МАН-ын даргын сунгаанаас үүдэлтэй улс төрийн зодоон даамжирсаар Монгол Улсын зовлон болоод байна. Ардын намын даргаар Д.Амарбаясгалан сонгогдсоноос хоёр хоногийн дараа өрсөлдөгч буюу Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайг илрүүлэх ажлаа эрчимжүүлэхийн тулд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж буйгаа мэдэгдсэн. Уг томилгоог баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна.
Түүнчлэн, УИХ-ын нэр бүхий гишүүд “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр холбогдоод буй хэргээ нэг тийш болтол УИХ-ыг удирдах нь ёс зүйгүй үйлдэл” гэж мэдэгдсэнээр байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ирэх оны төсвөө ч баталж амжихгүйд хүрээд байна.
-2026 оны улсын төсөв ЭЗЭНГҮЙДЭВ
Тодруулбал, аль есдүгээр сарын 1-нд 2026 оны төсвийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч бүтэн нэг сар өнгөрч байхад хамгийн чухал хоёр дахь хэлэлцүүлгээ ч эхлүүлээгүй явна. Чухал гэж байгаагийн учир нь хоёр дахь хэлэлцүүлгээр гишүүд зарчмын зөрүүтэй саналаа оруулж, төсвийн засаж болох бүх алдааг залруулж дараагийн шат руу шилжүүлдэг. Хуулиараа арваннэгдүгээр сарын 15-ны дотор ирэх оны төсвийг баталсан байх учиртай ч хоёр дахь хэлэлцүүлэг рүүгээ орж амжаагүй яваа нь эрсдэл дагуулж буйг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийх үеэрээ онцолсон.
-Бүрэн эрх нь дууссан 23 элчин сайдын томилгоо ГАЦАВ-
Хоёрдугаарт, энэ онд бүрэн эрх нь дуусаад буй 23 элчин сайдын томилгоо хүлээгдэж байна. Тодруулбал, 2021 оны долоодугаар сард томилогдсон нэр бүхий элчин сайд нарын дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа нь өнгөрсөн долоодугаар сард дууссан. Улмаар дараагийн элчин сайд нарыг нэн даруй томилсон байх ёстой ч найр наадам, халаа сэлгээ, засгийн тогтворгүй байдлаас улбаатай гацаанд орж, ХҮЛЭЭЛТИЙН горимд шилжээд байна.
Бүрэн эрх нь дууссан 23 элчин сайдын мэдээлэлтэй доорх зургаас танилцана уу.


-Оюутолгой, "Онтре"-гийн асуудал ГАЦАВ-
Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” ХХК-ийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, холбогдох асуудлыг УИХ-д танилцуулах ажлын хэсгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ахалж буй.
Тус ажлын хэсэг ЭЗХ-ийн сайд Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй хүмүүс багтаж буй.
Харин Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Түр хороог УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байна.
Оюутолгойн гэрээ байгуулагдаад 16 жил болж буй бөгөөд зээл болон менежментийн төлбөрийн асуудлыг долоон жил тутамд харилцан тохиролцоод өөрчлөх боломжтой байдаг. Тэгвэл энэ цикл нь 2025 онд тохиож байна. Тиймээс үлдэж буй гурван сарын хугацаанд Оюутолгойн зээлийн хүүг бууруулж амжих эсэх асуудал яригдаж байгаа юм. Гэвч мөн л УИХ-аар хэлэлцэх асуудлуудын дараалалд дарагдан, хүлээгдсээр байна.
-Мопед, скүүтерийн хөдөлгөөнийг зохицуулах хууль ГАЦАВ-
Урин дулааны цагт нийслэлчүүдийг айдаст автуулаад буй нэг асуудал бол мопед, скүүтер. Бараг л өдөр тутамд энэ төрлийн тээврийн хэрэгслүүдийг унаж явахдаа осолдож өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсаар буй.
Тэгвэл мопед, скүүтерийн аюулгүй байдал, замын хөдөлгөөнд оролцох журмыг зохицуулах үүрэг бүхий Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын гишүүд санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн.
Гэвч долоодугаар сарын 3-нд УИХ-д өргөн мэдүүлснээс хойш УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь ч шийдэлгүй өнөөдрийг хүрчээ. Ингэж дуншиж байх хооронд мопед, скүүтерийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирч буй хүмүүсийн тоо өссөөр байна.
-Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гацав-
-УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн. Улмаар пүрэв, баасан гарагт хуралддаг УИХ-ын чуулганы хуралдаанаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулах байсан боловч гишүүдийн ирц хангалтгүй байсны улмаас санал хураалтыг хоёр удаа хойшлуулсан юм.
-ҮХЦ-ийн даргын ТОМИЛГОО-
Үндсэн хуулийн цэцийн одоогийн дарга Г.Баясгалан анх 2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын 58 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон байдаг. Харин 2024 оны тавдугаар сарын 31-нд ҮХЦ-ийн нийт гишүүний олонхын саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон юм.
Тэгвэл үүнээс хойш нэг жилийн дараа буюу 2025 оны тавдугаар сард ҮХЦ-ийн даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа нь дууссан хэдий ч өнөөдрийг хүртэл дараагийн даргыг нь томилоогүй байна.
ҮХЦ-ийн даргын бүрэн эрх дуусаж буй тул шинэ даргаар нь УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил очихоор яригдаж эхэлсэн талаар UBN сайт өнгөрсөн дөрөвдүгээр сард нийтэлсэн байдаг. Нийтлэлийг ЭНДЭЭС уншина уу.
-НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгох хууль-
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа-Нара, Г.Уянгахишиг, А.Ундраа нарын өргөн мэдүүлсэн НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ дээр хүлээгдэж байна. Хууль санаачлагч Б.Пүрэвдорж "2024 онд НӨАТ нийт татварын 24 хувийг бүрдүүлж байсан. Хэрэв НӨАТ-ыг таван хувь болгож бууруулсан бол хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн 50 мянга нь биш 150 мянга нь татвараа төлөх боломж бүрдэх байсан. ААН-үүдийн татвар төлөх идэвх дахин 50 мянган ААН-ээр нэмэгдэх байсан" гэж байв.
-НДШ-ийг бууруулах зорилго бүхий хуулийн төсөл ЗАМХРАВ-
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нарын 50 гаруй гишүүн санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг сануулъя. НДШ-ийг бууруулж, ажил олгогчдын дарамтыг бууруулах зорилготой гэх энэхүү хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд УИХ-д өргөн мэдүүлсэн ч анхны хэлэлцүүлгээс буцааснаар энэ хууль замхран одсон. Хууль санаалчлагчдын хэлснээр, уг хуулийн өөрчлөлтөөр:
-Байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдагийг болиулах.
-Ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх. Ажилтны нэрээр ажил олгогчоос шимтгэл авдаг ч тэтгэвэрт нөлөөлдөггүй.
-Ажил олгогчоос ажилтандаа цалингаас гадуур олгосон мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, урамшууллаас НДШ төлүүлдгийг болиулах.
Ингэснээр:
-Хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэхэд учирдаг дарамт багасаж, үйл ажиллагааны төрөл нэмэгдэнэ.
-Ажил олгогчийн НДШ төлөх дарамт буурснаар ажилтныхаа цалинг бодитоор нэмэх, ажлын байраа нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Үүний эдийн засгийн агуулга өргөн.
-Бараа, ажил, үйлчилгээний НДШ-ийн зардал буурсанаар эцсийн хэрэглэгч дээр ирэх үнийн нэмэгдэл буурна гэж үзэж буй.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мягмар гарагт ЭЗБХ-ны хуралдаанд танилцуулав.
Улмаар санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон. Гэвч ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах, Ерөнхий сайдыг огцруулах зэрэг хугацаа шахуу асуудлууд байгаа учраас дээрх тогтоолын төслийг ч хойшлуулах магадлалтай юм.