Нарийн ногооны үнэ хоёр дахин өссөн талаар худалдаа эрхлэгч болон импортоор хүнс оруулж ирж буй байгуууллагаас өгч буй мэдээллийг хүргэж байна.
-Нарийн ногооны үнэ эрс өссөн талаар "Их тойруу" худалдааны төвийн нарийн ногооны худалдагч Д.Ичинхорлоо:
-Олдоц бага байна. Урдаас орж ирж байгаа машин нь цөөрсөн гэсэн. Өмнө нь өдөрт 20, 30 машин орж ирдэг байсан нь гурав болсон. Үүрийн дөрөв, таван цагийн үед "Барс" зах дээр очоод алаан болоод дуусаж байна. Тэр гурван машин нь 100 гаруй тонн нарийн ногоо буулгана. Түүнээс ихэнхийг нь сүлжээ дэлгүүрүүд аваад явна. Лангуу ажиллуулдаг бидний хувьд нэг, нэг хайрцаг л оногдоно.
-Цаанаас орж ирэхдээ үнэ өсөөд байна уу?
-Ачааны хөлс нь нэмэгдсэн гэсэн. Цаанаас ирж байгаа нэг хайрцаг ногооны үнэ ачааны хөлсөө шингээж зарж байна. 5000 юаниар ачдаг байсан бол одоо 15000 юаниар ачдаг болсон байна. Бид нар ногоогоо авахдаа хайрцаг хайрцгаар нь бодож авдаг. Бид 500-1000 төгрөг л нэмж зардаг шүү дээ. Жишээ нь, нэг хайрцаг өргөст хэмхийг 60'000-65'000 төгрөгөөр авдаг байсан бол өнөөдөр 130'000 төгрөгөөр авч байна. Чинжүүг 40000 төгрөгөөр авдаг байсан бол одоо 65000 төгрөг гэж байна.
"Барс" худалдааны төв дээрх "Хүнс импортлогчдын холбоо"-оос дараах мэдээллийг өглөө
Бидний үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хэвийн явагдаж байсан. Өнөөдрийн байдлаар тээврийн үйл ажиллагаа саатсанаас болж хил рүү өдөрт дөрвөн машины кувот авч ажиллаж байна. Жирийн үед өдөрт 10-15 машин явж импортын хүнснийхээ үнийн өсөлтийг барьдаг байсан. Барсын холбооноос үнэ өсгөсөн зүйл байхгүй. Цаашдаа жижиглэнгийн худалдаан дээр гар дамжин зарагддаг учир үнэ өсөхөөс өөр аргагүй байна. Тээврийн хөлс нь маш өндөр болсон. Урьд нь 2.2 сая төгрөгөөр явдаг байсан бол одоо 8-10 сая төгрөгөөр явж байна. Бид нэг хайрцаг нарийн ногоон дээр 3000-5000 төгрөг нэмсэн. Цаанаас ирж байгаа олдоц бага байна. Мөн орж ирж байгаа тээврийн хэрэгсэл хүрэлцээ муутай байна.