Байгалийн усанд 90 орчим химийн элемент байгааг илрүүлжээ. Эрдэс ихтэй усыг ууж дасаагүй хүн хэрэглэхэд ам цангах, биеийн хүчил шүлтийн тэнцвэр өөрчлөгдөх, зүрхний ажиллагаа сулрах, ходоод гэдэсний архаг зарим өвчин хурцдах шинж тэмдэг илэрдэг. Ундны усны эрдсийн хэмжээ нэмэгдэхэд хүний биеийн ус давсны тэнцвэр алдагдаж, өвчин үүсэх нөхцөл бүрдэнэ.
Эрдэс хэт буюу 100мг/л-ээс бага эрдэстэй бороо, цас, өндөр уулын бүсийн зарим голын ус, нэрсэн ус нь хүний биед сөрөг нөлөө үзүүлж, хүн амын дунд жин буурч хатингарших, бамбай булчирхай томрох, зүрх судасны өвчнөөр өвчлөх, кальци дутагдаж яс хэврэгших, тархины судас нарийсах, булчин сулрах шалтгаан болдог байна. Ундны уснаас хүн зарим бичил элементийн хоногийн хэрэгцээний фторын 60, зэсийн 28, цайрын 14, манганийн 4, иодын 2.5-4, анзаны 0.2 хувийг авдаг.
Байгалийн усан дахь бичил элементийн илүүдэл, дутагдлаас болж хүн амын дунд шүд юүрэх, хорхойтох өвчлөл үүсдэг. Фтор дутагдахад шүд цоорох, яс сийрэгжих, ясны хэвийн өсөлт саарах, ясны бат бэх чанар алдагдах шинж илэрдэг. Ундны усны стандартад фторын зохимжтой хэмжээг 0.7-1.5 мг/л гэжээ.
Манай орны хувьд өндөр уулсын бүсийн томоохон хот, суурин газрын ус нь фторын агууламж багатай. Иймд кариес өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэдэд фторжуулсан бүтээгдэхүүн, шүдний эмчийн заавраар хүүхдэд F-той витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх, 6 сард нэг удаа шүдэндээ фтор түрхэхийг зөвлөж байна.