Үндэсний Аудитын газраас 2024 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтээ танилцуулсан. Бид өмнө нь төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарын мөнгөн хөрөнгөөс илэрсэн зөрчлүүдийг танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаад орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын мөнгөн хөрөнгөд илэрсэн зөрчлүүдээс онцлон хүргэж байна.
Мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 2,788.3 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 1,354.2 тэрбум төгрөгөөр буюу 1.9 дахин өссөн байна. Орон нутгийн ТЕЗ-ийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн 2,072.6 тэрбум төгрөг буюу 74.3 хувийг төрийн сангийн, 587.5 тэрбум төгрөг буюу 21.1 хувийг орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газрын, 112.9 тэрбум төгрөг буюу 4.1 хувийг төсөвт байгууллагын, 15.3 тэрбум төгрөг буюу 0.5 хувийг төсөл сангийн мөнгөн хөрөнгө эзэлж байна.
Аудитын илрүүлэлт:
• Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй Үндэсний хөрөнгө оруулалтын банканд 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө байршуулсан /Нийслэл/;
• Батлагдсан төсвийг зориулалт бусаар, үр ашиггүй зарцуулсан 6.6 тэрбум төгрөг; /Дорнод 1.0 тэрбум төгрөг, Нийслэл 3.2 тэрбум төгрөг, бусад ТЕЗ 2.4 тэрбум төгрөг/
• Анхан шатны баримтгүй болон бүрдэл дутуу, хүчин төгөлдөр бус баримтаар 4.5 тэрбум төгрөгийн ажил гүйлгээг хүлээн зөвшөөрч бүртгэсэн; /Нийслэл 1.9 тэрбум төгрөг, Булган 0.6 тэрбум төгрөг, Төв 0.6 тэрбум төгрөг, бусад ТЕЗ 1.4 тэрбум төгрөг/
• Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон байгуулсан гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй, гэрээ байгуулаагүй зардал гаргасан 37.9 тэрбум төгрөг; /Өмнөговь 28.4 тэрбум төгрөг, Нийслэл 7.6 тэрбум төгрөг, бусад ТЕЗ 1.9 тэрбум төгрөг/
• Орон нутгийн төсөвт төвлөрүүлбэл зохих 0.8 тэрбум төгрөгийн түрээсийн орлого, мөнгөн хөрөнгийн зарцуулаагүй үлдэгдлийг тухайн шатны төсөвт буцаан төвлөрүүлээгүй; /Орхон 0.3 тэрбум төгрөг, Нийслэл 0.4 тэрбум төгрөг, бусад ТЕЗ 0.1 тэрбум төгрөг/
• Санхүүгийн тайланд 0.6 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг зөрүүтэй тайлагнасан, зардлын эдийн засгийн ангилал хооронд гүйлгэн зарцуулсан; /Төв 0.2 тэрбум төгрөг, Нийслэл 0.3 тэрбум төгрөг, бусад ТЕЗ 0.1 тэрбум төгрөг/
• Ажилчдын цалин, урамшуулал нэмэгдлийг зөрүүтэй тооцож олгосон 0.6 тэрбум төгрөг; /Нийслэл 0.4 тэрбум төгрөг, Өвөрхангай 0.1 тэрбум төгрөг, бусад ТЕЗ 0.1 тэрбум төгрөг/-ийн зөрчлүүд тус тус илэрсэн байна.
