Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхбаяр: 2026 оны төсвийг боловсруулахаас өмнө хөгжлийн төлөвлөгөөн дээрх мөрөөдлийн жагсаалтуудаа эргэж харах, засах ёстой

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
55 минут 27 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэлийг эхлүүлээд буй. Ингээд 2026 оны төсвийн талаар Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

-2025 он гарсаар эдийн засагт таагүй үе мэдрэгдэж, нэгдүгээр улирлын байдлаар нэг их наяд гаруй төгрөгийн орлого дутсан. Хагас жилийн статистик мэдээллээр төсвийн орлого мөн л өмнөх оны үеэс 914.4 тэрбум төгрөгөөр буурчээ. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийн талаар ярилцлагаа эхлүүлье?

-2016 онд учирсан эдийн засгийн хүндрэлээ бид ОУВС-гийн тусламжтай даван туулснаас хойш цар тахлыг эс тооцвол өнгөрсөн жилүүдэд эдийн засаг хангалттай сайн өслөө. Өнөөдөр манай улсын эдийн засаг 20 орчим тэрбум ам.доллар болж өссөн нь Хятадын эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой. Эдийн засгийн ийм өсөлтийг гол бүрдүүлж буй зүйл нь гадаад худалдаа. Тэр дундаа түүхий эд. Хятадын эдийн засаг тасралтгүй 6-8 хувийн өндөр өсөлттэй жилүүдэд, дэлхийн эдийн засаг тааламжтай байсан зэрэг эерэг нөлөөгөөр манай улсын эдийн засаг 2024 оны эхний хагас жил хүртэл эрчимтэй өслөө. Гэвч сүүлийн 2024 оны хоёрдугаар хагасаас хойш Хятадын эдийн засаг саарч эхэлсэн тул тус улс дотооддоо эдийн засгаа идэвхжүүлэх, тогтворжуулахаар олон талын арга хэмжээ авч байна.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ажилдаа орсноос хойш гадаад худалдаандаа нэлээн хатуу бодлого явуулж байгаа. Энэ мэтчилэн олон талын нөлөөллөөс манай улсын улсын эдийн засагт энэ жилийн хувьд тааламжгүй үзүүлэлтүүд гарч байна.

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулснаар, манай улсын гадаад худалдаа нийт 12.1 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар буурсан байна. Үүний дотор экспорт 6.6 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллароор буюу 16 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, экспорт буурна гэдэг нь төсвийн орлогыг бүрдүүлж буй манай гол түүхий эдийн экспортын 90-92 хувь нь ганцхан улс руу гарч байна. Үүнээс хамаараад төсвийн орлогын бүрдүүлэлт тааруу гарч байгаа юм.

Энэ оны эхний хагас жилд төсвийн орлого тэнцвэржүүлсэн орлого 13.2 их наяд төгрөгт хүрч 983 тэрбумаар буурсан. Ингээд төлбөрийн тэнцэл 758 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Энэ бол зөвхөн оны хагас жил шүү дээ.

Хэрэв нөхцөл байдал нааштайгаар өөрчлөгдөхгүй бол оны эцэст бидний өнгөрсөн жил баталсан төсөв, саяхан баталсан тодотгол бүгд биелэгдэхгүй.

Төсвийн алдагдал улам нэмэгдэх эрсдэлтэй. Тэгэхээр бид цаашид хэт өөдрөг төсөөллөөс салж илүү болгоомжтой бодит төлөвлөлт рүү орохоос өөр аргагүй.

ГУРАВДАГЧ ЭХ ҮҮСВЭРЭЭС ШАТАХУУН АВАХ, САЙНШАНДЫН ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ШУУРХАЙЛАХ АСУУДАЛД ОНЦГОЙ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ

-Юуны өмнө 2026 оны төсөв, төсвийн алдагдлыг тойрсон асуудлаар ярилцахаас өмнө үнийн өсөлтийг хэмждэг инфляцтай холбоотой асуудлыг дурдахгүй өнгөрч болохүй байх. Энэ оны зургаадугаар сарын байдлаар инфляц 8.1 хувьтай гарсан ч эргээд хоёр оронтой тоонд орохгүй гэсэн баталгаа биш. Инфляц халах нь олон нийтийн бухимдах гол шалтгаан болдог шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн үзүүлэлт таагүй байгаа энэ үед инфляцын түвшин оны төгсгөлд хоёр оронтой тоонд орох вий гэх болгоомжлол анхаарал татаж байна. Эдийн засагчийн хувьд та юу гэж харж байна?

- Сүүлийн хоёр жилийн хугацаанд инфляц тогтвортой байлаа. Гэхдээ инфляцад нөлөөлдөг гол хүчин зүйл нь хүнсний бараа. Хоёрт, түлш шатахуун. Түлш, шатахууны тухайд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр харьцангуй тогтвортой байгаа учраас үнийн өсөлтөд нөлөөлөхгүй байна.

Хүнсний барааны тухайд байгаль цаг уур тааламжтай байсан тул хүнсний хомсдол бий болоогүй. Гэсэн ч энэ зун тариалангийн бүс нутагт гантай, хуурайшилт их байсан учир намар хураан авах ургац багасвал ирэх хавар хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай болж байна шүү дээ. Нэгдүгээрт ийм нөлөө бий.

Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр түлш шатахууны үнэ тогтвортой байгаа ч энэ гэрээ ирэх оны зун дуусах байх. Нөгөөтээгүүр, гадаад нөхцөл тааламжтай биш байна.

Орос, Украины дайн үргэлжилж байгаа энэ цаг үед Оросын Засгийн газар удаа дараалан шатахууны экспортоо хориглох тухай шийдвэр гаргаж байна. Хэдий өнөөдрийн байдлаар Засгийн газар хоорондын хэлэлцээр хамаарахгүй гэж байгаа ч дайны нөлөөллөөс хамаарч бусад нефть боловсруулах үйлдвэрт хомсдол үүсвэл экспортын хориг улам чангарна. Тэгвэл Монгол Улсын хамаарахгүй гэж буй Засгийн газар хоорондын хэлэлцээр ирэх онд дуусгавар болох магадлалтай.

Одоогоос эхлэн гуравдагч эх үүсвэрээс шатахуунаа авах асуудал, Сайншандын газрын тос боловсруулах төслийг шуурхайлах асуудалд онцгой анхаарахгүй бол нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш тогтвортой байх нь баталгаа биш. Энэ бол удаан хугацааных биш.

Магадгүй нэг жилийн дараа түлш шатахууны үнийн өсөлт гэдэг асуудал руу тулахад ойрхон байгаа. Тиймээс импортын нийлүүлэлт гэх асуудалд онцгой анхаарч, нийлүүлэлтийг өөр эх сурвалжаас нэмэгдүүлэх чиглэлд анхаарал тавьж байхгүй бол инфляцыг өдөөх маш том эрсдэл нуугдаж байгаа.

ТЭЭВРИЙН САЛБАРТ ЭДИЙН ЗАСГИЙГ ХУРДТАЙ ӨСГӨХ БОЛОМЖУУД БАЙГАА Ч МАШ ОЛОН ЖИЛ ТӨМӨР ЗАМ ЭДИЙН ЗАСГИЙН ГАЦАА БОЛЖ БАЙНА

- Нүүрсний үнэ буурч экспорт саарсан үед хөдөө аж ахуйн салбарын сэргэлт эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлөх найдвар байгаа шүү дээ. Гэвч тариалангийн салбарт ган болсон нь мөн л сөргөөр нөлөөлөх бололтой. Ирэх онд бид аль салбарт анхаарал хандуулж байж, эдийн засгаа өсгөх вэ?

- Уул уурхайн салбарын өсөлт энэ оны хагас жилд буурсан үзүүлэлттэй байна. Эдийн засгийн өсөлтөд худалдаа үйлчилгээ, болон бидний найддаг хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн өсөлт гарч болно. Гэхдээ хөдөө аж ахуйн салбарын өсөлтөд зуд болон ган нөлөөлөх эрсдэл бий. Харамсалтай нь, энэ зун газар тариалангийн гол бүс Сэлэнгэд маш бага бороо орлоо. Статистикийн мэдээллээр, тариалалт буурсан байна. Мөн гангийн улмаас намар хураах ургацын хэмжээ буурах магадлал маш өндөр боллоо. Газар тариалангийн салбар дээр өсөлт гарахгүй нь тодорхой болж байна. Харин мал аж ахуйд багахан өсөлт гарах байх.

Тэгэхээр бид өсөлт гарах салбарууд дээр маш сайн анхаарч дэмжлэг үзүүлэх ёстой. Ялангуяа уул уурхайн салбар буурч буй нөхцөлд гол анхаарах салбар нь тээврийн салбар.

Одоогоор тээврийн салбарт нэлээн ажил хийгдэж байна. Энэ салбарт оруулж буй хөрөнгө оруулалт маш зөв, оновчтой байх ёстой. Үр дүнд нь, ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтийн зөв чиглэл гарна. Урт хугацаандаа зөв үр ашиг хийгдэж болох салбар бол төмөр зам шүү дээ. Жишээ нь, Алтанбулагаас Замын-Үүд хүрч буй төмөр замаар экспорт, импортын ачааны маш их урсгал төвлөрсөн. Тээх хэрэгцээтэй ачаа нь зөвхөн 10 сая, 30 сая тонноор зогсохгүй 40, 50 сая тонныг тээвэрлэх шаардлага бий. Гэвч төмөр замынх нь нэвтрүүлэх чадвар маш бага учир гацаа үүсээд байна. Тиймээс төмөр замын гацааг тайлж хүчин чадлаа сайжруулах хөрөнгө оруулалт хийх асар их шаардлага бий. Үүний тулд нэлээн ухаалаг, зоримог шийдвэрүүд хийх ёстой. Цаашид төмөр замаа хоёр урсгалтай болгох, цахилгаанжуулах зэргээр тээвэрлэлтийн асар их боломжуудыг нээх хэрэгтэй. Ингэж чадвал эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломж асар их бий. Өнөөдөр төмөр зам ачааллаа дийлэхгүй, хурдан тээвэрлэж чадахгүйгээс болж манай худалдаа эрхэлж буй компаниуд бүгд Замын-Үүдээс нааш ачаагаа автомашинаар л тээж байна шүү дээ. Гэтэл төмөр зам маань энэ ачааг илүү бага өртгөөр хурдан тээвэрлэх боломжтой.

Энэ гацааг гаргаж чадахгүйгээс болж төмөр зам олон жил манай улсын эдийн засгийн өсөлтийн гацаа болоод байна шүү дээ.

Ялангуяа Улаанбаатар төмөр зам "ХНН" Замын-Үүд чиглэлд маш зоримог ухаалаг олон хувилбар гаргаж, хоёр урсгалтай төмөр замтай болох, цахилгаан төмөр зам нэвтрүүлэх зэрэг арга замыг шуурхай шийдэхгүй бол ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтийг боомилох маш том гацаа нь энэ төмөр зам болно.

ЭДИЙН ЗАСАГ ӨССӨН БОЛ УНАХ НЬ ТОДОРХОЙ БАЙХАД УЛС ТӨРЧИД ОЙЛГОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА

- Үндсэндээ түүхий эдээс хамаарсан эдийн засгийн бүтэцтэй болоод удаж байгаа шүү дээ. Харин эрх баригчид жил бүр хэт өөдрөг данхар төсөв баталдаг, үрэлгэн зарлага гаргадаг бичигдээгүй хуультай боллоо. Уг нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс аль болох төсвийн зарлагыг хамгийн бага байлгахыг сануулдаг ч сонсохыг хүсдэггүй юм уу. Аль эсвэл эдийн засгийн бүтцээ түүхий эдээс хамааралтайг мэдэхгүй байна уу?

- 2012 оноос хойш 13 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн бүтцэд нэлээн өөрчлөлт орсон. Өнөөдөр эдийн засгийн дөрөвний нэг нь уул уурхайгаас шууд хамаарч байгаа. Энэ салбарыг дагаад бий болж буй худалдаа, тээвэр, барилгын салбарыг тооцвол Монгол Улсын эдийн засгийн 50 хувь нь уул уурхайн салбарын өсөлтөөс шууд хамааралтай байгаа юм. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн нь гадаад зах зээлд гарч, дотоодод хэрэглэгдэх нь бага байна. Барилгын материалд элс, цементээс бусад бүх 10 гаруй төрлийн түүхий эд экспортод гарч байна.

Үндсэндээ Монгол Улсын эдийн засаг уул уурхай, гадаад худалдаа гэх хоёр зүйлээс хамааралтай тул энэ хоёр хүчин зүйлд маш их анхаарах шаардлагатай.

2012 оноос өнөөдрийг хүртэл 13 жил бол суралцахад хангалттай хугацаа шүү дээ. Төсвийн онцлог, Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай юу гэдгийг ойогох цаг нь болсон. Энэ талаар Дэлхийн банк, ОУВС, НҮБ зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын байгууллагуудын гаргасан олон тайланд Монгол Улсын эдийн засаг нэг салбар, нэг зах зээлээс маш хамааралтай байна.Эдийн засаг нь ойж буусан хэлбэрээр явна гэдгийг анхааруулсан.

Тиймээс хэрэв эдийн засаг сэргэж өсөлттэй байсан бол унах нь тодорхой байхгүй юу. Гэвч үүнийг манай улс төрчид ойлгохыг хүсэхгүй байна.

Эдийн засагч, судлаачид үнийн өсөлт богино хугацааных гэдгийг бүгд сануулдаг. Үнэ өссөн бол эргээд унадаг. Жишээ нь, коксжих нүүрсний хилийн дундаж үнэ 2022 оны хавар 220 гаруй ам.долларт хүрч байлаа. Өнөөдөр 60-70 ам.долларт хэлбэлзэж байна. Ингэж буух нь тодорхой байхад үнэ унахгүй юм шиг бид аашиллаа шүү дээ. Тиймээс нэн тэргүүнд засан ёстой зүйл бол төлөвлөгөө.

- Таны хувьд Хөгжлийн төлөвлөгөөг эргэж харах ёстойг байнга сануулж, шүүмжлэлтэй ханддаг шүү дээ. Угтаа бол төсвийг боловсруулахад хамгийн чухал суурь нь хөгжлийн төлөвлөгөө биш үү?

- Хөгжлийн төлөвлөгөөнд засах ёстой олон асуудал бий. Харамсалтай нь, төлөвлөгөөгөө бодоогүй мөртлөө намар нь төсөвт мөнгөний хуваарилалт дээр бүх юмаа тавьдаг. Гэтэл хамгийн эхэнд 2020 онд баталсан Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар баталсан Монгол Улс 5 жилийн төлөвлөгөөтэй. Ингээд жил бүр Их хурал Монгол Улсын жилийн хөгжлийн төлөвлөгөө баталж яваа. Энэ төлөвлөгөө нь шинжлэх ухааны үндэслэлтэй, алсыг харсан маш зөв төлөвлөгөө байх ёстой. Үүн дээр үндэслэн төлөвлөгөөнд тусгасан ажлыг ямар хөрөнгийн эх үүсвэрээр шийдэх вэ гэдгээ УИХ бодож шийдэх ёстой. Үүнийг нэгт зөв төлөвлөнө. Хоёрт, хийх гээд байгаа зорилтоо улсын төсвийн хөрөнгөөр хийх үү, гадаад зээлийн хөрөнгөөр хийх үү гэдэг олон талын боломжууд бий. Үүнийгээ шийдэх ёстой. Атал энэ бүх шатанд маш их алдаа гаргаж байна.

Үндсэндээ бид 2020 онд баталсан хөгжлийн төлөвлөгөөндөө эдийн засаг байнга өндөр өсөлттэй байна гэж төсөөлөөд маш олон өөдрөг зорилт баталсан. Жишээ нь, өнгөрсөн хавар УИХ-ын чуулганаар хэлэлцсэн 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг үзвэл, маш олон үйлдвэр байгуулах маш өөдрөг төлөвлөгөө байгаа.

Харамсалтай нь, энэ олон үйлдвэрийг барих хөрөнгийн эх үүсвэрээ улсын төсөв болон гадаад зээлийн хөрөнгө гэж тусгасан. Гэтэл энэ нь эдийн засаг маш сайн нөхцөлд л биелэх боломжтой. Эсрэгээрээ буурч байгаа нөхцөлд энэ төлөвлөгөөнүүд маань биелэхгүй байх магадлал өндөр болж байгаа юм.

Харин үйлдвэрүүд байгуулснаар ирэх 2027, 2028, 2029 онд эндээс гарах бүтээгдэхүүн ажил үйлчилгээ эдийн засгийг өсгөнө гэж маш өндөр төсөөлдөг. Улмаар бидний төсөөлдөг эдийн засгийн өсөлтийн төсөөлөл алдаатай болж эхэлдэг. Бид алдаагаа залруулахгүй бол одоо л ойлгох хугацаа нь боллоо.

ГИШҮҮДИЙН ТОЙРОГТОО ХИЙХЭЭР ЯРИАД БУЙ АЖЛУУД ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН БАЙХ ЁСТОЙ. ХЭРЭВ ТУСГАГДААГҮЙ БОЛ МӨНГӨ ХУВААРИЛАХГҮЙ БАЙХ ХАТУУ ЗАРЧИМ БАРИХ ХЭРЭГТЭЙ

өсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэлдээ эдийн засгийн өсөлт, тооцоо таамаглалуудаа гаргаж, хөгжлийн төлөвлөгөөнд замын зураг нь бэлэн байдаг атал Засгийн газар бүрэн эрхийн хүрээндээ ирэх оны төсвөө боловсруулж чадахгүй байна уу гэх хардлага байна. Үүний тод жишээ нь гишүүдийн багц. Тойргоосоо санал авч төсөвт тусгадаг нь бичигдээгүй хууль шиг боллоо. Төсвийг гишүүдийн мөнгө юм шиг хуваарилдаг нь өөрөө Хөгжлийн төлөвлөгөөнөсөө гажсан, үргүй зардал биш үү. Та юу гэж харж байна?

- 2020 оноос өмнө бидэнд хөгжлийн бодлого төлөвлөлт байгаагүй. Өмнө нь жил бүр төсвөө өргөн барихтай зэрэгцүүлэн эдийн засаг нийгмийн хөгжил үндсэн чиглэлийг өргөн барьдаг байсан. Одоо бид таван жилийн төлөвлөгөөтэй болсон. Өнөөдөр яригдаад буй гишүүдийн тойрог дээр хийх гэж байгаа ажлууд нь бүгд таван жилийн төлөвлөгөөнд тусгагдах ёстой байхгүй юу. Автозам, цахилгаан дамжуулах шугам юу л байдаг юм. Тэгэхээр таван жилийн төлөвлөгөөг маш сайн чамбай боловсруулах ёстой. Гишүүд тойрог дээрээ хийх ажил байгаа бол таван жилийн төлөвлөгөөндөө тусгуулах ёстой. Бүгд хөгжлийн төлөвлөгөөнд зангидаж, үүнээсээ төсөв орох ёстой.

Хамгийн гол нь, 2020 оны хөгжлийн бодлого төлөвлөгөөг хуулиар баталснаас хойш засаж чадахгүй алдаа нь Хөгжлийн бодлого төлөвлөлтөөсөө илүү төсөв мөнгөний хуваарилалт нь N1 урдаа тавигдчихаад байна шүү дээ. Тэгэхээр байрыг нь солих ёстой.

Эхлээд бид таван жилийн төлөвлөгөөгөө яриад үүн дээр тусгасан ажил дээр мөнгө хуваарилна. Төлөвлөгөөнд байхгүй ажилд мөнгө хуваарилахгүй. Ийм хатуу зарчимтай болох ёстой. Мөн таван жилийн төлөвлөгөөний нэг алдаа нь хоорондын уялдаагүйгээс маш их зүйл хийсэн ч алдаа гарч байна. Жишээ нь, Ерөнхий сайд Г.Занданшатар говийн бүсээр очиж ямар алдаанууд байгааг ярилаа шүү дээ. Энэ нь Эрдэнэс Тавантолгой ХК орчимд ч байна. Тухайлбал, нэг газар нутаг, нэг засаг захиргааны нэгж дээр 3-4 өөр байгууллага, дээр нь цахилгаан дамжуулах шугам, төмөр зам, эрчим хүч, уурхай, үйлдвэр, орон нутаг гэх мэтчилэн таван өөр байгууллага тус бүрдээ өөр төлөвлөлт хийж байна. Ингэж болохгүй.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиар бүгдийг нь цогц уялдаатай төлөвлөх ёстой гэж заасан. Ийм уялдаатай төлөвлөлт байхгүйгээс уурхайн гадна яагаад 12 км нүүрс угаах үйлдвэр байгуулсан бэ гэх асуудал яригдаж байгаа байхгүй юу. Гэтэл эсрэгээрээ зарим мэргэжлийн хүмүүс нүүрсний уурхайгаас 12 км зайтай байх нь зөв гэж байгаа юм. Уурхайн талбайн гадна байх ёстой гэж байгаа юм.

Инээдтэй нь төмөр замаа 2022 онд байгуулахдаа Тавантолгой өртөөгөө уурхай дотроо барьсан байгаа шүү дээ. Төмөр замаа уурхай дотроо барьж болдог мөртлөө нүүрс угаах үйлдвэрээ уурхайн талбайн гадна барих ёстой юм. Энэ мэтчилэн инженерийн шийдлийн хувьд маш том алдаатай төлөвлөлтүүд хийгээд байна.

Энэ алдаатай шийдлүүдээ таван жилийн төлөвлөгөөндөө засах ёстой. Нэгдүгээрт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг УИХ маш сайн анхаарах ёстой. Бүгдийг нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт дээр зангидах ёстой юм байна. Энэ нь маргаангүй болбол аажимдаа гишүүдийн төсөв бүдгэрэх ёстой. Үүнийг УИХ сайн ойлгож, таван жилийн төлөвлөгөөг маш сайн засъя.

Харамсалтай нь, 2024 оны наймдугаар сард Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дээр бид дахиад нэг алдаа гаргасан. Хөтөлбөрийг батлахдаа уг нь таван жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй давхцах хэрэг байхгүй юм. Цаашид аль нэгийг нь сонгох ёстой. Хоёрт, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлахдаа цаг хугацааны хувьд яараад хоосон зорилтоо л баталсан. Гэтэл хэрэгжүүлэх мөнгө байна уу, үгүй юу гэдгийг тооцоогүй. Их хурлын тогтоолоор Засгийн газарт үүрэг өгсөн. Тодруулбал, 2024-2028 онд хэрэгжүүлэх ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай төсөв хөрөнгийг танилцуулах үүргийг Засгийн газарт үүрэг болгосон. Гэвч одоо хүртэл бүтэн жилийн хугацаанд хийгдээгүй.

Ямар ч мөнгөгүй төлөвлөгөө баталж байна шүү дээ. Энэ нь өөрөө УИХ, Засгийн газрын алдаа. Ирэх дөрвөн жил Засгийн газарт хийгдэх 14 мега төслийнхөө өртгийг бид тооцоогүй явж байна шүү дээ. Энэ алдаагаа энэ жил засахгүй бол болохгүй.

Засгийн газар, Их хурал, орон нутаг бүгд төлөвлөсөн ажлаа нэг дор зангидаж таван жилийн төлөвлөгөөгөө нэг ширээн дээр төлөвлөж байж улс орны төлөвлөлт болно. Хөгжлийн төлөвлөлт болно. Одоогоос алдаагаа засах цаг нь мөн. Ингэж чадвал төсөв засагдана.

-Оны төгсгөлд бид 83 сая тонн нүүрс экспортолж чадах уу гэдэг нь анхаарал татаж байна. Мөн 2026 оны төсөвт хэчнээн сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна. Ийм тооцоо бий юу?

-Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдаж Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн бүс нутгаар явж танилцлаа. Энэ үеэр асуудлууд байгаа нь харагдаж байна. Сайд нар нүүрсний экспортыг 83, 90 сая тоннд хүргэнэ гэдэг ч хөрсөн дээрээ тээвэрлэх хүчин чадал алга. . Тээвэр ложистикийн маш том алдаатай байна. Яагаад нүүрсний экспортыг 83-90 сая тоннд хүргэнэ гэж амлав гэхээр авто тээврээс гадна төмөр зам руу маш шуурхай тээвэрлэдэг байгууламж барьж ашиглалтад оруулна гэж тооцсон. Харин өнөөдөр Тавантолгойн нүүрс ачих байгууламж, ложистикийн төв нь ашиглах боломжгүй байна. Алдаатай, доголдолтой, хүлээж аваагүй.

Үндсэндээ буталсан нүүрс ачна гэж тооцоод туузан дамжуулахтай байгууламж барьтал бодит байдал дээр нүүрсээ буталж чадаагүй. Нүүрс бутлах тээрэмгүй учраас цул нүүрс нь туузан дамжуурга дээр очиж эвдээд нүүрс ачих байгууламжийг ашиглах боломжгүй тул хүлээж аваагүй байна. Тэгэхээр нүүрсний экспорт 80, 90 сая тоннд хүрнэ гэдэг нь худлаа. Хөрсөн дээрээ бодит ажлаа хийж чадахгүй байна. Ложиситикийн сүлжээ бэлэн болоогүй.

Хил дамжсан нүүрсний төмөр замын холболтын ажил маань дөнгөж одоо эхэлж байна. Дахиад хоёр жил хагас барьж 2028 оны зун бид Тавантолгой уурхайгаас хоёр, гурван жилийн өмнө ярьсан нүүрс хилийн цаана гарах ажил маань эхэлнэ.

. Өчнөөн жил тээвэр ложистикоо шийдэж чадаагүй мөртлөө бодит байдлаасаа тасарцан мөрөөдөлтэй л явж ирлээ шүү дээ.

Магадгүй 80, 90 сая тоннд хүрэх хүчин чадал маань 2028 онд л бий болох нь. Энэ хугацаанд тээвэр ложистик дээрх алдаануудаа засна. Хил дамнасан төмөр замаа холбоно. Зүгшрүүлнэ. Тиймээс 2028 онд л нүүрсний биет хэмжээний мөрөөдөлд хүрэх юм шиг байна.

Энэ хугацаанд одоогийн амлалтаа биелүүлэх нь маш хэцүү болно. Хятадын талын эрэлт буурч байгаа нөхцөлд нүүрсний үнэ 2025 онд өсөхгүй нь тодорхой. 2026 онд магадгүй хэрэв Хятадын эдийн засгийн өсөлтийн арга хэмжээ нь сайжрахгүй бол тонн тутмын нүүрсний үнэ 60-70 ам.долларт хэвээрээ байх нь. Тэгэхээр ирэх оны төсвийн төлөвлөлтөө бид маш болгоомжтой хэт өөдрөг биш ухаалгаар боловсруулахгүй бол өнөөдөр бидний бодсоноос ч илүү төсвийн алдагдал гарах магадлалтай. Бидний цаасан дээр амласан мөрөөдөл асар хол байна. Бодит байдал дээр хилийн боомт дээр Тавантолгойн нөхцөл байдал хамаагүй тааруу, ийм л байна.

ОНЫ ЭЦЭСТ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ОРЛОГО 3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР БУУРАХ НЬ ТОДОРХОЙ. ЭНЭ ХЭМЖЭЭГЭЭР ТӨСВИЙН ОРЛОГО ДУТНА

-Бодсоноос ч их алдагдал гэхээр хэд орчим бол?

-Төсвийн алдагдал цаашид илүү нэмэгдэх магадлалтай. Хамгийн гол нь, хилийн боомтын хүчин чадал, ашиглалтаас их хамаарах нь. Хятадын талын нүүрсний татан авалт яах вэ, үүн дээр өрсөлдөгч болсон Канад, ОХУ-ын нүүрсний экспорт хэр хурдтай өсөх вэ зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Тэгэхээр бид нүүрсний биет хэмжээгээ өсгөсөн ч орлого маань өсөхгүй, нэгжийн үнэ буураад байна.

Энэ оны эхний хагас жилд 37.3 сая тонн нүүрс гаргасан ч энэ хэмжээнд хүрэхгүй байна. Нүүрсний биет хэмжээ төдийлөн буураагүй ч орлого буурсан гэсэн үг. Өнгөрсөн оны эхний хагас жилд 4.7 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон бол энэ оны эхний хагас жилд 2.5 тэрбум ам.доллар байна.

Үндсэндээ нүүрсний орлого 2.2 тэрбум ам.доллароор буурсан. Оны эцэст бараг 3 тэрбум ам.долларын нүүрсний экспорт буурах гэж байна. Энэ хэмжээгээр төсвийн орлого тасарна гэсэн үг. Үүнийг одоо засах боломжгүй. Хандлага нэгэнт тодорхой явсан.

Дэд бүтцээ сайжруулж чадахгүй юм байна, тээвэр ложистикийн сүлжээгээ засах нь худлаа байна шүү дээ. Ашиглалтад нэгэнт хүлээж аваагүй байна, алдаа доголдол маань он дуустал үргэлжилнэ. Нүүрсний экспортын орлого он дуустал 3 тэрбум ам.долларт хүрэх юм байна. Үүнээс зэсийн баяжмал, алтны экспортоор 1.5 ам.долларыг нөхөж, нүүрсний экспорт багадаа 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай. Энэ хэмжээгээр төсвийн орлого маш их хэмжээний алдагдалтай гарна.

ХАРХОРИН, ХҮННҮ ХОТ БАЙГУУЛАХ МАШ ОЛОН МӨРӨӨДӨЛТЭЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУСАМ ВАЛЮТ ГАДАГШАА УРСАНА

-Төсвийн орлого дутах нь тодорхой болсон нөхцөлд төлбөр тэнцэл дээр дарамт үүсэх нь тодорхой. Тэгэхээр тэнцэл дээр улаан гэрэл аль хэдийнэ асаад байна?

- Төлбөрийн тэнцэл бол Монгол Улсын валютын санд орж ирж буй гадаад валют болон гадагшаа гарч буй мөнгөний урсгал хоёр юм. Үүнийг бүртгэдэг нь Монголбанк. Гэтэл эрэлтийг нь бий болгож байгаа газар нь Засгийн газар, УИХ хурал. Бид маш олон төлөвлөгөө бичих тусам импорт өснө. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлнэ, Хархорин хот байгуулна, Хүннү хот байгуулна зэрэг маш олон мөрөөдөлтэй олон төлөвлөгөө батлах тусам ард нь валют гадагшаа түүхий эд, матриал болж урсана. Энэ мэтчилэн импортыг өдөөх ажлаа Их хурал, Засгийн газар өөрөө хийж байна. Экспорт өсөхгүй нөхцөлд импорт талдаа маш ухаалаг бодлого баримтлах хэрэгтэй болж байна. Экспорт өсөж буй нөхцөлд 2021, 2022 онд импорт тал дээр гоё төсөөөллүүдээ хийж болох байсан ч тэр үе өнгөрсөн байна.

Нэгэнт гадаад худалдааны тэнцэл алдагдалтай явж буй нөхцөлд ирэх онд хэрэгжүүлэх төлөвлөгөөн дээрээ дахин бид дүгнэлт хийх шаардлагатай болж байна.

2026 оны төсвөө батлахаас өмнө төлөвлөгөөнд тусгасан маш олон үйлдвэр байгуулах олон гоё мөрөөдөл байна шүү дээ. Эдгээр үйлдвэрийг байгуулахын тулд зардал нь улсын төсвөөс гарна. Хоёрт, төсвөөс гарсан мөнгө компани дээр тоног төхөөрөмж матриал болохоор валют болж гадагшаа урсана гэсэн үг. Тэгэхээр гадаад худалдааны тэнцлээ дахин сайн бодохгүй бол ирэх оны гадаад худалдааны тэнцэл дахин алдагдалтай болно. Энэ бол Монголбанкнаас үл хамаарна. Нэгэнт Засгийн газар, Их хурал ийм хэмжээний төлөвлөгөө батлаад байвал валют гадагшаа урсаад байна гэсэн үг.

Эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа үед есдүгээр сард төсөв өргөн барьж, арав, арваннэгдүгээр сард УИХ-аар зөвхөн төсвийн тухай ярих биш ирэх оны хөгжлийн төлөвлөгөөгөө дахиж яриач гэж хэлмээр байгаа юм. Үүнд мөнгөний урсгалыг гадагшаа урсгах, төсвийг хэт өөдрөг болгох төслүүд байгаа юм.

Жишээ нь, намрын чуулганаар батлах гээд байгаа Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг өнгөрсөн нэгдүгээр сард өргөн барьсан шүү дээ. Гэтэл энэ чинь өөрөө асар их хөрөнгө шаардсан төсөв. Мөн Хархорин хотыг байгуулах төлөвлөгөө, Хүннү хотыг байгуулах төлөвлөгөө. Нөгөө хоёр дээр нь УИХ-ын тогтоол гарчихсан. Энэ гурвыг зэрэг явуулж чадах уу.

-Өөрөөр хэлбэл, олон төсөлд мөнгөө тарамдах нь. Тэгэхээр ганц чухал төсөл дээр хөрөнгө оруулах нь зөв гэсэн үг үү?

- Эдийн засаг өсөлттэй жилүүдэд гурван хотыг зэрэг байгуулах төлөвлөгөө баталсан. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө нь өөрөө бараг л шинэ хот байгуулах хэмжээний асар их хэмжээний хөрөнгө шаардсан төсөл. Дээр нь Хархорин хотыг бид шинээр барих гэж байна. Энэ хоёр хот өөрөө асар их хөрөнгө шаардна. Эдийн засгийн нөхцөл тааруу, гадаад худалдааны тэнцэл алдадалтай байгаа нөхцөлд ач холбогдлын эрэмбийн дарааллыг бодож цаг хугацааны хувьд алийг нь хөдөлгөх үү, магадгүй заримыг нь 2-3 жилийн дараа эрчимжүүлэх тухай бодохгүй бол ирэх оны эдийн засгийнн байдал хүндэрнэ гэсэн үг.

Хэрэв бид нөхцөл байдлаа зөв ойлгоод гадагшаа урсах валютаа ач холбогдлоор нь цаг хугацааны хувьд зөв дараалуулбал ирэх онд төлбөрийн тэнцэл дээр ирэх дарамт багасна, төсвийн алдагдал багасна. Тэгэхээр ганц төсвөөр шийдэж болохгүй байна шүү дээ.

УИХ-ын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө хоёроо эргээд харах хэрэгтэй. Үүнийгээ харж байж 2026 оны төсөв рүү орохгүй бол төсөв дээр зөвхөн мөнгөний барилт хийгдэнэ. Гэтэл аль хэдийнэ амлалтаа өгсөн. Манай яамдуудаас оруулж ирж буй төсөв маш болгоомжтой, Засгийн газраас өргөн барьж байгаа төсөв маань олон талын асуудлаа маш сайн бодсон хянуур байх ёстой байхгүй юу. Бидний хувьд бүх өөдрөг мөрөөдлөөсөө татгалзах хэрэгтэй.

Эдийн засаг өсөлттэй жилүүдэд байгуулсан музей, соёлын төв, хөдөөгийн сумд руу чиглэсэн үнэхээр ач холбогдол нь ойлгомжгүй, тав, 10 километрийн хатуу хучилттай зам, энэ бүгдээсээ татгалзах хэрэгтэй. Амин чухал тулгамдсан Эх нялхасын төвийн өргөтгөлийн барилга шиг ХСҮТ-ийн шинэ барилга, ДЦС-3 ТӨХК-ийн засвар зэрэг чухал асуудлалд мөнгөө хүрэлцээтэй хуваарилах хэрэгтэй.

Соёлын төв бол хэзээ ч барьж болох байхгүй юу. Монгол Улсын 333 сум соёлын төвгүй биш шүү дээ. Харамсалтай нь очоод үз. 1990 онд байгуулсан Соёлын төв, 2020 онд барьсан Соёлын төв одоо 2023, 2024 онд барьж байгаа Соёлын төвийн барилгын хувьд зарчмын ялгаа байхгүй. Барилгын талбайн хэмжээ бага зэрэг томорсон, зөөлөн сандалтай болсон. Агуулга нь, тайз нь хэвээрээ, гадаа модон жорлонтой хэвээрээ. Зүгээр л соёлын төвийн барилгын өртөг өссөн. Том талбайтай болсон учраас цахилгаан халаалтын зардал өснө, магадгүй орон тоо нэмэгдэнэ. Тэгэхээр төсөв дээр ирэх ачаалал нь нэмэгдсэн атал 2000, 2020 онд баригдсан Соёлын төв хоёрыг иргэдэд үзүүлж буй үйлчилгээ нь адилхан байхгүй юу. Утгагүй байгаа биз дээ. Адилхан л 2000 иргэндээ үйлчилнэ, чанарын төдийлөн ахицгүй. Атал өртөг нь нэмэгдэж, төсвөөс гардаг зардал нь өссөн. Ийм зүйлүүдээс бид татгалзах хэрэгтэй. Ядаж ойрын 2-3 жилдээ шүү.

Үгүй бол өнгөрсөн жилүүдэд бид үр ашиггүй зүйлд маш их хэмжээний хөрөнгө зарснаас болоод төсвийн зарлага ийм хурдтай тэллээ. 2021 онд төсвийн зарлага 15.6 их наяд төгрөг байсан. Гэтэл 2024 онд 30 их наяд төгрөг болж хоёр нугарлаа. 2025 онд 35 их наяд болох тухай ярьж байгаад татгалзлаа. Одоо 30 их наяд дээр буусан.

Магадгүй дахиад ирэх онд эдийн засгийн нөхцөл байдал тааруу бол 30 их наядаас доош бууж магадгүй. Ийм нөхцөл байдалд бид ийм үрэлгэн хөрөнгө оруулалт, үрэлгэн зардал, 250 мянга болсон төсвийн үрэлгэн орон тооноос татгалзахгүй бол төсвийн алдагдал улам бүр нэмэгдэх юм байна.

Магадгүй энэ байдлаараа бид хоёр жил явбал дахиад 2016 онд гаргасан алдаагаа давтна. Дахиад ОУВС-ын хөтөлбөр лүү явахаас өөр нөхцөлгүй болно гэсэн үг. Ийм байдалд хүрэхгүйн тулд бид 2026 оны төсөв дээр маш ухаалгаар ЗГ-ын боловсруулсан төсөв маш чамбай, ялангуяа эрэмбэ дараалал нь чухал байна. Нэгэнт Засгийн газрын хөтөлбөр дээрээ маш олон амлалт өгсөн тул тэр амлалтуудаа 2025, 2026 онд эхлээд алийг нь хэрэгжүүлж чадах вэ гэдгээ бодох ёстой. Эрэмбэлээд үнэхээр цаг хугацааны хувьд боломжгүй, их хөрөнгө шаардаж буй ажлуудаа 2028 онд хойш тавихаас өөр арга байхгүй. Эрэмбэлэлтээ маш чухал хийх ёстой. Харамсалтай нь манай одоогийн Их хурал, Засгийн газраас баталсан төсвийн хөрнөгө оруулалтын журамд эрэмбийн тухай ойлголт байхгүй. Зүгээр л “эрэмбэлнэ” гэж бичсэн үгээрээ л байгаа. Яаж эрэмбэлэх юм, ямар агуулга, ямар аргаар эрэмбэлэх нь байхгүй. Тэгэхээр яамдууд эрэмбэлэх ажлыг хийхээс гадна Засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтыг үнэлдэг аргыг дахин шинээр боловсруулах хэрэгтэй. Энэ тухайд манай Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс тодорхой санал энэ намрын чуулган дээр танилцуулна. Одоогийн манай хөрөнгө оруулалтыг үнэлж буй арга маш тааруу байна. Үндсэндээ анхны оруулж буй хөрөнгө оруулалт тэрнээс оруулж буй үр ашиг хоёрхон зүйл дээр үнэлдэг. Энэ үнэлж буй арга нь маш тааруу байгаа учраас нөгөө зөв хөрөнгө оруулалтаа шүүж чадахгүй, улс төрийн ашиг сонирхол орчихож байгаа юм. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг үнэлдэг, эрэмбэлдэг арга журмаа Засгийн газар энэ намар дахин нэг шинээр боловсруулж оруулахаас аргагүй.

-2026 оны төсвийг хувь хүний хөгжил, боловсролыг дэмжихэд анхаарна гэж эрх баригчид тодорхойлж байна. Гэвч бодит байдал дээр таны хэлсэнчлэн соёлын төвтэй адил үр ашиггүй төсөлд зардал нь өссөөр байдаг. Ирэх оны төсөвт бид урсгал зардлаас Соёлын төвтэй адил ямар үр ашиггүй зардлуудаа танаж бас амин чухал ямар төслийг тусгавал бидэнд илүү ашигтай байх вэ. Эдийн засагчийн хувьд та юу гэж харж байна?

-10 жилийн өмнө төрийн албан хаагчдын тоо 150 мянга байсан. Эдгээр албан хаагчид өнөөдрийн үзүүлж буй үйлчилгээг бүгдийг нь үзүүлдэг байсан байхгүй юу. Тэгвэл хүн амын тоо өссөн үү гэвэл 200 мянгаар л нэмэгдсэн байх. 10 жиүийн өмнө 3.4 сая хүн амтай байсан шүү дээ.

Харин төрийн албан хаагчдыг тоо 100 мянгаар нэмэгдэх шаардлага үүсээүй. Яах вэ, эмч, багш нар 50 мянгаар нэмэгдсэн гэж бодъё. Тэгвэл цаана нь үлдсэн 50 мянган албан хаагч бол үр ашиггүй орон тоо нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. Угтаа бол орон тоог нэмэх үү, үгүй юу гэдгийг маш сайн судалсны дараа шийдвэрлэх ёстой.

Гэтэл Төсвийн тухай хуульд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан хөрөнгө, үр ашгийн байдал 2 жил тутамд дүн шинжилгээ хийнэ гэсэн заалттай ч ганц удаа ч хэрэглээгүй. Жишээ нь, Боловсролын сайдын багц дотор байгаа нийт бүтээгдэхүүн үйлчилгээний үр дүн, дүн шинжилгээ огт хийгээгүй. Тийм болохоор салбарын яамдууд ямар нэг асуудал гарахаар “орон тоо хүрэхгүй байна, мөнгө хүрэхгүй байна” гэж орж ирдэг. Тиймээс Засгийн газар, Их хурал нь орон тоог нь нэмээд батлаад байдаг. Бодит байдал дээр анх танилцуулж байсан шигээ үр дүнд хүрдэггүй. Тийм шинжилгээ хийж байж тухайн иргэдэд үзүүлж буй үйлчилгээ үнэхээр 10 хүн хийх ёстой юу, 20 хүн хийх ёстой юу гэдгийг тооцохгүй байгаа учраас ийм үрэлгэн зардал гараад байгаа юм. Маш олон төсвийн байгууллага дээр ийм үрэлгэн зардал их байна. Үүнийг зүгээр нэг удаагийн үзэмжээр, 5, 10 хувиар танах бус анхан шатны байгууллага дээр үнэлгээ хийж байж тухайн эрүүл мэнд, боловсролын байгууллага үндсэн үүрэг рүүгээ чиглэж байна уу гэдгийг бид судалж байх ёстой. Магадгүй зарим байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байна уу гэдэг дээр хүртэл асуудал байгаа. Үндсэн чиг үүрэг дээр дүн шинжилгээ хийж байж илүү зардал хаана байгааг нь харах ёстой. Жишээ нь,г цагдаагийн байгуулага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ёстой байтал баярын хамгаалалт, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгээд байж болохгүй шүү дээ. Хоёрт орчин үеийн мэдээллийн технологи асар хурдтай хөгжиж байна. Үүн дээр бид сүүлийн 10 гаруй жил улсын төсвөөр хэчнээн компьютер, принтер худалдан авав. Энэ бүгд ажил хөнгөвчилж байгаа. Гэтэл энэ хэмжээгээр орон тоо огт хэмнэгдээгүэй. Харин цаас улам их нэмэгдсэн. Яагаад гэвэл, байгууллагын чиг үүргийг буруу хуваарилж, маш олон тайлан гаргадаг болсон. Хоёрт, хөрөнгө оруулалт хийгээд технологийн дэвшил гарчихаад байхад сул орон тоо нь байсаар л байна. Энэ мэтчилэн хэмнэлт хийх ёстой маш олон газар байх ёстой ч хэмнэлт хийж чадахгүйгээс болоод 50 хүнтэй байх ёстой байгууллага өнөөдөр 100 хүнтэй болсон мөртлөө ажлын үр ашиг нь нэмэгдээгүй. Дээр нь үр ашгийг нь сайжруулахаар тухайн байгуулалгад асар их хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тиймээс бид дахиад үнэлэх ёстой.

Өнгөрсөн 10 жилд нэг байгууллагад ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бол үр ашиг нь сайжирсан уу. Ийм байдлаар байгууллага бүрт үр ашгийн үнэлгээ хийж байж ирэх жил орох хөрөнгө оруулалтын хэмжээг хийх ёстой. Ялангуяа, төрийн захиргааны байгууллага дээр энэ бол маш эргэлзээтэй. Ийм үнэлгээ хийгдэхгүй байгаа учраас л хэмнэлтээ хаанаас хийхээ олж харж чадахгүй байгаа. Үнэлгээгээ хийвэл маш олон байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх ёстой. 10 хувийн хэмнэлт бус магадгүй огт хэрэггүй байгууллага байгаа шүү дээ. Хувийн хэвшилд шууд шилжүүлж болох үйлчилгээнүүд байгаа байхгүй юу.

-2026 оны төсвийг есдүгээр сарын 1-нд өргөн барих ёстой. Энэ хугацаанд танхимаар хоёр удаагийн хэлэлцүүлэг хийнэ. Магадгүй таны хэлж байснаар аянга ниргэсэн юм шиг нэг, хоёр өдрийн дотор яаралтай горимоор асуудлыг хэлэлцэж тодотгол оруулдаг алдаа дутагдал гарах вий гэх болгоомжлол байна?

- Энэ талаар би удаа дараалан сануулж байгаа. Төсвийг яаралтай горимоор хэзээ ч хэлэлцэж, өргөн барьж болохгүй. Бусад улсад огт ийм жишиг байхгүй. Манай улсад маш гажиг жишиг "тогтлоо". . Хоёрт, Монгол Улс чинь 2015 онд баталсан Монгол Улсын хууль тогтоомжийн хуультай. Энэ хуулиар бүх хууль тогтоомж судалгаа тооцоо нь хийгдэж өртөг зардал бүх тооцоо нь хийгдэж өргөн баригдах ёстой. Хууль тогтоомжийн тухай хуулиар төсөв, төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэлд хамаарахгүй гээд хассан. Төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотгол бүгдээрээ хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу өргөн баригдах ёстой. Үүнд цаг хугацааны хувьд нээх тийм хүндрэл учрахгүй. Сангийн яам төсвөө боловсруулахтай зэрэгцэн хөндлөнгийн судлаачдын баг гарч боловсруулж буй төсвийг үзэж шаардлагатай өртөг зардлын дүн шинжилгээг зэрэг хийх ёстой. Ингээд ЗГ төсвөө хэлэлцэж хамтдаа өргөн барих боломжтой. Төсөв бол ганц Сангийн яамны хийх ажил биш. Харамсалтай нь, Сангийн яам нь ингэж бодоод "цаг хугацааны хувьд амжихгүй байна" гэсэн тайлбартай хачин юм хийсэн байхгүй юу. Одоо бол бүх хуулиа цаашид яаралтай горим гэж байхгүй, төсвийн тухай хуулиа хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу яаралгүй судалгаа тооцоог нь хийж, таван жилийн төлөвлөгөөг нь ийцүүлж шаардагдах төсөв хөрөнгийн тооцоог нь хийгээд хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу өргөн барина. Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсны дагуу төсөв дөрвөн үе шаттай боллоо. Эхний шатанд гишүүдэд танилцах боломж гаргаж өгч байгаа нт маш чухал. Мөн олон нийтийн хэлэлцүүлэг маш чухал. Гэхдээ ёс төдий байдлаар бус ямар санал гаргав, аваагүй бол яагаад гэдгийг Засгийн газар, Сангийн яам маш сайн тайлбар хийх ёстой. Олон нийтийн зүгээс соёлын төв амин чухал гэж хэлэхгүй байгаа шүү дээ. Гэтэл яам, Засгийн газар нь соёлын төв чухал гэж тайлбарлаад байгаа. Энэ зөрүүтэй байдлаа Их хурал дээр тайлбарлах ёстой. Тэгэхээр төсвийн эхний шатны хэлэлцүүлэг маш чухал болно гэж үзэж байна.

- Төсвийн тухай хуульд заасны дагуу 2026 оны төсөвт иргэдийн саналыг авч эхлээд байна. Мэдээж улсын төсөв хүслийн жагсаалт биш шүү дээ?

-Төсвийн тухай хуульд өмнө нь бидний баталсан шаардлагын дагуу 6 зүйлд Төсвийн ил тод байдлыг хангах заалт байж байгаа байхгүй юу. Төсвийг өргөн барихад, хэлэлцүүлэхэд гүйцэтгэлийн шатанд олон нийтийн хяналт тавих бололцоог олгох ёстой. Ерөнхий заалт учраас Сангийн яам төсөв өргөн барихдаа төсвийн ил тод байдлыг хангасан, шаардлага хангасан гэсэн ганц өгүүлбэрээр бичдэг. Гэтэл ганц өгүүлбэр биш шүү дээ. Хэлэлцүүлэг хийх, олон нийтийг оролцуулах нь маш удаан үргэлжилсэн төвөгтэй процесс. Магадгүй олон нийтийн санал дээр нэлээн төвөгтэй Засгийн газрын төсөвт тусгагдаагүй санал орж ирсэн бол авах уу, үгүй юу гэх асуудал гарч ирнэ. Тэгвэл шинээр төсөвт тусгагдах саналыг яаж үнэлэх вэ гэдэг аргачлал нь чухал. Иргэний гаргасан шинэ барилга байгууламж барих санал нь нийгэм, эдийн засгийн ямар үр өгөөжтэй вэ гэдгийг тооцож байж тусгагдах ёстой. Үүнийг үнэлэх аргачлал нь хэрэгтэй байна.

Аргачлалаа Засгийн газар шинээр батлан гаргах хэрэгтэй. Үгүй бол төсөвт иргэдийн саналыг аваагүй ч юм шиг олон нийт бухимдаад өнгөрдөг.

Яагаад аваагүй вэ? гэсэн хариулт өгөхийн тулд эдийн засгийн үр ашиг, нийгмийн үр ашиг, урт хугацааны үр ашгийг тооцох аргачлал хэрэгтэй. Энэ аргачлал байхгүй нөхцөлд Засгийн газар болон иргэдийн хувьд үл ойлголцол бий болно. Хэрэв амжвал Их хурал төсөв хэлэлцэж эхлэхээс өмнө үнэлэх аргачлалаа гаргаад иргэдийн саналыг яаж үнэлсэн бэ гэх тайлбарыг Их хуралд өгөх хэрэгтэй. Үгүй бол иргэд мэдээж гомдолтой үлдэнэ.

- Хэзээнээс л улсын төсөв жил бүр данхайж ирсэн бичигдээгүй хуультай боллоо. Төсөв мөнгөний бодлоготой уялддаггүй, Монголбанк Засгийн газрын кассын машин боллоо гэх шүүмжлэл ч дагасаар байна. Удахгүй Ирэх оны төсвийг Засгийн газраас өргөн барихтай зэрэгцээд төрөөс мөнгөний бодлогыг баримтлах үндсэн 2026 оны үндсэн чиг үүргийг мөн Их хуралд өргөн барина?

- Манай улсын хувьд Төв банк Мөнгөний бодлогын бичиг баримт гаргаж Их хурал баталдаг онцлогтой. Бусад улс орнуудын хувьд Төв банк нь паоламентаас хараат бус тул ийм бичиг барагтай л баталдаггүй. Харин манай улсын хувьд Монголбанк бие даасан ч юм шиг, үгүй ч юм шиг болоод байна шүү дээ. Бие даасан гэх мөртлөө зорилтыг нь Их хурал баталдаг. Мөнгөний нийлүүлэлтийг нэм, хас гэж УИХ-аас чиг үүрэг өгөх гээд байна. Гэтэл Монголбанк хараат бус шүү дээ. Хоёрт, Мөнгөний бодлогод нөлөөлөх шийдвэрийг Их хурал өөрөө мөнгөний бодлогоор бус өөр бодлогоор нөлөөлж байгаа. Төсвөө тэлэх үү, үгүй юу гэдэг нь өөрөө төлбөрийн тэнцэлд нөлөөлөөд байна шүү дээ. Үүнийг УИХ маш сайн бодох ёстой.Мөнгөний бодлогод төлбөрийн тэнцэл алдагдалгүй байна гэж хэлэх нэг өөр. Тэнцлийг алдагдалтай болгохуйц шийдвэрийг УИХ өөрөө баталж байгаа.

Нэгэнт гадаад худалдаа ашигтай, төлбөрийн тэнцэл ашигтай, инфляцыг өдөөхгүй гэж баталж буй нөхцөлд төсвийн зарлага хэт тэлэхгүй байх ёстой. Импортыг хэт өдөөхгүй байх хэрэгтэй.

Энэ агуулгаар уялдуулахаар бол эдийн засгийн байнгын хороо, төсвийн байнгын хороо энэ талаар анхаарч батлах ёстой. Түүнээс биш Төв банк буруу бодож батлаагүй. Импорт өсч, буурахыг Монголбанк шийдэхгүй. Хэрэв_ Улаанбаатар 2040, Хархорин, Хүннү хотыг зэрэг барихаар бол импорт өдөөгдөнө. Харин ач холбогдлоор нь чухлыг нь эрэмбэлбэл импорт өдөөгдөхгүй. Ийм асуудлаар хөгжлийн төлөвлөгөөнд баталж буй төслүүд маш чухал. Тэгэхээр төсвийн бодлого мөнгөний бодлогын уялдаа хангагдана.

- Ойрын хоёр жил эдийн засгийн томоохон сорилтуудтай нүүр тулахыг эдийн засагчид сануулсаар байгаа. Худалдааны дайн, геополитикийн нөхцөл байдлаас гадна бидэнд гадаад нөхцөл байдал дээр ямар том эрсдлүүд байна?

- Засгийн газраас өргөн барьдаг танилцуулгад олон улсын нөхцөл байдлыг байнга дурддаг. Гол асуудал нь олон улсад биш. Бидэнд байгаа юм. Магадгүй олон улсын түвшний хүчин зүйл 20-30 хувь нөлөөлж байгаа бол 60-70 хувь нь урд хөрш болон биднээс хамаарч байна. Тэгэхээр гадаад худалдааны хууль маш чухал. Хэрэв Хятад улсын Өвөрмонголын Бугатын төмөрлөгийн үйлдвэрийн коксжих нүүрсний эрэлт өсөхгүй тохиолдолд манай улсын эдийн засаг өсөхгүй. Бид энд нүүрсний экспортоо 80, 90 сая тоннд хүргэнэ гэж мөрөөдлөө ч Хятадын нэг муж, нэг үйлдвэрээс л хамааралтай байна.

Бугатын үйлдвэрийн коксжих нүүрсний эрэлт өсөх үү гэдэг нь Хятадын ЗГ-ын ганц үгээр л шийдэгдэнэ. Импортоор коксжих нүүрс авахгүй дотоодоосоо хангана гэхэд тэгээдл бидний бүх мөрөөдөл алга болно.

. Хятад, Өвөрмонголын эдийн засгийг маш анхааралтай судалж ялангуяа нүүрсний биет хэмжээний өсөлтөөр бид хол явахгүй гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Цаашид үндсэндээ бид 60-70 сая тонн нүүрс дээр бид орлогоо дунд хугацаандаа яаж бууруулахгүй байх вэ гэдэг нь маш чухал. Дунд хугацаандаа экспорт 60-70 сая тонны хэмжээнд тогтвортой байх юм байн, энэ хэмжээнд таарсан орлогоо бууруулахгүй байх нь чухал. Үүнд гадаад худалдааны ухаалаг бодлого маш чухал. Хамгийн том том эрсдэл нь нүүрсний биет хэмжээг өсгөж орлогоо нэмэх. Хоёрт, шатахуунтай холбогдсон эрсдэл.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл ӨНӨӨДРӨӨС эхэлж байна
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл ӨНӨӨДРӨӨС эхэлж байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.