
Өглөөний нарны зөөлөн туяа хүүхдийн парк руу цацарч, намрын шаргал моддын мөчир дээр гэрэлтэнэ. “Тэмүүлэл аутизм” сургалтын төвийн хүүхдүүд багш нартайгаа хамт алхаж ирэхэд парк хөгжим, инээд хөөрөөр дүүрэн цуурайтна. Зарим хүүхэд дуу дуулах зуураа сандал дээр сууж, зарим нь хөлөө эргэлдүүлэн бүжиглэж, тоглоомдоо анхаарч харагдана. Багш нар өөрсдийн хариуцаж авсан хүүхэдтэйгээ тойрон бүжиг хийж баяр хөөрөөр дүүрэн гадуур хичээллэх өдрийн өглөөг эндхийн ногоон зүлэг дээр эхлүүлж байгаа нь энэ.
"Манай сургалтад зураг зураад тайвширдаг хүүхэд ч байдаг"

Хүүхдүүдийн хичээнгүйлэн бүжиглэх хөдөлгөөн, багш нарын эвлэгхэн харилцаа нь тэдний өдөр бүрийн эхлэл гэнэ. Тэд тойрон бүжгээ хийж дуусаад хоолны цаг эхлэх үед "Тэмүүлэл аутизм" төвийн сургалтын менежер Т.Мөнхцэцэгтэй тус төвийн үйл ажиллагааны талаар товчхон ярилцсан юм. Тэрбээр "Манайх өдөрт 60-62 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол багш нараас гадна Турк багш нартай хамтран ажилладаг. Танхимын, академик, спортын хичээл гэсэн гурван бүтэцтэй явагддаг. Мөн нэмэлтээр улирлын чанартай хэд хэдэн хичээл байдаг. Хүүхдүүдээ нийгэмшүүлэхийн тулд дулааны улиралд гадаа талбайд аялангаа хичээлд оролцдог.

Түүнчлэн зарим хичээл дээрээ номын сан, музей гэх мэт аутизмтай хүүхдүүдийн тэр бүр зорьж очин үйлчлүүлээд байдаггүй газруудыг сонгож хүүхдүүдээ дагуулж явдаг. Аутизмтай хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Тэр онцлогт нь тохирсон ямар чадвар дутмаг байна, юуг чадахгүй байна гэдэгт анхаардаг. Ингэснээр хүүхдүүдэд маань аль нэг талаараа заавал ахиц дэвшил гардаг.
Жишээлбэл, манай сургалтад зураг зураад тайвширдаг хүүхэд байдаг. Тэр сурагч маань зургаа тасралтгүй зурсаар зургийн үзэсгэлэнгээ хоёр удаа гаргасан. Ингээд хүүхэд бүрд тулж ажиллавал үр дүн гарсаар байдаг.
Өнөөдрийн хувьд дулаахан байгаа учраас алхалтын хичээлийг хүүхдийн паркт орж байна. Өглөө ээлжийн хүүхдүүддээ бүжиглүүлээд, одоо хооллолтын цаг үргэлжилж байна. Хүүхдүүд мөн өөрсдийн авчирсан хоолоо л иддэг. Учир нь хүүхэд бүрд тохирсон хооллолт байдаг" гэлээ.
"Анх ажилд орсон цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд шантарч байгаагүй"

Өөрийн хариуцаж авсан хүүхдээс гадна хүүхэд бүрд ээж шиг нь анхаарал хандуулах тус сургалтын төвийн тусгай хэрэгцээт боловсролын залуу багш Г.Хулантай хэсэг ярилцахад "Энэ сургалтын төвдөө оюутан байхаасаа ажиллаж эхэлсэн. Өдгөө сургуулиа төгсөөд гурав дахь жилдээ ажиллаж байна. Анх ажилд орсноос хойш өнөөдрийг хүртэл шантрах үе гарч байгаагүй.
Энэ бол зөвхөн миний л сонгосон мэргэжил, миний л сонголт учраас шантрах эрхгүй. Энэ ажлаа маш их энергитэй ажил гэж боддог. Би аутимзтай хүүхдүүддээ зааж сургахаас гадна өөрөө ч хүүхдүүдээсээ суралцаад л явж байгаа. Хүүхдүүдээ ахиц гаргахад үгээр хэлэмгүй их баярладаг.
Бид бүлгийн хичээл ордог. Ингэхдээ "Нэг хүүхэд нэг багш" гэсэн зарчмаар нэг, нэг хүүхэд хариуцаж хичээлээ заадаг. Учир нь аутизмтай мянган хүүхэд байхад мянган өөр аргаар харилцах хэрэгтэй. Иймээс нэг багш нэг хичээлийг цагт хариуцаж буй хүүхэдтэйгээ л ажиллана. Багш нарын арга барил гэвэл хүүхэд тус бүрийг мэдэрч ажиллах байдаг" гэж инээд цацруулан ярилаа.
"М.Гүндалай: Хүүхдүүд маань бусдаас ялгаагүй суралцдаг, ойлголцдог энгийн л хүмүүс шүү дээ"

Аутизмтай хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтойг өглөөний хэсэгхэн үйл явдлаас л харж болохоор байлаа. Нэг хэсэг нь тоглож байгаадаа сэтгэл хангалуун баяр баяслаар дүүрэн байхад нөгөө хэсэг нь багшаасаа гар салгахгүй зүүгдэж, зарим нь юунаас болсныг мэдэхгүй ч их ууртай харагдана. Ийм олон үзэгдэл дунд уурлаж төвөгшөөж байгаа багш харагдсангүй. Энд хүүхдүүдтэй ажиллах багш нарын ихэнх нь залуухан инээд алдсан охид, хөвгүүд байлаа.
Нийгэмд эрэгтэй хүн багш болох нь харьцангуй бага гэсэн ойлголт байдаг. Тэгвэл "Тэмүүлэл аутизм" сургалтын төвд хэд хэдэн залуу эрэгтэй багш ажилладгийн нэг нь Тусгай хэрэгцээт боловсролын багш М.Гүндалай. Тэрбээр шавь нарынхаа талаар "Тэр бүр хүмүүс анзаарч харахааргүй давуу тал, онцгой ертөнц хүүхдүүдэд маань байдаг. Цаг хугацааг хамт өнгөрүүлэх тусам хүний хайрыг татдаг. Гэхдээ үүнийг зарим хүмүүс ойлгохгүйгээр хүүхдүүдийг маань бусдаас өөр гэж харж ялгах хандлагууд байдаг. Гэвч бидэнтэй л ялгаагүй суралцдаг, ямар ч ялгаагүй л хүмүүс шүү дээ" гэв.

Том, жижиг гэлтгүй хүүхэд бүр өөрийн амжилтаараа амьдралдаа гэрэл нэмж, биднээс ялгаагүй амьдрах ёстойг тэдний хоёр дахь гэр болсон "Тэмүүлэл аутизм"-ын хайраар дүүрэн гэр бүлээс харж болох юм.