Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭДЭВ: Хөдөөгийн наадам хөсөр гээгдэх учиргүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 4 секунд

Алсраад л байна сумын наадам, амны билгээ бодож л сайхан наадлаа гэх. Наадам наадмын дундаас манай наадам сайхан гэж сум сумын наадамчид сайрхалддаг сайхан цаг саяхансан. Наадмын дэнж хөлтэй, наадамчдын сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан нааддаг байлаа, сумандаа.

Харин одоо сумын наадмын дэнж жилээс жилд “шингэрээд л”. Эл хульхан наадмын талбай сэтгэлийн мухарт хөндүүрлэх ч өргөн дэлгэр наадлаа л гэх, нутгийн хэдэн хөгшчүүд. Сумын захад барьсан давжаахан асраа тойроод нутгийн хэдэн залуус бөх барилдаж, соёлын төвийн хөгжимчин найруулсан сургуулийн хүүхдүүдийн концерт тоглогдож, наадам болж байгаа юм даа гэж ээж нар гэрээс гарч асар нэг тойроод харих.

Сумын наадам сайхан гэж ам уралдан ярьдаг ч зориод очих наадамчид начир дээрээ олон гэж боддог уу. Үгүй. Тэнд нутгийн хэдэн хөгшид, хүүхэд нялхас, гэрийн эзэгтэй нар, барилдах зорилготой үлдсэн цөөн хэдэн харчуул л нааддаг юм үнэндээ. Үзэж харах юм ихтэй гэж залуус ихэвчлэн аймаг, хот бараадна. Мөнөөх шүлгэнд мөнхөрсөн “Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд

Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж

Зуузай харшуулсан гурван сумын морьд

Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулдаг” сумын наадам одоо дурсамжинд л үлдсэн. Наадам наадмын дундаас сумын наадам уг нь монгол дархлааны төв цэг. Харамсалтай нь жилээс жилд бидний төсөөлдөг сумын наадам алсраад л. Амны билгээ бодож сайхан наадлаа л гэх, сумынхан.

Өдөр бүр асуудал ярьж, бүтэхгүй байгаагаа шүүмжилж хэвшсэн монголчуудын хувьд улсын баяр наадам бол жилдээ ганц монгол дархлаагаа сэргээх вакцин. Монголчууд бүгдээрээ нэгэн зэрэг монгол хүн гэдгээрээ бахархдаг жилийн ганц цаг мөч уг нь.

Монгол наадам элитэд төвлөрсөн эвент биш

Монгол наадам үнэхээр үндэсний соёлын баяр хэвээрээ юу? Эсвэл элитэд төвлөрсөн эвент болсон уу? Энэ асуултад хариулт эрэх цаг болжээ.

Монголчуудыг Монголоор нь дархлаажуулах учиртай наадмын нээлт жилээс жилд шоулаг чанартай болоод л. Төв цэнгэлдэхэд төвлөрсөн, харж баясахад л зориулагдсан “шоу” шиг харагдааад л. Цэнгэлдэхийн суудал голдуу элитүүдэд олдоод л. Эгэл борчуудын наадам хуушуурын асраар хязгаарлагдаад л. Начир дээрээ наадмын өнгө нэг ийм.

Үндэсний их баяр наадам нийслэл Улаанбаатараас гадна Монгол Улсын 21 аймаг, 330 суманд болдог. Гэвч Төв цэнгэлдэхийн наадам л наадам юм шиг хандах. Төв цэнгэлдэхэд үзүүлж байгаа тоглолт л Монголын урлагийг төлөөлж, төв цэнгэлдэхэд болж байгаа л бол Монголын өвийг төлөөлж, төв цэнгэлдэхэд болж байгаа бүхэнд л телевиз, радио шавна. Харин сумын наадам тарчиг төсөвтэй, хэвлэл мэдээлэлгүй, уламжлалт үүргээ биелүүлсэн төдий арга хэмжээ болон хувирсаар. Үр дүнд нь наадамчидгүй наадам.

Начир дээрээ наадмыг жинхэнэ утгаар нь хадгалж яваа хүмүүс бол мөнөөх сумын захад жижигхэн асараа тойроод бэсрэгхэн наадаж суугаа хөх өвгөд, хөдөөгийн малчид юм. Гэвч тэдний дүр зураг камерын дуранд өртдөг билүү.

Наадам бол нэг өдөр “зурагтаар үздэг шоу” биш. Харин биеэр оролцож, нүдээр үзэж, гараар мэдрэх соёлын амьд үйл явц.

Тиймээс төрөөс наадмыг зөвхөн нийслэлд “их наадам” болгон төвлөрүүлж зохион байгуулахаас илүүтэй орон нутгийн наадмуудыг бодлогоор дэмжиж, монгол орны өнцөг булан бүрт суугаа монгол хүнийг Монголоор дархлаажуулах учиртай. Эс тэгвэл наадам “ард түмний баяр” биш элитэд төвлөрсөн эвент болон хувирсаар байх болно.

Эцэст нь… Монгол наадам өнөөдөр хоёр туйлын дунд зогсож байна. Нэг нь нүүдэлчдийн язгууртай соёлын дархлаа. Нөгөө нь хотын соёлын хэт төвлөрсөн сүржин үзүүлбэр. Наадам бол зөвхөн “үзэх” баяр биш, “орших” соёл билээ. Хөдөөгийн наадам хэзээ ч хөсөр гээгдэх учиргүй сэн...

Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно
Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.