулах боломжтой байхгүй юу. Яагаад заавал Блью скай, Шангрилла яагаад том, том буудлуудаар өндөр дүнтэй хурал, цуглаанаа хийдэг юм. Тэгсэн хэр нь гол асуудал дээрээ мөнгө яагаад зарахгүй байгаа юм.

Тэр бүү хэл эмнэлгүүд дээр чинь өдрийн эмчилгээнд массаж, сувилал хийлгэж явж байснаа орой нь партидаад гараад явчихдаг хүмүүс зөндөө байна. Ийм асуудлуудаа хумиад зайлшгүй шаардлагатай хэсэг дээр мөнгийг нь тавьж, хаах ёстой зүйлсийг нь хаагаад явах хэрэгтэй.

Ингэснээр энэ ЗГ толгойгоо ажиллуулж, бодлого дээр ажиллаж эхэлнэ. Түүнээс биш хамгийн залхуу, хамгийн амархан, иргэдийнхээ халаас руу орсон шийдвэр рүү явмааргүй байна.

“Хадгаламжтай аялал” аяны 2-р ээлжийн азтанууд шагналаа гардан авлаа
“Хадгаламжтай аялал” аяны 2-р ээлжийн азтанууд шагналаа гардан авлаа
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.