Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.6 жилийн ял оноосон юм.
Улмаар улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн тавдугаар сарын 2-нд П.Батчулууны өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцэхээр болсон байдаг.
Ингэхдээ шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой эсэхийг өнөөдөр хэлэлцэж буй юм.
Сануулахад, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 326 дугаар магадлалтайгаар шүүгдэгч П.Батчулуунд холбогдох 6 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн прокуророос гаргасан саналын дагуу яг одоо хаалттай хэлэлцэж байна.