Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатарын хийх НАЙМАН НҮҮДЭЛ...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 13 секунд
UBN.MN

МАН-ынхан удтал хүлээгдсэн дараагийн Ерөнхий сайдаа тодрууллаа. Өнгөрсөн 5-р сарын 23-нд бичиж байсанчлан Г.Занданшатар гэдэг нэр дээр Бага хурлын 67 хувь нь зогслоо. Одоо УИХ-аар оруулж Ерөнхий сайдаа батлуулаад, гүйцэтгэх засгийн шинэ тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд танхимаа бүрдүүлнэ.

Үүнээс урьтаж 34 дэх Ерөнхий сайдаар томилогдох гэж буй Г.Занданшатарыг ямар улс төр хүлээж буй талаар зарим зүйлсийг тодруулъя.

НЭГ, Г.Занданшатарыг эдийн засаг, улс төрийн ХҮНД ЗАМ хүлээж байна

Г.Занданшатарыг эдийн засаг, улс төрийн үнэхээр хүнд сорилт хүлээж байна. Мэдээж хамгийн том нь эдийн засгийн шок. Төсвийн зарлагаа хэт тэлж батлуулсан Б.Жавхлангийн төсвийн хууль фэйлдэх нь ойлгомжтой болсон. Гадна талд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, дайны нөхцөл байдал, урд хөршийн үл хөдлөхийн хямрал гээд тасралтгүй үргэлжлэх цохилтуудыг тооцож чадаагүй оруулж ирсэн төсөв нь өнөөдөр нэг их наяд давсан дүнгээр тасарч буй. Зарлага нь тэлчихсэн төсөв, том төслүүдийг дагасан зарлага давж, төлбөрийн тэнцэл хангалттай “алцайв”. Нэмээд ам.долларын ханш тогтмол өсөж, намар 4000 төгрөг давах аюул нүүрлэж байна. Энэ бүгдийг цэгцлэх эдийн засгийн бодлого явуулахгүй бол инфляц оны төгсгөл гэхэд 15 хувьд хүрэх ч эрсдэлтэйг эдийн засагчид онцолж байна.

Тиймээс нэн түрүүнд сайдуудынхаа тоог цөөлж, хяналтын гэх нэршилтэй менежерүүдийг цомхтгох. Улмаар төсвийн тодотголыг наадмын өмнө эсвэл дараа нь оруулж ирэх даалгавар түүнийг хүлээж буй.

Үүнээс гадна парламент доторх болон нам доторх улс төр нь түүнийг багагүй зовооно. Намаа Ерөнхийлөгчийн тусламжтайгаар зохицуулаад, өөрийнхөө хүчээр эвлүүлчих байх. Энэ ч өнцгийг харж Г.Занданшатарт МАН-ын Бага хурал итгэл үүрүүлсэн биз. Харин парламент доторх улс төр түүнийг багагүй зовооно. Үнэхээр найдах ганц хөзөр нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн дэмжлэг. Парламентын улс төр ирэх намраас эхлээд халуухан болох нь гарцаагүй. Засгаас жийгдсэн АН болон МАН доторх гомдогсдын арми дор бүрнээ араа шүд тэргүүтэй хурцалж болох бүхнээ билүүдэж суугаа нь гарцаагүй.

ХОЁР, Удахыг хүсвэл АН-ыг оруулах ёстой ч энэ удаад АН өнжинө

Энэ бүх хүнд хэцүүг даван туулахад Г.Занданшатар ЗГ-аа хэрхэн байгуулж, хэнийг сайдаар авах, хэнийг үлдээх вэ гэдэг шатрынх нь нүүдлээс бүх зүйл хамаарна. Сул нүүвэл ирэх хавар гэхэд л АН-ынханд мад тавиулна. Хүчтэй кабинет бүрдүүлж чадвал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсэж үлдэнэ.

Мэдээж хамгийн эхний асуулт бол АН-ыг засагт оруулах уу. АН доторх сая сайд болоогүй нөхдүүд ЗГ-т орчих хүсэл нь оргилж буй. Эрх бүхий бүлгийн шийдвэр нь гараад “Орохгүй” гээд хэлчихсэн болохоор ичсэн нүүрэндээ Г.Занданшатарын саналаас татгалзах байх.

Эх сурвалжийн хэлж буйгаар АН-ыг засгаас гаргасан Бага хурлынхаа шийдвэрийг дагах тухайгаа Г.Занданшатар өчигдөр хуралдсан Бага хурлынхаа үеэр хэлсэн байна лээ. Тиймээс АН-ынхан бүтэн нойртой хонох нь зүйтэй.

ГУРАВ, ХҮН нам засаг дахь ранкаараа хоёрт орж, сайдын суудлаа нэмүүлэх гэж ярина

АН ингээд засагт орохгүй хэвээрээ үлдвэл МАН-ын хамгийн том түшиг нь ХҮН нам болж таарна. Тэд Засгийн газарт байгаа парламентад суудалтай гишүүдийнхээ тоогоор МАН-ын араас хоёрт бичигдэх болно. Өөрөөр хэлбэл, Т.Доржханд тэргүүтэй ХҮН намынхан одоо барьцаа лавшруулахыг хүсэх нь ойлгомжтой. Хэрвээ МАН үгүй гээд гэдийвэл ХҮН нам болон АН-ынхан нийлээд жинхэнэ утгаар нь парламент дээр асуудал үүсгэнэ.

Тиймээс Т.Доржханд нэг бол Шадар сайдынхаа суудлыг нэг шат дээшлүүлэх. Эсвэл одоо байгаа хоёр сайдын квот дээрээ нэгийг нэмж өгөхийг хүснэ. Үгүй гэвэл МАН өөрсдөө л хүнд байдалд орох аюултай. Энэ бол байх ёстой улс төр.

ДӨРӨВ, "Үндэсний эвсэл"-д багадаа хоёр сайд өгч засагтаа урих уу

Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өчигдөр ЗГ-т орох эсэх талаараа ихээхэн эргэлзээтэй байр суурь илэрхийлсэн. Түүний байр суурийг сонссон МАН-ынхан бол заавал өөртөө татах ёстой гэдгээ ойлгосон байх. Тиймээс Шадар сайдууд дундаасаа нэлээд жинтэй нэг суудлыг нь Н.Номтойбаярт өгөх. Ингээд ч зогсохгүй дахиад нэг сайд өгөхийг ч үгүйсгэхгүй. Чухам энэ яриа хэлэлцэл ямар түвшинд өрнөхийг шинээр томилогдох Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн түвшинд л яригдах байх. АН-ынхан засагт орохгүй гэдгээрээ гэдийвэл “Үндэсний эвсэл”-д тал засах шаардлага заавал үүснэ.

ТАВ, Амархан уная гэвэл гаднаас сайд томилно

Өчигдөр яригдаж, бас өөрсдийгөө бичүүлсэн өөр нэг том сэдэв бол “Гаднаас Ерөнхий сайд томилсон юм чинь гаднаас зарим сайдаа тавъя” гэдэг яриа. Мэдээж хоосон хоцорсон маш олон “ходоод” МАН дотор ажиллаж байгаа. Бүр насаараа дарга, сайдын суудал хэсчихсэн зарим нөхдүүд Г.Занданшатарыг тултал нь зовооно.

Гэхдээ сая Бага хурлын үйл явцыг харахад, Г.Занданшатарын талд УИХ дахь гишүүд нь их нягтралтай дэмжих шиг боллоо. Өөрөөр хэлбэл, өчигдөр хийгдсэн тохирооны гол хөзөр нь бүх сайдуудаа “давхар дээл”-тэй байлгах тухай яриа юм. Тиймээс ЗГ-ынхаа насжилтыг богиносгохыг хүсээгүй л бол гаднаас сайд тавьж болохгүй. Энэ бол удаан тогтож үлдэх гол дүрэм юм.

ЗУРГАА, ИЗНН-ыг засагт оруулж Б.Батбаатарт нэг сайд өгнө

ИЗНН-ыг асуухгүйгээр засагт урих байх. Нөгөө хэд нь ч гуйлгаж цаг алдахгүй хадаг яндрыг нь үтэр түргэн хүлээж авах биз. ИЗНН-ын дөрвөн суудал ингээд ЗГ-ын төлөө зүтгэх үүрэг хүлээнэ. Харин үүнийхээ хариуд нэг сайдын суудал авах болов уу даа. Одоо байгаа гишүүдийг нь харахад, намын дарга Б.Батбаатараас өөр сайдад тавигдах кандидат үнэндээ үзээд өгье гэсэн ч алга. Тиймээс нэг бол ач холбогдол багатай Шадар сайд эсвэл бодлогын биш нэг яам өгөх байх. Өөрсдөө бол ногоон хөгжил ярьдаг гэдэг утгаараа БОУАӨЯ-ыг авна гэж хөөцөлдөх байх. Ямар ч байсан тэд хоосон үлдэхгүй.

ДОЛОО, УИХ-аар батлуулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг яах вэ

Сүүлийн зүйл нь улс төрийн гэхээс илүүтэй бодлогын нэг асуудал юм. Өнгөрсөн жил Л.Оюун-Эрдэнийн байгуулсан ЗГ-ын “Хурдтай хөгжлийн зориг” гэх нэртэй дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг нь УИХ батлаад өгчихсөн. Гүйцэтгэх засаглал солигдож болно. Бодлого үргэлжилээд явах учиртай. Харин энэ удаад хамтарч байсан намуудаас АН гарах талдаа гарчихлаа. Энэ “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэх ЗГ-ын мөрийн хөтөлбөрт АН-ын өнгөрсөн УИХ-ын сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөрийн багагүй хэсэг тусчихсан байгаа. Одоо АН байхгүй болчихоор энэ мөрийн хөтөлбөрийг яах вэ. Дээр нь нэмээд ИЗНН, “Үндэсний эвсэл” засагт ороод ирвэл шинээр орж ирсэн намуудын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс ЗГ-ынхаа дөрвөн жилийн зорилтод оруулах шаардлага үүснэ.

Тиймээс тодотгол, цомхтгол тэргүүтэй бодлогын бичиг баримтаасаа урьтаж ЗГ-ын мөрийн хөтөлбөрөө яаж эвтэйхэн шийдэж, хэрхэн засварлах вэ гэдэг даалгавар шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарт оноогдож байна.

НАЙМ, Намын даргаа өгнө гэсэн Л.Оюун-Эрдэнээс намын тамгаа авах сүүлийн нүүдэл

Шинэ Ерөнхий сайдаар томилогдох Г.Занданшатарт тулгарах хамгийн сүүлийн даалгавар бол намын даргын тамгаа авах явдал юм. Намын дарга нь Ерөнхий сайд байх талаар МАН-ынхан дүрмэндээ тодорхой тусгасан. Намын дарга Ерөнхий сайд хоёр тусдаа байхын зовлонг тэд амсчихсан. Тиймээс Г.Занданшатар ч, Ардын намынхан ч энэ алдааг давтаж дотоод зөрчлийг улам бүр нэмэхгүй байх.

Өчигдөр хуралдсан Бага хурлын үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа албан тушаалаа өгнө гэдгээ мэдэгдсэн байсан. Ер нь энэ хүртэл явсан түүнд сандал ширээтэйгээ зууралдах хүсэл сонирхол бага л байгаа байх. Тиймээс шинэ Ерөнхий сайд УИХ-аар томилогдож, өөрөө танхимаа бүрдүүлчихээд, дараа нь намын тамгаа авахыг зорих нь ойлгомжтой. Харин намар байх уу. Ойрын үед авна гэж оролдох уу гэдгийг хэлж мэдэхгүй юм.

Г.Лхагвадорж

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн салбарт боллоо
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.