
Есдүгээр сар гарсаар 202 мянган тонн уул уурхайн бүтээгдэхүүн Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдсан байна. Сүүлийн үед түүхий эдийн бүтээгдэхүүний арилжаа сэргэсэн болохыг тус биржийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн хэллээ. Түүнтэй цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.
-----------------
- Он гарсаар нүүрсний үнэ унаж биржийн арилжаа ч зогсонги байдалд орсон байсан шүү дээ. Харин өнгөрсөн долоо, наймдугаар сард уул уурхайн бүтээгдэхүүний биржээр энэ онд арилжахаар төлөвлөсөн нийт нүүрсний 70 гаруй хувийг арилжаалжээ?
- Энэ оны тавдугаар сард нүүрсний үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44 хувиар унасан. Мөн тавдугаар сард нүүрсний үнэ нэмж унасан нь зах зээлийн арилжаанд сөргөөр нөлөөлсөн. Үүнийг бид судлаад дөрвөн үе шаттай төлөвлөгөө гаргаж нэг, хоёрдугаар шатны хүрээнд эрсдэлийг бууруулах арга хэмжээг авсан.
Үр дүнд нь, дөрөвдүгээр сараас эхлэн нүүрсний арилжаа идэвхэжсэн. Гэхдээ, долоо, наймдугаар сард 6-7 сая тонн нүүрс арилжсанаар энэ жилийн рекордыг эвдэж байна.
Энэ хугацаанд бид аль болох их хэмжээгээр борлуулж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар хөрөнгийн биржийн зүгээс ажиллаж байна.
- Цаашид эрсдлийг хэрхэн харж тооцож байна?
- Бид уул уурхайн бирж дээр дөрвөн үе шаттай төлөвлөгөө гаргаад сайжруулалтаа хийж байгаа. Эхний нэг үе шат бүрэн дууссан. Одоо хоёр дахь шатны сайжруулалтыг энэ онд багтаан дуусгана. Цаашид гурав, дөрөв дэх шатны төлөвлөгөөнд бид түүхий эдийг хилийн цаанаас бус тодорхой агуулахаас авдаг байх шинэчлэлт хийхээр зорьж байгаа. Дээр нь чанарын тогтолцоог бүрдүүлэх нь их чухал юм байна.Энэ нь өнөөдөр, маргаашийн яаралтай биш ч чанар дээр тодорхой хэмжээний хэлбэлзлийг бууруулж чадсанаар авч байгаа айл ч гэсэн авч байгаа үнэдээ тааруулж мөнгөө төлнө. Монголын хувьд калорит тааруулж илүү мөнгө авах боломж бүрдэнэ. Дөрвөн үе шатны дараа Монголын уул уурхайн биржийн арилжаа олон улсын биржийн арилжаатай ойролцоо очно гэсэн үг.
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖЭЭР НҮҮРСНИЙ ЧАНАРААС ХАМААРЧ 35-110 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ ҮНЭЭР АРИЛЖААЛЖ БАЙНА

- Жишээ нь, эрчим хүчний нүүрсний үнийг дунджаар хэдэн ам.доллараар тооцож байгаа вэ?
- Сүүлд амжилттай арилжсан арилжаануудын нэг нь хатуу коксожсон нүүрсийг 98 ам.доллароор дуудлага худалдаанд орж 112 ам.доллароор зарагдсан.
Бид дуудлага худалдаагаар нүүрсээ арилжсаны үр дүнд нэг тонн нүүрс бүрээс 14 ам.долларыг нэмэлтээр Монголд оруулж ирж байна.
Хэрэв сүүлийн хоёр жилийн хугацаанд дуудлага худалдаанаас орж ирсэн үнэ, зарагдсан үнэ хоёрын зөрүүнээс Монгол Улс 1.4 их наяд төгрөгийг олсон. Хэрэв зүгээр гарын үсэг зураад нүүрсээ зарсан бол 1.4 их наяд төгрөг орж ирэхгүй. Энэ бол нийт Монголын хүүхдийн мөнгөний нэг жилийн төсвийн мөнгө болно.
- Мэдээж уул уурхайн бүтээгдэхүүний биржийн гол зорилго нь бид түүхий эдээ олон улсын үнээр арилжаалах шүү дээ. Жишээ нь, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ дунджаар 107 ам.доллартай байна. Харин биржийн арилжаа дунджаар хэдэн ам.доллароор тооцож буй талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Олон улсын тайлангаас харвал, Хятадын нүүрсний хэрэглээ 2030 он хүртэл өсөж байгаа. Тэр дотор дийлэнх нь тус улс дотроо үйлдвэрлэдэг. Харин гаднаас Орос, Монгол, Австрали, Мексик зэрэг улсаас авч байгаа. Үүнийг дотор нь ангилбал, хатуу коксжих нүүрсний тухайд Монголын байр суурь Хятадад импортлогч улс орнууд дундаас өндөр буюу 20-30 хувийг эзэлж байгаа.
Сүүлийн үеийг харвал Австралийн хатуу коксжих нүүрсийг авахгүй байна. Учир нь, Хятадын дотоодын коксжих нүүрснээс хамаагүй өндөр үнэтэй. Яагаад Хятадын коксны үнэ хямд байна вэ гэвэл өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг, ойрхон улс орнуудаас тээврийн зардлаар орж ирдэг тул тухайн үнээр нь авч байна. Харин Австрали Хятад руу яагаад бага хэмжээгээр нүүрс нийлүүлж, одоо буурсан байгаа нь бусад улс руу зарж байна. Энэтэхэг рүү их экспортолж байна. Тус улс Австралиас авч буй хатуу коксын импортын хэмжээ их өссөн.
Хэрэв Монгол Улс далайд гарцтай байсан бол бид Австралийн үнээр зарах боломжтой. Гэтэл далайд гарцгүй учир яах аргагүй нэг зах зээлийн буюу Хятадын зах зээлийн дотоод үнэтэй уялдаж нүүрсээ зарна.
90 сая тонн нүүрс бол нэг нүүрсний хэмжээ болохоос биш тэр дотор 35 ам.доллароос 110 ам.доллар хүртэл хамгийн муугаас өндөр чанартай 11 төрлийн нүүрсийг бирж дээр арилжаалж байна.
- Нүүрснээс гадна экспортын орлогод чухал зэс өндөр хувийг эзэлдэг. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн арилжаа хэр байна вэ?
- Зэсийн арилжаа маш амжилттай байгаа. Одоогоор бид 30 мянган тонныг арилжаалаад байна. Цаашид энэ жилдээ багтаан 60 мянган тонныг арилжихаар төлөвлөсөн. Ирэх жил энэ төлөвлөгөө хэрхэн яаж өөрчлөгдөхийг худалдагч компаниудтай 2026 оны төлөвлөгөө гаргахдаа ярилцана.
-Түүхий эдийн арилжаанаас гадна эдийн засгийн нөхцөл байдлыг дагаад Монголын хөрөнгийн зах зээлийн орчин ямар байна вэ?
- Энэ жил банк, банк бус санхүүгийн байгууллагад өр, орлогын харьцаа өөрчлөгдсөнтэй холбоотойгоор миний харж буйгаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тоо буурлаа. Хэрэгцээ шаардлага зэрэг хэд хэдэн зүйл байна. Шинээр гаргах хувьцаа ч бас тодорхой хэмжээгээр энэ жил идэвхгүй байна. Энэ бол цэвэр эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдаж байна гэж харж байгаа. Гэхдээ санхүүжилтийн хэрэгцээ өнөөдрийг хүртэл байгаа. Иймд санхүүгийн салбарт хамгийн том хувийг эзэлдэг банктай өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн гаргаж байж урагшилна.