
Арсеналын ахлах дасгалжуулагч Микель Артета багийнхаа сэлгээнээс орж ирдэг тоглогчдыг регбигийн жишгээр “finishers” гэж нэрлэх нь илүү оновчтой гэж үзэж байгаа аж. Тэрбээр багийн сэлгээгээ зарим үед гарааны бүрэлдэхүүнээс илүү чухал үүрэгтэй гэдгийг онцолжээ.
Испанийн Атлетик клубын эсрэг болсон Аваргуудын лигийн эхний тоглолтод Арсенал 2:0-ээр ялалт байгуулжээ. Энэхүү ялалтыг сэлгээнээс орж ирсэн Габриэл Мартинелли, Леандро Троссард нарын гайхалтай тоглолт авчирсан гэхэд буруудахгүй. Тэд хоёулаа гоол оруулж, бие биедээ дамжуулалт өгсөн нь ялалтыг баталгаажуулжээ.
Тоглолтын дараа Арсеналын ахлах дасгалжуулагч Микель Артета: “Сэлгээнээс орж ирж буй тамирчид тоглолтын хувь заяаг өөрчилж гарааны бүрэлдэхүүнээс ч илүү нөлөө үзүүлэх үе бий.
Мөн Мартинеллигийн гоолын дараа бүх тоглогч түүн дээр очиж баяр хүргэсэн, энэ нь Арсеналын багийн эв нэгдэл, нөхөрлөлийн илэрхийлэл юм. Тэд бие биедээ үнэхээр халамжтай, нэгнийхээ амжилтыг чин сэтгэлээсээ хуваалцдаг. Энэ нь Габид их урам өгнө.
Манай багийн гол тоглогчид болох Мартин Эдегор, Сака Букайо, Кай Хаверц нар бэртлийн улмаас талбайд гараагүй ч Арсеналын шинэ бүрэлдэхүүн болон сэлгээгийн тоглогчдын хувь нэмэр багийг хүчтэй хэвээр байлгасаар байна” гэв.
Э.Ариунтөгс